ГАЗРЫН ТУХАЙ БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар хамтран зохион байгуулж буй Газрын багц хуулийн төсөл болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр /2023.02.06/ Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, М.Оюунчимэг, Г.Ганболд, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, салбарын эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл болох 400 гаруй хүн оролцов.
Монгол Улсын газрын тухай хууль батлагдаад 20 гаруй жил болж байгаа бөгөөд нийгэм, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийн улмаас өнөөгийн шаардлагыг хангахгүй байгаагийн дээр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хийсэн судалгаагаар долоон давхардал, есөн зөрчил илэрсэн. Мөн 200 гаруй дүрэм, журам, актаар газрын харилцааг зохицуулж байна гэсэн судалгааны үндсэн дээр Газрын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзжээ.
Тиймээс Засгийн газраас өнгөрсөн оны зургадугаар сарын 17-нд өргөн мэдүүлсэн Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл, Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өнгөрсөн долдугаар сард нэг удаа хойшилж, өнөөдөр ийнхүү зохион байгуулагдаж буй юм.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг эхэнд хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлаас баталсан 2020-2024 онд эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийн хүрээнд газрын шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасан.
Газар бол эдийн засгийн харилцааны суурь баялаг. Хүний амьдралын чухал үндэс. Энэ утгаараа газрын харилцаа нь хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох чухал харилцаа гэдгийг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ онцлоод Монгол Улсын нийт газар нутгийн 72.9 хувь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, газар тариалан, 16.7 хувь нь тусгай хэрэгцээт, 0.6 хувь нь хот тосгон бусад суурины газар эзэлж байна.
Мөн хөдөө аж ахуйн газрын 96.1 хувийг бэлчээрийн газар, үлдсэн хувийг газар тариалан, хадлан, атаршсан газар эзэлж байна. Манай улсын эдийн засгийн голлох салбаруудын нэг болох уул уурхай, хөдөө аж ахуйн салбар бүгд газар, түүний хэвлийд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг салбар юм. Ийм учраас газрын зохицуулалт, эрх зүйн орчныг хэрхэн шинэчлэн өөрчлөх нь манай улсын эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох чухал ач холбогдолтой гэж байлаа.
Түүнчлэн тэрбээр, Газрын хууль нь иргэн, аж ахуйн нэгжүүд, салбар болгонд хамаатай. Ийм ч учраас Газрын багц хуулийн төслийг шинжлэх ухаанч судалгаанд үндэслэн, олон талт оролцоог ханган сайтар хэлэлцэн, батлах ёстойг онцлон тэмдэглэсэн.
Мөн Газрын багц хуулийн төслөөр 21 аймаг, нийслэлийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж байгаагаас гадна зарим аймгуудад ажлын хэсгээс тусгайлан хэлэлцүүлэг хийж байна. Өнгөрсөн долоо хоногт буюу хоёрдугаар сарын 1-нд Хэнтий аймагт хэлэлцүүлэг зохион байгуулсан бол удахгүй Дархан-Уул, Орхон, Төв аймагт цуврал хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөөд байгааг дурдаад одоогийн байдлаар 20 аймаг, есөн дүүрэгт төслийг хэлэлцүүлж, 9097 оролцогчоос 4923 санал, d.parliament.mn цахим сайтаар 630 санал ирсэн гэж байлаа.
Түүнчлэн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хууль нь 2002 онд батлагдсанаас хойш нийт 32 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцад газартай холбоотой олон талт харилцааг хуучин хуулиар зохицуулахад хүндрэлтэй болж, тус хуулийг боловсронгуй болгох, өөрчлөх шинэчлэх цаг үе, нийгэм, эдийн засгийн шаардлага тулгараад байна. Өөрөөр хэлбэл, 20 жил шинэчлээгүй газрын хуулийг багцаар нь шинэчлэх гэж байгааг онцлон тэмдэглэв.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Газрын багц хуулийн төслийн талаар илтгэл тавьсан.
Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байх”, “Газар нь төрийн хамгаалалтад байх, хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх”, “Газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэм хорыг арилгуулах”, “Газрын талаарх мэдээлэл ил тод, нээлттэй байх” зэрэг үндсэн зарчмуудыг тусгаж багц хуулийн төслийг боловсруулсныг дурдав.
Мөн “Одоогийн байдлаар 370 гаруй субьект газар олгох шийдвэрийг гаргаж байна. Эдгээрийн дийлэнх нь сайд болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар буюу улс төрийн албан тушаалтан байна. Иймд энэ байдлыг өөрчилж, иргэд, олон нийтийн саналыг тусган боловсруулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаас өргөн мэдүүлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан төлөвлөгөөний дагуу Газрын мэргэжлийн байгууллага газар олгох асуудлыг нээлттэй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруултын зарчмаар цахим системээр шийдвэрлэх, гаргасан шийдвэртээ дээд шатны байгууллагын өмнө өөрөө хариуцлага хүлээдэг тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна” гэдгийг онцолсон.
Өнөөдрийн байдлаар долоон дэд систем, хоёр мэдээллийн сан бүхий Газрын нэгдмэл сангийн удирдлагын системээр дамжуулан төлөвлөх, олгох, бүртгэх, үнэлэх, татвар төлбөр ногдуулах, газрын төлөв байдал, чанарыг хянах, нөхөн сэргээх, хамгаалах газар зохион байгуулалтын цогцолбор арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Хууль батлагдсанаар энэхүү газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системийг бүрэн утгаар нь ашиглах хууль, эрх зүйн орчин бүрдэнэ. Ингэснээр газрын эрх олгох үйл ажиллагааны шат дамжлага, хүнд суртал багасаж, улс төр, ашиг сонирхлоос ангид мэргэжлийн шийдвэр гаргах, гарсан шийдвэр ил тод болж, тэр болгонд иргэд хяналт тавих нөхцөл бүрдэх юм гэдгийг сайд илтгэлдээ дурдлаа.
Харин эрдэмтэн, судлаачдын зарим төлөөлөл дахин нягталж, хэлэлцүүлэх шаардлагатайг онцлоод энэ хувилбараар хэлэлцэн батлахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.