• Агробизнес

    Чацаргана боловсруулалтын 11 технологи, 14 тоног төхөөрөмжийг зохион бүтээжээ

    А.АРИУНЖАРГАЛ
    "Чацаргана" хөтөлбөрийн үр дүнд манай улсын чацаргана жимсний тариалалт 6000 га хүртэл нэмэгдэж чадсан билээ. Өнөөдөр тус жимсийг тариалдаггүй аймаг, орон нутаг ховор гэж хэлж болно. Чацарганы хураалт хэцүү гэдэг боловч тарьж байгаа иргэд их учраас тэдний хувьд хураасан жимсээ жимс чигээр нь борлуулаад өнгөрөх биш ахиу хэмжээгээр тариалдаг өрхийн үйлдвэрлэгчдийн хувьд боловсруулах болон адаглаад шүүсийг нь шахаад савлаж худалдаалахыг эрмэлзэх болсон. Тиймээс манай сэтгүүлийн редакци руу чацарганы шүүс шахах төхөөрөмжнөөс эхлээд техник тоног төхөөрөмжийн талаар мэдээлэл сонирхохыг хүсдэг.
    Бид уншигчдын асуултад хариулт олохоор нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрладаг ШУТИС-ийн Техник технологи, туршилт судалгааны төвийн захирал, доктор, профессор Г.Чимэд-Очирыг зорин уулзлаа.
    Тэрбээр Монголын жимс жимсгэний үндэсний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд 1983 оноос чацарганыг үйлдвэрийн аргаар боловсруулах техник технологийн чиглэлээр ажиллаж ирсэн арвин туршлагатай судлаач юм.
    Эхлээд “шар алт” гэгддэг чацаргана жимсний үйлдвэрлэлийн техник технологи Монголд хэзээнээс хэрхэн нэвтэрсэн талаар цухас дурдъя.
    Анх Монгол Улсад 1975 онд ШУТИС-д чацарганыг хураах үйл ажиллагааг механикжуулах ажил эхэлжээ. 1982 оноос хойш Хөдөлмөрийн баатар, академич, Монгол Улсын гавьяат багш Ч.Авдай, Монгол Улсын гавьяат механикжуулагч Б.Сүрэнхор, ШУТИС-ийн Техник технологи, туршилт судалгааны төвийн захирал, доктор, профессор Г.Чимэд-Очир, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор С.Бат нар чацарганыг үйлдвэрийн аргаар боловсруулах анхны долоон цехийг байгуулсан аж.
    Тухайлбал, жилд 150-170 тн чацаргана боловсруулах цехийг 1984 онд Сэлэнгэ аймагт, Завхан аймагт 1986 онд, хуучнаар Дархан-Шарын гол жимс ногооны консервын заводод 1988 онд Увс аймгийн “Болор” ХХК, ХААН эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг газарт байгуулж ашиглалтад оруулж байжээ.
    Мөн ШУТИС-ийн Техник технологи, туршилт судалгааны төвийг 1988 онд лаборатори нэртэйгээр байгуулж байсан. Уг туршилт судалгааны төв нь өнөөдрийг хүртэл 40 гаруй жилийн хугацаанд чацарганыг үйлдвэрийн аргаар иж бүрэн боловсруулах ажиллагааг судалж 11 технологи, 14 төрлийн тоног төхөөрөмжийг шинээр зохион бүтээж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Үүнд, чацарганатай ааруул гаргах, чацарганы хуурай ханд болон чацарганыг цэвэрлэх, тос гаргах, ялгах, тосгүй шүүс гаргах, жимсний шахуурга гэх мэт төхөөрөмжүүдийг бүтээж байжээ.
    Дээрх туршилт судалгааны төвийн зохион бүтээсэн тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэн гаргасан чацарганын цэвэр тос 2010 онд БНСУ-ын Сөүл хотноо дэлхийн оюуны өмчийн байгууллагаас зохион байгуулсан Seoul International Invention Fair 2010 (SIIF 2010) үзэсгэлэнд оролцож, алтан медаль хүртэж байжээ.
    Түүнчлэн уг төв нь чацарганыг хураах үйл ажиллагааг хөнгөвчлөх олон тоног төхөөрөмжийг туршилтаар хийж байгаа бөгөөд энэ онд туршилтаа улам сайжруулах тал дээр нэлээд анхаарч ажиллах аж.
    Одоогийн байдлаар манай оронд чацаргана боловсруулах 45 цех байдгаас 20 гаруй нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ихэнх нь эмчилгээний зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

    ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ТАЛААР СОНИРХВОЛ ШУТИС-ИЙН ТӨВИЙГ ЗОРИОРОЙ
    Монголын өрхийн үйлдвэрлэлийн түвшинд ахиу жимс хураасан тариаланчид боловсруулалтаа хийхийн тулд шүүс шахах төхөөрөмжийг хаанаас, ямар үнээр авч болох талаар судлаач Чимэд-Очироос лавлахад “Өрхийн үйлдвэрлэлийн түвшинд чацарганы шүүсийг шахаж авдаг төхөөрөмжүүд бий. Гэхдээ манай дотоодын зах зээлд бэлэн худалдаалж байгаа нь тун ховор. Бараг байхгүй. Түүнээс биш бичгийн ширээний хэмжээтэй ахиу хэмжээгээр шүүс шахдаг машинууд Хятадын болон Германых байдаг. Иймэрхүү төхөөрөмжийн үнэ ойролцоогоор 8-10 сая төгрөгийн хооронд байдаг. Хэрвээ тариаланчид сонирхвол манай төвд хандаж болно” гэв.
    Харин чацарганы томоохон бүтээгдэхүүн үйлдвэрүүдийн хувьд сүүлийн үед чацарганын үрийн тосыг ялгах технологийг түлхүү судалж байгаа тухай Чимэд-Очир багш хэллээ. Чацарганын үрийн тосоор хүний дархлааг дэмжих, эмчилгээний болон гоо сайхны зориулалттай бүтээгдэхүүн хийж болдог байна.
    Гэтэл манай улсад олон улсын стандартыг хангасан үрийн тос ялгах төхөөрөмж ердөө хоёрхон байдаг аж. Нэг нь “Увс хүнс” үйлдвэрт, нөгөө нь бидний зорьж очсон ШУТИС-ийн Техник технологи, туршилт судалгааны төвд бий. Энэхүү SE цувралын төхөөрөмж нь нүүрсхүчлийн шингэрүүлсэн хийгээр (СО2) хандлах аргаар чацарганы үрийн тосыг ялгаж авдаг бөгөөд 340 мянган ам.долларын үнэтэй аж.
    Монголдоо ганц уг техник технологийн төвтэй “Увс хүнс”, “Шар доктор”, “Хуба Хаяа” зэрэг томоохон зэрэг үйлдвэрлэгчид техник технолгийн зөвлөгөөг авч, хамтран ажилладаг байна. Тийм болохоор чацаргана тариалагч жижиг аж ахуй нэгж, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд техник технологийн сайжруулалтын талаар сонирхох бол ШУТИС-ийн Техник технологи, туршилт судалгааны төв хэн бүхэнд нээлттэй аж.

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...