Хүнсний аюулгүй байдлын шийдвэр хувийн хэвшлийг хохироох вий, Л.Оюун-Эрдэнэ сайд аа!
-Засгийн газар ухаалаг ажиллаж, дулааны
аргаар боловсруулсан махны экспортыг энэ оныг дуустал зогсоох шийдвэрээ эргэн
харахгүй бол 10 гаруй мянган ажлын байр бий болгодог махны 13 үйлдвэр 130
тэрбум төгрөгийн хохирол амсах нь-
И.Отгонжаргал
“Эмээлт”-ийн зарим махны үйлдвэрт гарсан зөрчилтэй холбоотойгоор
дулааны аргаар боловсруулсан махны экспортыг он дуустал зогсоох тухай Засгийн
газрын хуралдааны энэ оны зургадугаар сарын 8-ны өдрийн шийдвэрийг
ойлгоход тун бэрх.
Уг нь Засгийн газрын өнгөрсөн тавдугаар сарын 4-ний
өдрийн хуралдааны 27 дугаар тэмдэглэлийн гурав дахь заалтад 2021 онд
экспортын зориулалтаар боловсруулан бэлтгэж, нөөцөлсөн үхэр, хонь, ямааны
болон адууны махны тоо хэмжээг тогтоож, дотоодын махны худалдааны зах зээлд
нөлөөлөл үзүүлэхгүйгээр экспортлох арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн
хүрээнд зохион байгуулж ажиллахыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Гадаад
харилцааны сайд Б.Батцэцэг, МХЕГ-ын дарга Б.Баасандорж, Гаалийн ерөнхий газрын
дарга Б.Асралт нарт даалгасан байдаг. Энэ нь бүтэн жил гацсан БНХАУ руу дулааны
аргаар боловсруулсан мах, адууны хөлдөөсөн махны экспортыг эхлүүлэхэд бэлэн
болоод байсан гэсэн үг.
Гэтэл Монголын Засгийн газар бүтэн жил шахуу хөөцөлдөн байж арай
гэж сэргээлгэх болсон махны экспортын шийдвэрээсээ сарын дараа ийн буцаж
байгааг юу гэж ойлгох вэ.
Зургадугаар сарын 8-ны өдрийн Засгийн газрын хуралдааны
шийдвэр өнөөдрийг болтол албажиж гараагүй байгаа юм. Харин Шадар сайд
С.Амарсайханы Засгийн газрын хуралдааны дараа хэвлэлд мэдээлэхдээ “Дулааны
аргаар боловсруулсан махны экспортыг он дуустал зогсоолоо. Яагаад тэгж байна
гэхээр стандарт мөрдөгдөхгүй байна. Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн
шаардлага хангагдахгүй байна. Нөгөө талд дотоодын хүн амын хүнсний аюулгүй
байдалд эрсдэл үүсч болзошгүй эргэлзээтэй асуудлыг таслан зогсоохын тулд. Эцэст
нь, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үүднээс хүнсний аюулгүй байдлыг
гадаадад ч бай, дотоодод ч бай бүрэн дүүрэн мөрдүүлэх зорилгоор ийм арга хэмжээ
авч байна” гэв.
Энэ бол төрийн сайд хүний амнаас гарахааргүй маш хариуцлагагүй
мэдэгдэл байлаа. Тэрбээр ингэж зөрчилтэй, зөрчилгүй бүгдийг хараар будаж
хэлснээрээ Монголын төр олон улсад “Монголын хүнсний үйлдвэрүүд эрүүл
ахуйн шаардлага, стандарт хангадаггүй шүү. Манайх өмнө нь
хүнсний, тэр дундаа махны үйлдвэрлэлийн хяналт шалгалтад маш муу анхаарч байжээ” гэж албан ёсоор
зарлаж байгаатай агаар нэг үйлдэл боллоо. Түүнчлэн өмнөх сүр дуулиантай
хэвлэлийн мэдээллүүдэд эргэлзэж, үймэрч суусан иргэдийн хувьд “За Засгийн
газраас томилсон ажлын хэсэг нь тодорхой мэдээлэл өгч, асуудлыг нэг талд нь
гаргах байлгүй дээ” гэсэн горьдлого тээн байтал тусыг эс олов.
Бид чинь тийм аюултай хүнсний аюулгүй байдал зөрчигдсөн нөхцөлд
идэж ууж амьдраад байгаа хэрэг үү?
