• Агробизнес

    Монголын хөдөө аж ахуйд япон чанар нэвтэрлээ

    И.Жаргал 
    Хөдөө аж ахуйн зориулалттай техникээрээ дэлхийн брэнд болж чадсан Япон улсын  “Күбота” корпорацын салбар Монголд 2019 онд байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж, хэдийнэ худалдаа, үйлчилгээ үзүүлж эхэлснээ 2023 оны дөрөвдүгээр сарын 8-нд албан ёсоор зарлалаа.
    Эл өдөр Монголын “Техник импорт” ХК, Японы “Нийгата Күбота” ХК-ийн хамтарсан хөрөнгө оруулалттай “Эм жэй агритех” ХХК Монголд күбота брэндийн хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжүүдийг худалдан борлуулах, засвар үйлчилгээ үзүүлэхээр Үзэсгэлэнгийн танхим, засварын төв байгуулсныгаа албан ёсоор нээлээ. 
    Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, ХХААХҮЯ, Япон дахь “Күбота” корпорацын захирлууд, Монголд суугаа Япон улсын Элчин сайд зэрэг албаны хүмүүс болон Японы хамтрагч корпораци, компаниудын удирдлагууд, Монголын харилцагч, үйлчлүүлэгчдийн төлөөлөл зэрэг олон зочин, төлөөлөгчтэйгээр өргөн хүрээнд хийсэн юм. 

    Нээлтийн арга хэмжээний үеэр “Техник импорт” компанийн захирал Д.Ганцэцэг “Бид күбато брэндийг Монголд оруулж ирж байна. Энэ брэндийн араас дэлхийн шилдэг технологи, тоног төхөөрөмж, ноу хау орж ирж Монголын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дэлхийн стандартад нийцэх алхмыг хийгээсэй. Тэгэхэд энд байгаа бүх хүн хүчин зүтгээсэй хэмээн хүсэж байна” гэв.  
    Нээлтийн арга хэмжээний үеэр зочдыг хоёр хуваан авч явж, үзэсгэлэнгийн танхим болон засварын төв, худалдан борлуулахаар зэхсэн техник, тоног төхөөрөмжүүдээ үзүүлж сонирхуулсан юм. 
    Үзэсгэлэнгийн танхим, засварын төвөө олон улсын стандартаар байгуулснаас гадна засвар үйлчилгээндээ байгальд ээлтэй байх үүднээс дахин боловсруулсан саарал ус ашиглах юм байна. 
    Японы улсын Осака хот дахь “Күбота” корпорацийн төв үйлдвэрт үйлдвэрлэсэн үр тариа, хадлан тэжээл, төмс, хүнсний ногооны зориулалттай шинэ тракторуудыг зах зээлд нийлүүлж байгаа аж. Эдгээр шинэ трактор нь 23 мориныхоос 135 морины хүчин чадалтай үр тарианы том техник хүртэл бий. Мөн Япон, БНСУ, ХБНГУ, Европт үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн төрөл бүрийн тоног төхөөрөмжүүдийг захиалгаар нийлүүлэхийн зэрэгцээ “күбота” тракторт угсрах, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх аж. 
    Түүнчлэн “күбота”-гийн Японд оношлогоонд орсон үнэлгээ сайн, ашигласан мото цаг багатай хуучин тракторуудыг ч мөн худалдан борлуулахаар байгаа юм. “Эм жэй агритех” компани худалдсан техник, тоног төхөрөөмжүүддээ баталгаат засвар,  үйлчилгээ, оригнал сэлбэг, тос, лизингэд хамрагдах боломжийг олгоно. Үндсэндээ Монголын хөдөө аж ахуйн техник  хэрэгслийн үйлчилгээнд япон чанарыг нэвтрүүлж байгаагаараа эднийх ихээхэн онцлогтой. “Нийгата Күбота” засварын төвд мэргэжил дээшлүүлсэн инженер, механикийн ажилчид Монголын харилцагчдын хүссэн газарт дуудлагаар очиж засварлах юм байна.  

    Тус компанийн нээлтийн үзэсгэлэн худалдаа дөрөвдүгээр сарын 9, 10-нд болсон бөгөөд худалдан авагчдынхаа дунд  худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч Японд аялах эрх, япон гар хадуур, бага оврын трактор сугалаанд бэлдсэн байна. Түүнчлэн бүтээгдэхүүнүүдэд нь нээлтийн өдөрлөгийн бусад  үнийн хямдрал, урамшуулал ч бий аж. 
    Мөн нэг сонирхолтой зүйл нь нээлтийн арга хэмжээндээ зориулж 1998 онд “KR-2” төслийн хүрээнд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монголд 200 ширхэг үр тарианы том оврын трактор өгснийг одоо хүртэл тариаланчид хэрэглэсээр байгааг үзүүлэхээр хөдөө орон нутгаас хоёрыг авчирж тавьсан байв. Зочдод үйл ажиллагаагаа тайлбарлаж, танилцуулсан “Эм жэй агритех” компанийн зөвлөх Кимихиро Ито “Энэ хоёр тракторыг бид нээлттэйгээ холбоотойгоор Сэлэнгэ болон Дорнод аймгаас авчирсан. Монголд 15 жилийн өмнө нийлүүлсэн энэ тракторууд одоо ч Монголын газар тариланд ашиглагдаж байгаа. “Күбато”-гийн ямар ч албан ёсны төлөөлөгчийн газаргүй, засвар үйлчилгээ үзүүлэх нөхцөлгүй байхад ийм удаан сайн хэрэглэсэн байна. Энэ нь нэг талаас күбота ямар чанартайг харуулж байгаа хэрэг. Нөгөө талаас монголчууд техникийг маш сайн эзэмшиж чадаж байгааг илтгэж байгаа юм” хэмээн тайлбарлав.


    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...