МАЛЫГ САЙХАН МАЛЛАЖ ЧАДВАЛ АШИГ ШИМИЙГ НЬ ХАНГАЛТТАЙ ХҮРТЭНЭ
И.ОТГОН
Дархан-Уул аймгийн алдарт уяач Д.Бат-Очирынх Хонгор сумын II багт өвөлжөөндөө буугаад төвхнөчихсөн, тохитой сайхан сууна. Увс аймгийн Тэс сумын уугуул тэрбээр 40 гаруй жилийн турш мал маллаж, 20 гаруй жил морь уяж байна. Айраг, түрүү авч байсан ч Увсад түрүүлж, айрагдсан цавьдар мориндоо илүү хайртай бололтой. Хамгийн түрүүнд нэрлэнэ билээ. Увсын Тэсийн гүүндээ Сүхбаатар зүгээс азарга авчирж тавьж, гарсан үр төлийг нь уядаг аж.
Тэрбээр Дархан-Уул аймгийн Хонгор суманд суурьшаад 20 гаруй жил болохдоо баруун, зүүн зүгийн адууны давхил яаж уявал зохилтой байх уяачийн ухааныг урлан суух. Бат-Очир энэхүү эрдмээ “Морь уях хорхойтой болохоор зүгээр сууж чадахгүй юм. Сүүлдээ хүүхдүүд, хөвгүүдээс дагаж морь уяж сурч байгаа. Манай нутгийн уяачдын онцлог морио аргамжаад манаж хонодог. Морь уяж байгаа үедээ гэрт орж ирэхгүй шүү дээ” хэмээн цөөн үгээр даруухан өгүүлэв.
Харин нийт малынхаа тоо толгойг 600-д бариулж, тооны араас хөөцөлдөх биш аль болох ашиг шим сайтай байлгахыг хичээдэг аж. Эднийх сүү, махны чиглэлийн үхэр, Баяд хонь, Өлгийн улаан ямаа маллаж байна. Зургаан хүүхэд төрүүлж өсгөснөөс хоёр нь малчин болжээ. Одоогоор гурван хүүхэд нь тусдаа гарчээ. Бат-Очир ”Дөрвөн хошуу малынхаа тоо толгойг нэг удаа 1200-д хүргэж үзсэн. Тариалангийн бүс учраас бэлчээр нутаг давчуу, хүн хүч муутай байхад байгаль, цаг уурын өөрчлөлт хүртэл нэрмээстэй хэцүү юм билээ. Ингээд л чанартай цөөн тооны малтай байх нь зөв юм гээд шийдсэн. Малыг сайхан маллаж чадвал ашиг шимийг нь хангалттай хүртэнэ” гэв.
Хүү ирчихэж
Найман ханатын хойморьт нар зээглээд найртай сайхан. Гэрийн эзэгтэй Цэдэнхүүгийн гарын идээ цагаа намар шиг дэлгэр баян юм. Үнэндээ зарим газарт үнээгээ саадаг эхнэр ховор болсон цагт ямар нандин, тансаг зураг шиг ахуй вэ.
Хүү нь ирчихэж. Гэрээ өвөлжөөндөө буухад нь тусалж. Хүү нь гарч орон ажил амжуулаастай. Аавтай нь ярилцаж суух хооронд малд мордоод ирсэн түүнийг “барьж авав”.
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Б.Даваажав. “Үеийн залуучууд хөдөө мал дээрээ үлдэх нь ховор болжээ. Малч ухаанаа өвлөж, хөдөө ажиллаж амьдрахад сайхан шүү дээ. Одоо хот, хөдөөгийн ялгаа байхгүй болсон. Сүлжээтэй юу сүлжээтэй. Цахим орчинд бүрэн чөлөөтэй нэвтэрдэг. Миний хувьд залуу байгаа дээрээ эх орныхоо төлөө зүтгэж, төрдөө алба хашиж байна. 20 жил ажиллаад тэтгэвэр тогтоолгоно. Тэр үедээ мал дээрээ гарч, морио уяна гэж бодож байгаа” хэмээн урт холын бодлоо хуваалцлаа. Тэрбээр дээрээ нэг ах, хоёр эгчтэй. Энэ айлын дөрөв дэх хүүхэд, хоёр хүүгийн бага нь. “Мал дагавал ам тостоно” гэгчээр тэд багаасаа мал дагаж, аав ээжийнхээ гар дээр дутах зүйлгүй зөв сайхан хүмүүжжээ. Аав ээжийнхээ хөдөлмөрч, тууштай, нямбай, эхэлсэн бол ажлаа дуусгадаг занг нь дуурайжээ.
