• Хүнсний аюулгүй байдал

    Б.Даваадалай: “Хүнсний хувьсгал”-ын хөнгөлөлттэй зээлийг ирэх сарын 1-нээс хэтрэхгүй олгож эхэлнэ

    Б.Дархан

    Ерөнхийлөгчийн тамгын газраас өнөөдөр /2023.03.21/ Гаалийн ерөнхий газрын хурлын танхимд зохион байгуулсан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын татварын орчин” уулзалт-хэлэлцүүлгийн  үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалайгаас  дараах тодруулгыг авлаа. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний  хөдөлгөөний хүрээнд хүнсний үйлдвэрлэлийн  салбарыг дэмжих  жилийн 5 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийг хэзээнээс олгох талаар тодрууллаа. 

    -“Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ын хүрээнд Ерөнхийлөгчийн тамгын газар болон Ажлын албанаас хувийн хэвшлийнхэнтэй уулзах олон арга хэмжээг зохион байгуулж байна. Хувийн хэвшлийнхэн ч сайн оролцож байна. Гэвч хувийн хэвшлийнхний хувьд  авсан мэдээллийнхээ дагуу банкууд дээр очоод хөнгөлөлттэй зээлийн талаар  асуухаар тодорхой зүйл хэлэхгүй байна гэдэг асуудлыг учирлаж байна. Хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилт хэзээнээс байх вэ? 
    Бид “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд онцгой анхаарч байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө үүнийг санаачилж, хийж хэрэгжүүлэхэд шат шатанд нь төр онцгой анхаарах ёстойг хэлсэн. Энд ямар нэгэн хүндрэл чирэгдэл, хүнд суртал, авлигын асуудал  гаргахыг хатуу хориглосон. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс маш сайн мэдээллээр хангаж, таван жилийн дотор заавал үр дүнд хүрэх ёстойг байнга сануулж, ярьж байгаа. Энэ бол таван жилээр хязгаарлагдахгүй цаашдаа Монгол Улс цөөнгүй нэр төрлийн хүнсний  бүтээгдэхүүнээр дотоодын  зах зээлээ  зуун хувь хангах том зорилтын эхлэлийг тавьж буй юм. Хоёрдугаарт, энэ нь хүнсний аюулгүй байдлын асуудал. Гуравдугаарт, цар тахал, геополитикийн асуудал зэргээс улбаатай цаг үе үүнийг шаардаж байна. 
    Энэ хүрээнд банкны салбарын эх үүсвэрийг ашиглаад нэг их наяд төгрөгийн зээлийг банкны салбараас гаргуулахаар тохиролцоонд хүрсэн. 
    -Ямар банкууд хүнсний хувьсгалын хөнгөлөлттэй зээлд “за” гэж хэлж байна вэ. Бүх арилжааны банкууд байгаа юу. Тохиролцоо хийх ажил одоогоор ямар түвшинд байна вэ? 
    Голлон саналаа өгч байгаа нь ХААН банк, Худалдаа хөгжлийн банк. Төрийн банк мөн оролцох болов уу. Жилийн 3-5 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай зээл олгох асуудлыг шийдэхээр явж байна.  Ерөнхий тохиролцоогоо хийсэн. Эхлээд хүмүүс зармыг ойлгох хэрэгтэй. Бид арилжааны банкны эх үүсвэрийг ашиглах гэж байгаа шүү дээ. Өнөөдөр арилжааны банкуудын бизнесийн зээлийн хүү хамгийн багадаа  жилийн 18 хувь байгаа. Бид  банкуудад ямар санал тавьж байна вэ гэхээр “зээлийн хүүгийн 13 хувийг нь төрөөс иргэн Дорж, Дулмаад төлж өгье. Харин банк эцсийн зээлээ хүнс үйлдвэрлэгчдэд таван  хувиар олгоочээ. Болж өгвөл гурван  хувь руу буулгавал бүр сайн байна. Та нарын эх үүсвэр ямар байна вэ” гэдэг саналыг тавьсан. Түүнээс биш, банкууд өөрсдөө таван хувийн хүүтэй зээл гаргахгүй шүү дээ, бизнесийн байгууллага учраас. Нэг жишээ хэлье. Банкны салбарт хамгийн эрсдэлгүй зээл ипотекийн зургаан хувийн зээл байгаа шүү дээ. Хамгийн эрсдэлгүй зээлээс бага хүүтэй зээл олгохоор ажиллаж байна. Тийм учраас энэ бол маш том дэмжлэг байх юм. 