Өнөөдөр махны асуудлаас улбаатай иргэд, хэрэглэгчдийн дунд
талцсан, том жижиг, гадаад, дотоодын гэлтгүй мах боловсруулах үйлдвэрүүдийн
удирдлага, ажилтнуудыг гүтгэж доромжилсон, Хятадын хөрөнгө оруулагчдыг үзэн
ядсан, хоолондоо хэрэглэж байгаа махандаа ч итгэхгүй байх хандлага газар авах
шинжтэй байгаа юм. Уг нь бол ийм байдал үүсгэхгүй л гэж Засгийн газраас
Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажилласан байлтай. Гэвч 14 хоногийн
төлөвлөгөө гаргаж, долоо хоног “Эмээлт”-д газар дээр нь ажилласан гэх Ажлын
хэсгийг ахалсан Шадар сайдын хийж байгаа мэдээлэлд асуудлыг шийдсэн, иргэд,
үйлдвэрлэгчдэд итгэл өгсөн юу ч байсангүй.
Гэтэл дотоодын болон олон улсын хүнсний аюулгүй байдал, эрүүл
ахуйн стандартуудын менежментийг үйлдвэрлэлдээ хөрөнгө мөнгө заран нэвтрүүлж,
мөрдлөг болгож сайн ажилладаг махны олон үйлдвэрийн нэр хүндэд халдаж, улмаар
хэдий муу хэлэгддэг ч төдийгөөс өдий хүртэл үүргээ гүйцэтгэж ирсэн, өөрийн
гэсэн систем тогтолцоотой төрийн эрх бүхий хяналт шалгалтын байгууллагуудын үйл
ажиллагааг ч үгүйсгэж орхив.
Хүнсний аюулгүй байдлыг хангаагүй, дүрэм журам зөрчсөн нь
тогтоогдсон аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Хамгийн гол
нь дулааны аргаар боловсруулсан махны экспортын эртхэй үйлдвэрүүд нь
эхлээд Монгол Улсын эрх бүхий байгууллагуудын хяналт шалтгалтад хамрагдаж
итгэмжлэл авдаг. Тэгсэний үндсэн дээр импортлогч орны хяналтын
байгууллагуудын магадлан итгэмжлэлд тэнцэж экспортын эрх авдаг. Гэтэл яг
энэ зарчмаар үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй аж ахуйн нэгжүүдийг
бүхэлд нь хоригт хамруулж байгаа нь үнэхээр ойлгомжгүй.
Түүнчлэн дотоодын болон олон улсын хүнсний аюулгүй байдал,
эрүүл ахуйн стандартуудын менежментийг үйлдвэрлэлдээ хөрөнгө мөнгө заран
нэвтрүүлж, мөрдлөг болгож сайн ажилладаг махны олон үйлдвэрийн нэр
хүндэд халдаж улмаар хэдий муу хэлэгддэг ч төдийгөөс өдий хүртэл үүргээ
гүйцэтгэж ирсэн, өөрийн гэсэн систем тогтолцоотой төрийн эрх бүхий хяналт
шалгалтын байгууллагуудын үйл ажиллагааг ч үгүйсгэж орхив.
Эндээс үзэхэд Засгийн газрын дээрх шийдвэрийг нийгэмд үүссэн
шуугиан дуулианыг хурдхан дарж, ажил хийсэн болж харагдах гэсэн сүржин хийгээд
даржин шийдвэр гэлтэй. Хүнсний аюулгүй байдлыг мөрдүүлэхтэй холбоотой Засгийн
газрын эл шийдвэр сүүлийн хоёр жил ковидын хүнд нөхцөлд амь тавьчихгүй шиг
үлгэн салган аргалж явсаар “цаг наашилж байна, одоо л нэг олигтойхон ажиллаж
амьдарчих юмсан” гэсэн санаашралтайгаар ажиллаж хөдөлмөрлөж буй хувийн хэвшил
рүүгээ хэт дайрч, доромжилсон шийдвэр болж байгаа юм биш биз дээ, Л.Оюун-Эрдэнэ
сайд аа.
Яагаад тэгж байна гэхээр 2000 оны дундуур “Азийн чоно” архины
үйлдвэрийн бүтээгдэхүүнд нэг бус хүний алтан амь эрсдэхэд тухайн үеийн хяналт
шалгалт хийж, арга хэмжээ авч ажилласан ажлын хэсгийн зүгээс “Багануурын энэ
үйлдвэрийн архи хуурамч байгаа учраас АПУ компанийн үйлдвэрийг ч гэсэн хааж
байж бид хүнсний аюулгүй байдлын дүрэм журам мөрдүүлнэ” гэж авирлаагүй юмдаг.
Ямар ч байсан тухайн үед Засгийн газраас ажлын хэсэг томилогдон ажиллаж, ямар
зөрчил илэрсэн, ямар арга хэмжээ авч байгаагаа цаг тухай бүр нь олон
нийтэд шуурхай мэдээлж, нийгэмд айдас хүйдэс, удаан хугацаанд тодорхойгүй
байдал үүсгэлгүй зохицуулж чадсан. Багануурт гарсан асуудлаар энд холбогдох
яамны сайдаар ахлуулсан ажлын хэсэг өдөр шөнөгүй хуралдан ажиллаж байсан юм.
