• Агробизнес

    МАЛЧИД ЗӨГИЙ ҮРЖҮҮЛБЭЛ БЭЛЧЭЭР СЭРГЭНЭ

    Г.ГАНЧИМЭГ

            Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Мал аж ахуйн сэргэлт” залуу малчдын үндэсний чуулганыг аравдугаар сарын 06-нд Төрийн ордонд зохион байгуулсан билээ. Тус  чуулганы "Мал аж ахуйн салбар дахь инновац хөгжүүлэлт” сэдэвт салбар хуралдаанд нэгэн шавилхан бүсгүй оролцож "Зөгийн аж ахуйг мал аж ахуйтай хослуулан эрхэлж бэлчээрийг сайжруулахад зөгийн аж ахуйн ач холбогдол"-ын талаар илтгэл тавьсан юм.


    Хэнтий аймгийн Биндэр сумын малчин, зөгийчин И.Энхчимэгийн тавьсан илтгэлийг 21 аймгийн өнцөг булан бүрээс сонгогдон ирсэн 800 залуу малчин сонирхов. Энэ үеэр ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг “Зөгийн аж ахуйг хөгжүүлэх, өрхийн нэмэлт орлого, бэлчээр сайжруулалтын талаар анхааран ажиллах”-аа илэрхийлж байсан.

          Малчин, зөгийчин И.Энхчимэг зөгийн аж ахуйгаа 2015 оноос эхэлж өдгөө найм дахь жилээ эрхэлж буй туршлагатай, шилдэг бүтээгдэхүүнтэй зөгийчин болжээ. Тэрбээр чанаргүй тоо хөөцөлдсөн мал аж ахуйгаар бэлчээрийн талхагдал үүсгэхийг хүсдэггүй тул малаа багасгаж, цөөн тооны үхэртэй үлдэж, зөгийний бизнестээ илүү дурлажээ. Үнээгээ сааж, сүү цагаан идээгээ боловсруулж өрхийн хэрэглээндээ болон ах дүү нартаа зориулдаг байна. Гэхдээ хэрэглээнээсээ багахан хэмжээгээр илүүчилж сумын төвдөө борлуулах нь бий.

    Энхчимэг “Манай сум тэр чигтээ сүү сааль, цагаан идээний орон шүү дээ. Мал аж ахуйн хажуугаар зөгийн аж ахуй эрхлэхэд түүртээд байх зүйлгүй. Харин ч зохимжтой хослол гэж  хэлнэ. Өнөөдөр хүн болгон “Малын бэлчээр доройтлоо” гэж ярьдаг. Тэгвэл зөгийн аж ахуй бэлчээрийг сэргээхэд сайн нөлөөтэй” гэв. Зөгий тоос хүртээснээр ургамлуудын үрлэлт нэмэгдэж хөрсөн дэх үрийн нөөцийг нэмэгдүүлдэг. Ургамлын үрлэлт эрт явагдаж хадлан хадах үеэр боловсорчихсон үр механик үйлчлэлээр буюу өвс хаддаг техникээр тарж цацагдаж тарилт явагдан дараа жил ургахад бэлтгэгддэг юм байна.

    Тэрбээр зөгий үржүүлэх талаар хэлэхдээ  бэлтгэл ажлаа сайн хангачихсан байхад яаж л бол яаж өсгөх боломжтой. Зөгий өсч үржихийн хэрээр тухайн өрхийн орлого нэмэгдэж байдаг онцлогтой бизнес гэдгийг онцлов. “Гаргасан зардлын 10 хувь нь зарлага, 90 хувь нь орлого байдаг” гэв.

    Нэг бүл зөгий жилд 10 кг бал үйлдэрлэдэг

          Монголчууд зөгийн аж ахуйгаас гарч байгаа бүтээгдэхүүнүүдийг маш сайн хэрэглэдэг байна. Зөгийнөөс 12 төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг. Дийлэнхдээ зөгийн бал, бусад бүтээгдэхүүнийг бага хэмжээгээр үйлдвэрлэдэг. Зөгийн жилий янз бүрийн нян бактерийг устгадаг, ходоод гэдсэнд сайн бол зөгийн бал нь хүний биед бараг зуун  хувь шингэдэг цорын ганц бүтээгдэхүүн аж. Зөгийнөөс  гаргаж авсан олон төрлийн бүтээгдэхүүнийг 0-1 насны хүүхдээс бусад бүх хүн хэрэглэж болдог онцлогтой.