    -Тийм шүү, энэ хэрэгжээд эхэлбэл яахын аргагүй маш том дэмжлэг гэдэгтэй санал нийлнэ. Гагцхүү хаврын тариалалт хаяанд ирсэн. Улирлын чанартай бизнесүүдийн идэвхжлийн үе учраас хурдан ажил хэрэг болгоосой гэдэг  бизнесийнхний их горьдлого, хүлээлт  байна. Та зээл олгож эхлэх хугацааг хэлэх боломжтой юу? 
    Зээл олгож эхлэх хугацаа бидний хүлээж байгаагаар ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэх болов уу. Урьдчилсан байдлаар шүү. Наашаа цаашаа хэд хоногийн зөрүү гарч магадгүй.  Одоогийн байдлаар ерөнхий тохиролцоонд хүрсэн гэдгээ түрүүн хэлсэн. Одоо дахин санхүүжилтийн нөхцөл ямар байх талаар ярилцаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэг компанид 100 төгрөгийн зээл олголоо гэхэд хэдэн төгрөгөөр нь өмнө нь авсан зээлээ санхүүжүүлж болох юм. Хэдийг нь шинэ төсөл зорилгодоо  хэрэглэх боломжтой байх вэ гэдэг асуудал. Зөв балансыг нь олох ёстой. Тэгэхгүй заавал нэг тал руугаа  туйлшрах албагүй. Өмнөх зээлээ төлөхгүй юм уу эсвэл тэр чиглэлийн зээл дээрээ хөнгөлөлт үзүүлэхгүй бол зарим компанид хэцүү. Банкуудад ч гэсэн төвөгтэй. Тийм учраас зээлийн шалгуур нь ямар байх.  Нэг зээлдэгчид хэчнээн төгрөгийн зээл олгох талаар эцэслэх бага зэрэг зүйл бий. Ер нь бол 70-80 хувьтай болчихсон яваа. Дээрх  нөхцөлүүд тодорхой болчихвол шалгуур үзүүлэлтийн тухай журам гарна. Энэ тал дээр төрийн зүгээс шахаж шаардаж ажиллаж байгаа. Том шийдвэрүүд гарсан. Одоо нарийвчилж тохирох багахан асуудал байгаа гэсэн үг.
    Засгийн газар банкуудтай гэрээ зурж байна. Гэрээг энэ долоо хоногт эцэслэх байх. Бид улирлын онцлогоо алдах ёсгүй. Дарөвдүгээр сарын 1-нээс хэтрүүлэхгүйгээр шийдвэрлэхээр ажиллаж байна. 
    Зургуудыг mass.mn
    -“Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хувьд 2023 онд эдийн засгийн талаасаа ямархуу зорилт, үр дүнд хүрнэ гэсэн төлөвлөгөө байна вэ? 
    Маш чухал асуулт. Бид сүүлд болсон баялаг бүтээгчдийн чуулган дээр ХХААХҮЯ-наас энэ талаар асууж байсан. Энэ онд  19 нэр төрлийн бүтээгдэхүүнээс өндөг тэргүүтэй тодорхой хэдэн бүтээгдэхүүн дээр нэлээд том ахиц гарч дотоодын хангамжийг дор хаяж 10-20 хувь нэмэгдүүлэхийг зорьж байна. 2022 онд хүнсний ногооны хангамж дээр нэлээд ахиц гарсан.  
    Мөн малын эрүүл мэндийн асуудал дээр онцгой анхаарна. Ялангуяа малыг эрүүлжүүлэх вакцинжуулалтын асуудалд онцгой анхаарна. Ямар ч гэсэн малаа бүрэн вакцинжуулахаар 2023 оны төсөвт 40 тэрбум төгрөг тавигдсан. Энэ бол өмнө нь тавигдаж байгаагүй мөнгө. Вакцины зэрэгцээ урьдчилсан угаалга, үзлэгийг сайн хийнэ. Энэ тал дээр мөн энэ онд мэдэгдэхүйц ахиц гаргах ёстой. Мэдээж ХХААХҮЯ-наас бодит үр дүн гаргахтай холбоотой илүү нарийн тоо гаргах байх. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс энэ онд бодитой ахиц гарсан байх ёстой гэдгийг сануулж байгаа.

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...