• Агробизнес

    Б.ЭНХТӨР:ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ТОГТМОЛЖИЖ БАЙГАА НЬ ТОМ ДЭВШИЛ

           Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхолыг ихээр  татах болсон энэ цаг үед тус салбарын  үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, мөнгөний урсгалыг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Agro Expo 2024" олон улсын үзэсгэлэн худалдааг энэ оны зургаадугаар сарын 07-09-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт  зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан тус үзэсгэлэнгийн алтан ивээн тэтгэгч “Агромаштех” ХХК-ийн  гүйцэтгэх  захирал Б.Энхтөртэй ярилцлаа.

     -Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та компанийнхаа талаар товч танилцуулахгүй  юу?

    -Манай компани 2008 онд “Атрын 3-р аян”-тай зэрэгцэн байгуулагдаж өдгөө 16 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компанийн хувьд ОХУ, БНХАУ, Украин, Польш зэрэг орноос тухайн улсдаа болон бүс нутагтаа тэргүүлэх зэргийн үйлдвэр бэлтгэн нийлүүлэгч нараас газар тариалангийн  техник, тоног төхөөрөмжүүдийг нийлүүлдэг.

    Бидний үндсэн зорилго манай компанийг зорин ирж байгаа харилцагч өөрийн бизнесийнхэнд шаардлагатай бүх л төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлэх. Энэ зорилгынхоо хүрээнд дан ганц техник тоног төхөөрөмжийн худалдаанаас гадна тэдгээрийн засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, ургамал хамгааллын бодис, бордоог нэг дороос нийлүүлдэг.

    -“Agro Expo 2024” үзэсгэлэнд алтан ивээн тэтгэгч байгууллагаар оролцож байна. Танай компанийн хувьд үзэсгэлэнд ямар бүтээгдэхүүн танилцуулах вэ?

    -Монголын газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч нарт хэдийнэ танил болсон 95 жилийн түүхтэй Ростсельмаш комбайны үйлдвэрийн Вектор 410, КСУ-1 өөрөө явагч ангилан хадагч, Торум-785 комбайн, РСМ-2375 трактор мөн БНХАУ-ын YTO тракторын үйлдвэрийн YTO-ELX2404 трактор болон бага оврын тракторуудыг танилцуулна.

    -Та томоохон импортлогчийн хувьд гадаад орнуудын олон улсын хөдөө аж ахуй, газар тариалангийн үзэсгэлэн худалдаанд нэлээд оролцдог байх.  Манай орны нөхцөлд Agro Expo" үзэсгэлэнгийн цар хүрээг хэрхэн харж байна вэ?

    -Газар тариалангийн олон улсын үзэсгэлэн худалдаа дэлхийн бүх л бүс нутагт тогтмол зохион байгуулагддаг. Манай улстай хамгийн ойрхон нь гэхэд ОХУ, БНХАУ, Казахстанд  жил бүр яг энэ чиглэлийн үзэсгэлэнгүүд болдог. Манай улсын хувьд газар тариалангийн бие даасан үзэсгэлэн худалдаа тогтмолжиж байгаа нь том дэвшил. Тийм ч учраас манай компани “Agro Expo 2024-ийн алтан ивээн тэтгэгчээр орж байгаа юм. Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа компаниудыг харахад өмнөх жилийнхээс цар хүрээ, оролцогчдын тоо нэлээд нэмэгдсэн байна.

    -Agro Expo-2024”-ийн алтан ивээн тэтгэгчийн хувьд үзэсгэлэнгийн ач холбогдол, үр өгөөжийг хэрхэн дүгнэх вэ?

    -Хөдөө аж ахуйн орны хувьд Монгол Улсад ийм хөдөө аж ахуй, газар тариалангийн  олон улсын экспо байх ёстой. Ач холбогдол ч өндөртэй. Нэг талаасаа дилер компаниуд өөрсдийн үйл ажиллагааг сурталчилах харилцагчаа олох, бизнесийн хэлцэл хийх гээд бүгд нэг дор хийгддэг. Мөн олон нийт, залуу хойч үедээ газар тариалангийн үйлдвэрлэл хэрхэн хөгжиж байгаа болон тэнд ашиглагдаж байгаа техник, технилогийг сурталчилан таниулах эерэг нөлөөтэй.

    Газар тариалангийн үйлдвэрлэлд бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан өөрийн сонирхож байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос харьцуулалт хийж, сонгох боломжийг олгож байгаагаараа онцлогтой.

     

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...