Цагаан идээнээсээ жилдээ 20 гаруй сая төгрөгийн орлого олдог
Бат-Очирын гэргий Цэдэнхүү гэрээ цэмбийтэл цэвэрлэчихээд үйлээ урлаж суух дуртай. Малынхаа сүүгээр аруул, айргийн тос, нэрмэл архи, зөөхий, цөцгий гээд цагаан идээг төрөл бүрээр нь борлуулна. Сүүн хурууд, Увсын тос даасан бор ааруулаар том, жижиг царуудад 2-3 төрлийн идээ засчихсан өвлийн эхэн сарыг угтаж байх юм. Цэндэнхүү “Хүн хөдөлмөрлөж чадвал санаснаараа сайхан амьдарч болдог. Залхуурч л болохгүй. Өглөө эрт босож ихийг амжуулж бай” хэмээн хүүхдүүддээ захидаг байна. Өөрөө ч гав шув хийсэн ажилсаг бүсгүй юм. Өвөлжөөндөө бууж төвхнөх их ажлын хажуугаар сүү цагаагаа борлуулахыг нь борлуулж, хураахын сацуу хурган дотортой дээл урлан сууна. Хийц загвар гэж маягтай.
Эднийх цэвэр монгол үхэртэй. Цагаан идээний борлуулалтаас жилдээ 20 гаруй сая төгрөгийн орлого олдог. Зуны сааль сүү элбэг цагт ах дүү, хамаатан садан, үр хүүхдийнхээ гэдсийг цайлгаж, найз нөхөд, хот хүрээнийхэндээ идээ цагааны дээж амсуулж, бэлэг илгээсээр байдаг ч хишиг буяны сав дундардаггүй, боломжийн борлуулалт хийчихдэг байна. Худалдаа арилжааны ажлаар хот суурин бараадах ч шаардлагагүй хотноосоо шуураад дуусчихдаг. Хэдийнэ өөрийн гэсэн таних, танихгүй хэрэглэгчидтэй болчихсон юм байна. Утсаараа л “тэдэн кг тийм ааруул, зөөхий, цөцгий явуул гэдэг” захиалгат дарагддаг. Цэвэрхэн гэгч нь хайрцаглаж савлаад замын унаа, автобусанд тавьж өгөөд явуулчихна.
Увсынхаа тос даасан зузаан бор ааруулыг гэхэд л хэдий үед өгч байгаагаасаа хамаараад нэг кг нь 15-20 мянган төгрөгөөр борлуулдаг байна. Цэдэнхүү “Одоо сааль татраад цагаан идээг олон төрлөөр нь гаргаж болохгүй байна. Зун сүү элбэг үед цагаан идээг маш олон төрлөөр гаргадаг” гэв. Тэрбээр гурван жилийн өмнөөс сүүн хурууд ааруулыг хийж сурчээ. Ийм ааруул хийгээд хөлдөөж хадгалж байгаад Цагаан сараар нэг тавагныхыг 300-350 мянган төгрөгөөр худалддаг байна. Зам харгуй, зах зээлд ойр төвхнөсөн давуу талаа ашиглаад малынхаа буян хишгийг тогтоох ухаан түүнд заяажээ.
Тэрбээр “Энэ сайхан өгөөжтэй нутаг, уул усандаа сүсэглэн залбирч явдаг. Манайх өдий олон жил газар тариалангийн бүсэд бэлчээрийн мал аж ахуй эрхэлж ирэхдээ нэг ч тариаланчтай ам мурийж үзээгүй. Манай Хонгор сумын Засаг дарга, Иргэдийн хурлын дарга болон бусад төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид нутаг орноо маш сайн мэддэг, малчин, тариаланчаа хооронд нь эв зүйтэй байлгаж чаддаг” гэлээ. Сум, орон нутгаас нь Цэдэнхүүг цагаан идээний үзэсгэлэн худалдаанд оролцохыг байнга урьж дэмждэг. Түүний цагаан идээ бүсийн үзэсгэлэн худалдаанд ч өнгөлдөг юм байна.
Малчин өрх гэхээрээ л хаврын ноолуур, намрын мал, махны мөнгө хүлээж өндөлзөх биш залхууралгүй хөдөлмөрлөж чадвал хотноосоо борлуулалт хийгээд ая тохитой, хүссэнээрээ сайхан амьдарч болдог л юм байна.
Эх сурвалж: "Шинэ малчин" сэтгүүл 2023.11 сар.