Монгол, Франц улсын мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана
И.Отгон
Монгол, Франц улсын мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааны бизнес уулзалт 2022 оны зургадугаар сарын 24-нд ХХААХҮЯ-нд хагас өдөр болох юм. Уг уулзалт нь ирэх аравдугаар сарын 4-7-нд Франц улсын Клэрмон-Ферран хотод болох Европын хамгийн томд тооцогдох мал аж ахуйн олон улсын үзэсгэлэнд Монгол Улсыг “Зочин орон”-оор оролцуулах болсонтой холбоотой аж.
Уг үзэсгэлэнд манай
улс “Зочин орон”-оор оролцох эрх авсан нь Монголыг дэлхийд сурталчилах боломж
төдийгүй Франц, Монгол хоёр улсын хоорондын мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах
томоохон боломж гэж хоёр талын холбогдох албаныхан үзэж байна.
Тиймээс Францын уг
үзэсгэлэнг зохион байгуулагч гол зочид болон тус улсын хэвлэл мэдээллийн
салбарын төлөөллийн бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 21-нээс 24-нд Монголд ажиллаж
байна.
Зочид өчигдөр /2022.06.21/
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхантай уулзаж, ирэх аравдугаар сард болох олон улсын
үзэсгэлэнд Монгол Улс зочин орон болж байгаагийн хувьд өргөн бүрэлдэхүүнтэй оролцох
урилгыг гардуулан өгчээ.
Энэ үеэр Францын төлөөлөгчид “Монгол Улс Европын үзэсгэлэнд зочин орноор оролцсоноор хоёр орны мал аж ахуйн
хамтын ажиллагааг нэг шат ахиулна гэдгийг ч онцолсон байна. Мөн хоёр тал үзэсгэлэнгийн
үеэр
2013 онд байгуулсан
“Монгол, Францын хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах санамж бичиг”-ийг шинэчлэн
байгуулахаар
тохиролцжээ.
ХХААХҮ-ийн сайд
З.Мэндсайханы хэлэхдээ “Бидний өнөөдрийн уулзалт онцлог цаг үед болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголд мах, сүүний чиглэлийн 100 мянган цэвэр үүлдрийн үхэр шаардлагатай. Мөн газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг загвар болгон хөгжүүлэхэд Францын талтай хамтран ажиллах хүсэлтэй
байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн тэрбээр бэлчээрийн
монгол малын махыг Европын зах зээлд гаргах боломжтойг ч тэмдэглэн хэлсэн байна.
Мөн Европын мал аж ахуйн үзэсгэлэнг зохион байгуулах хоёр улсын ажлын хэсгийн уулзалт ХХААХҮЯ-ны хурлын танхимд болов. Үзэсгэлэнд
зочин орноор оролцох Монголын талын бэлтгэл хангах ажлын хэсгийн дэд даргаар Жижиг, дунд
үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан ажиллаж байна. Уулзалтын үеэр зохион байгуулагч орны зүгээс үзэсгэлэнгийн ач холбогдол, үр дүнгийн талаар танилцуулга, мэдээлэл өгч, харилцан санал солилцов.
Францын зочид өнөөдөр Дархан-Уул аймгийн
Хонгор суманд байрладаг Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагаатай
танилцаж, “Тайшир өргөө” компаниар орж Францын махны хонины аж ахуй болон бэлчээрийн мал аж ахуйтай танилцана.
Монгол Улсын зочин орноор оролцох эрх авсан
олон улсад алдартай Европын мал аж ахуйн олон улсын үзэсгэлэн, худалдааны онцлогийн
талаар товч мэдээлэл өгье. Уг үзэсгэлэн нь жил бүр болдог
уламжлалтай. Үзэсгэлэн болох Клермон-Ферран хот нь Европын махны үхэр
үржүүлгийн хамгийн том бүс нутаг аж.
Нийт 180 мянган ам.метр талбайд болох
бөгөөд 30 орны 1500 оролцогч, 100 мянга гаруй зочин хүрэлцэн ирж, 70 гаруй үүлдрийн 2000 гаруй шилмэл малын шалгаруулалтыг үзэж сонирхдог байна. 2000 толгой шилмэл
малын дотор 1300 нь сүүний болон махны чиглэлийн 22 үүлдэр, 26 үүлдрийн 400 хонь,
16 үүлдрийн 300 адуу байх жишээтэй. Үүнээс гадна тус арга хэмжээний үеэр Европын
махны үхрийн аж ахуйн тэргүүлэгч форум гэгдэх “Уулархаг нутагт мал аж ахуй
эрхлэх нь“ зөвлөгөөн, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа,
фермийн үйл ажиллагаатай танилцах хөтөчтэй аялал, мал аж ахуй эрхлэхэд тулгамдаж
буй дэлхийи нийтийн асуудлаарх олон хурал зөвлөгөөн, туршлага солилцох болон
хувьчилсан бизнес уулзалтууд болох юм.
Манай улсын хувьд Франц
улстай хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг шинэ шат ахиулах нь чухал ач
холбогдолтой. Учир нь, сүүлийн жилүүдэд эрчимжсэн мал аж ахуйн салбарт үржүүлж
буй цэвэр үүлдрийн хээлтэгч, хээлтүүлэгч шилмэл малыг ихэнхдээ Франц улсаас
Засгийн газрын шугамаар ч, хувийн хэвшлийн зүгээс ч цөөнгүй импортолсон. Гэхдээ
энэ төрлийн бизнесийн харилцаанд тээврийн зардал, малын худалдан авах үнэ өндөр,
импортын хил гаалийн тарифаас авахуулаад хоёр улсын Засгийн газрын түвшинд ярилцаж
шийдвэрлэх асуудал багагүй бий. Энэ чиглэлд ахиц гаргах томоохон ажлын нэг энэ.
Энэ Баасан гаригт болох
бизнес уулзалтын үеэр Монголын талын Францаас цэвэр үүлдрийн мал оруулж ирж,
өсгөн үржүүлж буй болон эрчимжсэн мал аж ахуй сонирхогч бизнесийнхний
төлөөллийг оролцуулсан хоёр талын хэлэлцүүлэг болох юм.