     

    Нэг бүл гэж нэг хайрцаг зөгийг хэлнэ. Нэг хайрцагт 10 мянгаас дээш тоо толгойтой зөгий амьдардаг. Бүлгийн зохион байгуулалт, нарийн дэг журамтай.  Жилдээ нэг бүл зөгийнөөс дунджаар 10 кг бал гардаг. Сайн зөгийчид бол түүнээс дээш гаргаж авдаг туршлага Монголд цөөнгүй. Зөгийн аж ахуйг анхлан эрхлэх гэж байгаа хүмүүст Энхчимэг бүсгүй  хамгийн түрүүнд маш сайн судалгаа хийх хэрэгтэйг зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, амьтны өөрийнх нь онцлог болоод давуу талуудын талаар мэдлэгтэй болсны дараа зөгийн аж ахуй эрхэлдэг хүмүүсээс зөвөлгөө мэдээлэл авч, аж ахуй дээр нь очиж танилцвал зүгээр аж.

    Хэрвээ та зөгийн аж ахуй шинээр сонирхохыг хүсвэл эхний удаад 2-5 бүл зөгий буюу 2-5 хайрцаг зөгийтэй байхад багадахгүй нь байна. Нэг бүл нь дүүрэн зөгийтэй  бол өнөөдрийн байдлаар дунджаар 750 мянган төгрөгийн үнэтэй. Хэдийд ямар улиралд авахаас  шалтгаалаад зөгийний үнэ дээрхээс хэлбэлзэнэ гэсэн үг.

    Зөгийний дүнгэнээн, хатгах вий гэсэн болгоомжлол хэнд ч байдаг учраас ааш авирын тухайд асуухад Энхчимэг “Ер нь зөөлөн талдаа. Гэхдээ тухайн хүн яаж харьцана тийм л авир гаргадаг. Огцом ширүүн хөдөлгөөн, архи, тамхи, үнэртэй ус зэрэг хурц үнэрт дургүй. Зөөлөн алгуур хөдөлгөөнтэй хүнд дуртай. Янз бүрийн үнэрт мэдрэг” хэмээв.

    Мөн тэрбээр арчилгаа тордолгоог цаг алдалгүй хийх ёстой. Улирал бүр өөрийн гэсэн арчилгаатай. Намар, хавартаа зөгийгөө хачигнаас ангид байлгах, зуны улиралд үржиж өсөх бүх арга хэмжээг авна. Тэгээд бүтээгдэхүүнүүдээ цаг тухай бүрт нь чанартай авах нь зөгийчин хүний ур чадвараас шалтгаалах зүйл.

    Энхчимэг энэ жил 300 кг бал хураажээ 

           Энхчимэг жил бүр зөгийгөө нэмсээр хураах балынхаа хэмжээг нэмэгдүүлж энэ жил 300 кг бал авчээ. Хэнтий аймгийн Биндэр сум аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжиж байгаа учраас аялагчдын хөл тасрахгүй. Биндэрт нэг кг зөгийн балыг 50 мянган төгрөгөөр борлуулдаг байна. Түүний зөгийн бал Хэнтий аймгийн намрын ургацын баярт оролцоод “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр шалгарчээ. Мөн Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс “Нутгийн брэндийн эрэлд” арга хэмжээг зохион байгуулахад эднийх мөн “Нутгийн брэнд”-ээр шалгарчээ. Үүнийг дагаад хол, ойрын  үйлчлүүлэгчийн тоо нь эрс нэмэгджээ.

    Тэрбээр нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүд нь том, багагүй өрхийн аж ахуйдаа тусалж, хөдөө байх дуртай. Зөгий болон мал аж ахуйн хажуугаар хүлэмжинд ногоо тарьдаг байна. Хүүхдүүддээ эрүүл чанартай ногоо идүүлэхээс гадна илүүчилж тодорхой хэмжээгээр худалддаг аж.

          Малчдын залгамж халаа байхгүй боллоо гэж сүүлийн үед их ярих болсон. Харин эдний хүүхдүүд хөдөө, орон нутагтаа ажиллаж амьдрах сонирхолтой гэнэ. Биндэр сумынхны хувьд 2000-аад оны эхээр нэлээд нүүдэллэж байсан. Одоо сумын төвийн гудамж талбай зай завсаргүй болтлоо айлтай болжээ. Иргэд эргээд сум орон нутагтаа ирж байна. Өөр гаднаас ч хүмүүс ирж суурьшин амьдарч байгаа аж.

    Малчид зөвхөн мал маллахаас гадна өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор өөр туслах аж ахуйг хослон эрхлэх боломжтойг Энхчимэг бүсгүйн хичээл зүтгэл ийнхүү харуулж байна.  

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...