Дохио сэрэмжлүүлэг өгсөн том асуудал дээр Засгийн газар тэгж ажилладаг туршлага
нэг бус бий, манайд.
Зах зээлийн нийгэмд шилжиж, үйлдвэрлэл үйлчилгээ дөнгөж хөгжих
гэж тэмцэж байх 90-ээд оны сүүлч шинэ мянганы эхээр гэр орон, орц хонгилд
хуурамч хүнсний үйлдвэрлэл эрхэлсэн зөрчил хар мянгаараа илэрч байсан цаг үед ч
Монголын төр засаг ийн хааж боож, хорьж цагдах сүржин, хатуу шийдвэр
гаргахгүйгээр асуудлыг тухай бүр нь дуулиан шуугиан болохгүйгээр шийдээд л
явдаг байсан. Гэтэл өнөөдөр 1990 он биш, 2000 он ч биш. Тэр цагаас хойш бүхэл
бүтэн 20 гаруй жил өнгөрчихөөд байхад төрийн эрх бүхий хяналт шалгалтын
байгууллагуудын дүрэм журам, хэрэг зөрчил илрүүлэх арга аргачлалд дэвшил гарсан
нь дамжиггүй. Мөн хүнсний үйлдвэрлэл эрхлэгч бизнесийнхний үйлдвэрлэлийн болон
бүтээгдэхүүний эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын стандартын талаарх ойлголт
мэдээлэл, түүнийг хэрэгжүүлж дагаж мөрдөх хүсэл эрмэлзэл зэрэг нь ахисан
уу гэхээс унтарч уруудаагүй байх гэдэгт итгэлтэй байна. Тиймээс Улаанбаатарын
баруун захад байгаа зөрчил гарсан хэдэн үйлдвэрийн асуудлыг олон нийтийн болон
олон улсын анхаарлыг татаж, иргэд, бизнес эрхлэгчдийг бухимдуулж, зовоолгүйгээр
шийдвэрлэж болмоорсон.
Үүгээр алдаа гаргасан махны үйлдвэрүүдийг хамгаалж, хаацайлах
гэсэнгүй. Ковидын хяналт шалгалт суларсан хоёр жилийг далимдуулаад “Эмээлт”-д
хууль бус, зөрчилтэй аж ахуйн нэгжүүд нэмэгдсэн гэдгийг мэргэжлийн хяналтын
байгууллагынхан ч онцлон тэмдэглэсэн. Тэр нь ч үнэн байх. Улаанбаатар хотын
тойрсон мал мах төхөөрөх үйлдвэрлэл аль эртний л бөөн асуудал дагуулж ирсэн.
Өнгөрсөн хугацаанд хаана хаанаа шийдвэртэй зүйл хийгээгүй өдий хүрсэн.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд малын өвчинтэй холбоотойгоор манай
улсын түүхий буюу гулууз махны экспорт зогссонтой адилхан болсон үеэс буюу 2018
оноос урд хөрш рүү дулааны аргаар боловсруулсан махны экспортын хаалга шинээр
нээгдсэн нь сайн зүйл болсон. Шинэ зах зээл учраас манайхны хувьд ч
монгол малынхаа махыг чанаж болгож экспортлох тал дээр шинэдэж алдаж оносон нь
ч бий л байх. Адаглаад л салбарын яам нь эхнээсээ энэ төрлийн махны экспортын
квотыг хэрхэн олгох, экспортлогчид бүтээгдэхүүнд тавигдах экспортын шаардлага
стандарттай нь танилцах, хэрэгжүүлэхээс эхлээд шинээр суралцах, туршлагажих цаг
хугацаа манай Монголын бүх талын оролцогчдод шаардагдсан болов уу. Энэ
бизнесийг эрхэлдэг зарим экспортлогчийн үйл ажиллагаатай танилцаж, санаа
бодлыг нь сонсож байхад ч тийм байдал ажиглагддаг.
Харин махны экспорт малын өвчин, ковидын нөхцөл байдалтай
холбоотойгоор алдаг оног гарсан ч гэсэн Монгол-Хятад улсын хооронд дулааны
аргаар боловсруулсан махны экспортын худалдаа эхлээд 4-5 жил болж байна. Тийм
болохоор манай бизнес эрхлэгчдийн хувьд одооноос л энэ худалдааныхаа учрыг
хаанаас нь ч мэдэх хэмжээнд очиж туршлагажиж яваа гэж үзэж болно.
