МАЛЧИН ӨРХҮҮД ГЭРТЭЭ ЖУУЛЧИН АВАХ БОЛОМЖТОЙГ ЗӨВЛӨВ
Г.ГАНЧИМЭГ
Ж.Бэгзсүрэн Баянзүрх дүүргийн 21
дүгээр хороонд буюу олны ярьж заншснаар Дарь-Эхийн гэр хороололд таван ханатай
гэрт амьдардаг. Тэрбээр монгол гэрт гадаадын жуулчдыг хүлээн аваад хэдийнэ 15
жил болсон байна. Анх 2008 онд “Монголын гэр хорооллыг үзье” гэдэг хүсэлтийн
дагуу нэгэн америк залууг гэртээ хүлээн авч байжээ. Түүнээс хойш 15 жилийн турш
тасралтгүй дөрвөн улирал харгалзахгүйгээр жуулчид авч буй. Яагаад гэвэл, аялал
жуулчлалын компаниар дамжуулж жуулчин гэртээ авдаггүй. Харин өөрсдөө интернэтээр
холбоо бариад хэдэн настай, ямар хүн, юу үзэж харах гэж Монголд ирэх гэж байгаа
вэ гэдгийг тодорхой хэмжээнд мэдээд, дараа нь хүлээн авах боломжтой юу, үгүй юу
гэдэг хариугаа өгдөг байна.
Гадаадын иргэд, жуулчид монгол ахуй, өв соёлыг хамгийн ихээр сонирхдог. Монголд гадаад жуулчдын татагдах гол шалтгаан нь энэ. Ж.Бэгзсүрэн компьютер электроникийн мэргэжилтэй. Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрж өссөн. Гэртээ гадаад хүн ирүүлж байгаа хүн чинь мэндлэхээс эхлээд өөрийн эрхгүй англиар ярих, ойлголцох шаардлагатай болно. Өдөр тутмын ярианы хэдэн үгтэй болоод ирэхээрээ хамгийн гол нь айхгүй, чөлөөтэй яриад эхлэхээр хүн нэмж үг тогтоогоод л, түүндээ урамшаад л яриад байдаг гэж тэрбээр хэлэв.
Түүний гэргий Б.Мөнгөнсоёмбо ч дөрвөн хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ гэртээ ирж буй гадаадын иргэд, жуулчдын хоол унд, үйлчилгээг анхаарч нөхөртөө тусалдаг байжээ. Ингэж ажиллангаа гадаад хүмүүсээс янз бүрийн зүйл харилцан сурч, тодорхой хэмжээний англи хэлний мэдлэгтэй болсон байна. Үгүй дээ л ирсэн зочинтойгоо сайхан хэл амаа ололцоод “Хэдүүлээ өнөөдөр сайхан бууз хийж идье. Манайд гурил, давс байна. Доод дэлгүүрээс нэг кг мах авчихъя” гэхэд ямар ч жуулчин үгүй гэдэггүй аж. Хамтдаа дэлгүүр орж, хоол унданд хэрэгтэй зүйлээ авах, хоол хийх, яаж хийхийг зааж өгөх, харилцан суралцахаас эхлээд харилцаа үүсдэг.
Хүмүүсийн хамгийн их гайхширч асуудаг зүйл нь “Танайх
хашаандаа илүү гэртэй юу”. Ж.Бэгзсүрэнгийн хариулт нь “Үгүй ээ. Манайх таван
ханатай гэрт амьдардаг. Манайхыг буюу гэр доторх монголчуудын ахуй соёлыг л
үзэх гэж гадаадын жуулчид ирдэг юм. Тиймээс малчдад маш их боломж байна. Гадаад
хүмүүс, жуулчид Монголын байгалийн сайхан, малчин айлын амьдрал ахуйг сонирхож,
зарим тохиолдолд хамт амьдарч үзэх гэж ирдэг. Тэд “Жуулчны баазын гэрт хоноод
ирлээ. Тэнд хүйтэн, ханхай байсан. Танай гэрт орж ирээд л монгол айл яаж
амьдардаг вэ гэдгийг харж мэдэрлээ” гэж ярьдаг. Тэдэнд өглөө босоод цайгаа
ингэж чанаж уудаг юм байна. Цайны дээж өргөдөг ёстой юм байна гэдгээс эхлээд асууж
сонирхох, ярилцах зүйл их байдаг. Энэ мэтээр харилцан ярилцаж, сайхан сэтгэгдэл
үлдээхээр өөр үзэж харах зүйл зөндөө гэдгийг ойлгодог. Дараа нь дахиж ирдэг.
Заавал манайд ирэхгүй ч Монголд ирснээ мэдэгдэж “Энд ийм ажлаар явж байна” гээд
ирснээ мэдэгдэх нь ч байдаг. Австралийн эмч нар ингээд эргээд ирж байсан түүх
бий” хэмээв.
Анхны америк жуулчнаа авч байхад буюу 2008 онд Ж.Бэгзсүрэнгийн 2-7 насны дөрвөн хүүхэдтэй айл байлаа. Харин одоо хүүхдүүд нь өсч томрон хамгийн бага нь 17 нас хүрчээ. Хүүхдүүдийнх нь зарим нь гадаад хэл үзэж, зарим нь аялал жуулчлалын салбарыг сонирхон энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн байна. Бага охин нь япон, солонгос хэлээр ярих дуртай гээд тэр хэлүүдийг сонирхон сурдаг. Нэг охин нь Хөвсгөл аймгийн МСҮТ /одоо политехник коллеж болсон/-д аяллын хөтөч мэргэжлээр 2.5 жил сурч төгсөөд, Хөвсгөлд шинээр байгуулагдсан баазад үйлчилгээнд нь ажиллаж байгаа аж.Ж.Бэгзсүрэн ийнхүү өөрийн гэртээ хэрхэн гадаадын жуулчин хүлээн авдаг, аялагчдын монгол айлд амьдарч үзэх сонирхол, тэдэнд хэрхэн өв соёл, нүүдэлчдийн амьдралын хэв маяг, уламжлалт хийгээд орчин үеийн ахуй соёлыг танилцуулдаг туршлагаа хуваалцсан юм. Тэрбээр “Залуу малчдад маш их боломж бий. Миний туршлагаас авч хэрэгжүүлбэл 15 жилийн дараа гэхэд “Манайх гэртээ гадаад жуулчин авснаар ийм сайхан, амжилттай байна гээд ярих сайхан түүх үүснэ хэмээн бодож байна” гэв.
Эднийх одоогоор 60 гаруй орноос 1200 гаруй аялагч, үүргэвчтэй жуулчдыг гэртээ хүлээн аваад байгаа юм.