Нөгөө талаас хятадууд ч монголчуудтай энэ бизнесийг хийж болох
юм байна гэсэн итгэл үнэмшлийг олж, Монголд эхлүүлсэн энэ төрлийн бизнесээ улам
өргөжүүлэх сонирхолтой буй. Ялангуяа ковидын дараа Монголд махны чиглэлийн үйл
ажиллагаа явуулж, манай хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбарт томоохон
хөрөнгө оруулалт хийх гэсэн урд хөршийн компаниуд нэмэгдэх хандлагатайг учир
мэдэх хүмүүс онцлон тэмдэглэж байна. Энэ буруу биш. Өргөн уудам газар нутагтай,
мал аж ахуйн орон болох хөрш улсдаа хөрөнгө оруулалт хийж бизнес эрхлэх нь
хятад хүмүүсийн хувьд алдахгүй боломж. Тэрбум хүн амтай, дэлхийн том эдийн
засагтай тус улсын дэргэд нь байгаа манайх битгий хэл, олон улс тив
алгасаад ч болтугай нь БНХАУ руу махаа нийлүүлэхээр өрсөлдөж, Бразил, Уругвай,
Австрали зэрэг орон ихээхэн хэмжээний экспорт хийж чадаж байна шүү дээ.
Харин Монгол улсын хувьд урд хөрштэй бэлээхэн нээгдсэн дулааны
аргаар боловсруулсан махны экспортоо аятайхан шиг хийгээд явах нь ирээдүй их.
Тэгэхгүй нийгэмд “Эмээлт”-ийн хятадууд, муусайн хятадууд гэсэн доромжлол үзэн
ядалтыг дэврээгээд байвал махны экспортын хамгийн ирээдүйтэй зах зээлээ алдахыг
ч үгүйсгэхгүй. Тийм болохоор өнөөдрийн гараад буй махны зөрчил маргааныг шалгаж
хянадаг газрууд нь шалгаад, зохих хариуцлагыг нь үүрүүлж, засч сайжруулахад нь
зөвлөж туслаад явах хэрэгтэй болов уу.
Төгсгөлд нь дулааны аргаар боловсруулсан махны экспортын эдийн
засагт үзүүлэх ач холбогдлын талаар ганц хоёрхон тоон баримт дурдъя.
Монгол Улсын махны экспорт зогсонги байдалд ороод багагүй
хугацаа өнгөрч буй. Гэхдээ 2019 онд 58.0 мянган тонн мах экспортолсон. Уул
уурхайн бүтээгдэхүүний 90 хувь нь урагшаа гардаг шиг манай махны экспортын 90
гаруй хувь нь БНХАУ руу нийлүүлэгдэж байгаа, сүүлийн жилүүдэд. Өөрөөр хэлбэл,
Монголын экспортын зориулалтаар бэлтгэсэн нийт махны 90 хувь нь дулааны аргаар
боловсруулагдан гарч байна гэсэн үг. Манай улсад малын өвчин их байгаа учраас
Хятадын тал ийнхүү чанаж болгож нян вирусыг нь устгуулж авч байгаа ганц орон.
Сүүлийн үед үүсээд байгаа асуудалтай холбоотой экспортын
мэдээллийг сонирхоход, Монголын махны холбооны гишүүн дулааны аргаар боловсруулсан
махны экспортын эрхтэй 13 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Тус үйлдвэрүүд
2021 оны зургадугаар сарын 10-нд Замын-Үүд Эрээн боомтоор дамжиж гарч байсан
Монголын махны сав, баглаа боодлоос ковидын вирус илэрсэн гэсэн шалтгаанаар урд
хил хаагдсанаас хойш экспорт огт хийгээгүй. Одоогийн байдлаар тус 13 үйлдвэрт
нийт 6015 тонн дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн, 3985 тонн
адууны мах нийт 10.0 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн бий аж. Үүнийг
мөнгөн дүнгээр илэрхийлбэл 130 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн болох юм.азар
ухаалаг Эдгээр үйлдвэр 2022
онд малчдаас 213 тэрбум төгрөгийн мал мах авахаар төлөвлөсөн байна. Мөн урд
хөрш рүү гаргах махаа дотоод, гадаад элдэв саад тотгороос болоод гаргаж
чадахгүйд хүрвэл малчдын орлогод ч сөргөөр нөлөөлөх нь тодорхой
байна.
70 гаруй сая малтай Монгол Улсын хувьд өнөөдрийн учир нь үл
ойлгогдох дотоод хэрүүл, хардлага сэрдлэгээс илүүтэй махны экспорт, гадаадын
хөрөнгө оруулалтын асуудал ямагт дээгүүр тавигдах учиртай.
Эх сурвалж: Өдрийн сонин