• Хүнсний аюулгүй байдал

    ХҮНСНИЙ ҮНИЙГ ХЭРХЭН ХАЗААРЛАХ ВЭ

    СҮҮНИЙ ҮЙЛДВЭРҮҮД ҮНИЙН ӨСӨЛТӨӨР ЦАГААН САРЫН БЭЛЭГ БАРИВ

    Р.Батчимэг/доктор/

    Сүүлийн өдрүүдэд дотоодын үйлдвэрүүд бүх төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүний үнээ 10 хувь нэмэгдүүлжээ. “Дээж” сүүний дэлгүүрт нийлүүлэгддэг үнэ 3600 төгрөг байсан бол саяхнаас 4200 төгрөгөөр нийлүүлэгддэг болсон байна. Тэгээд дэлгүүр 20 хувь нэмэхээр нэг хайрцаг сүү 4800-5000 төгрөгийн үнэтэй болжээ. “Миний Монголын сүү” хүнсний дэлгүүрүүдээр 4450-4687 төгрөг болж өсжээ. Ердөө 10 хоногийн өмнө буюу 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн ажиглалтаар “Сүү” ХК-ийн нэг литр сүүний үнэ 3945 төгрөг буюу үнэ тогтвортой гэсэн ангилалд байв. Гэтэл долоохон хоногт 505-742 төгрөгөөр нэмэгдэж, хоёрдугаар сарын 8-ны өдрийн статистик мэдээгээр 4687 төгрөг болсон байна. Ерөнхийдөө бид арван жилийн өмнөхөөс 2.3 дахин өндөр дүнгээр сүү авч байгаа аж. 
    Нийслэлийн Статистикийн газраас хийсэн судалгаанд өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 2.2, хонины цул махны үнэ 3.8 хувиар тус тус нэмэгдсэн. Мөн монгол төмсний үнэ 1.5 хувиар өсч 1485 төгрөг, монгол луувангийн үнэ 1.3 хувиар өсч 2403 төгрөг болсныг дурджээ.
    Манай улс гол нэрийн 16 төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс малын мах, улаан буудай, гурил, төмсийг дотоодоосоо 100 хувь хангаж байна. Харин сүүн бүтээгдэхүүн 27.1 хувь, гурилан бүтээгдэхүүн 38.2 хувь, хүнсний ногоо 38,5 хувь, өндөг 48.6 хувь, цөцгийн тос 67.4 хувь, тахианы мах 98 хувь, ургамлын тос 98.5 хувийн импортын хамааралтай. Гэхдээ улирлын онцлогоос хамаарч сүүний нийлүүлэлт буурдгаас импортын хамаарал 40 гаруй хувьд хүрдэг. Монгол Улсын нийт мал сүргийн хээлтэгч малаас гарах сүүний нийлүүлэлтээр тооцвол дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах боломжтой. Гэвч саалийн хугацаандаа ч малаа саах нь буурч байгаа энэ үед үйлдвэрлэлийн бүтээмжээ нэмэгдүүлэхгүй бол импортын хамаарал, бүтээгдэхүүний үнэ ч өсөх нь гарцаагүй. 
    Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн тэрд ундаа стратегийн хүнсний нэг сүүний үнэ өсөхөд юу нөлөөлсөн байж болох вэ?
    Тухайн бүтээгдэхүүний үнийг түүхий эдийн болон үйл ажиллагааны зардал дээр ашиг олоход шаардагдах хэмжээг нэмж тооцно. Тэгэхээр Сүү ХК-ийн дотоодын болон импортын түүхий эд, сав баглаа боодлын үнэ өссөн нь сүүний үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн болов уу. 
    Гэхдээ үнийн өсөлтийг Засгийн газрын бодлого, тэр дундаа Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй хөдөлгөөнтэй хэрхэн холбож, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах боломжтой вэ?
    Дэлхий нийтээр өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны дөрөвдүгээр сард оргил цэгтээ хүрч, ойрын 10 жилд байгаагүйгээр өсөн нэмэгдсэн ч аажмаар буурч тогтворжих хандлагатай болж байна. Улс орнууд үнэ тогтворжуулахад анхаарч, төсөвтөө ихээхэн хэмжээний санхүүжилт суулгасны зэрэгцээ бодлогын түвшинд олон арга хэмжээ авч буйтай холбоотой юм. Тухайлбал, БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн  яамнаас дотоодын томоохон 12 хүнсний компанийн удирдлагатай үнийн өсөлтийг бууруулах, тогтворжуулах тухай уулзалтыг өнгөрсөн оны сүүлчээс эхлэн шинэ оны эхэн хүртэл гурвантаа зохион байгуулжээ. Яамны зүгээс гол нэрийн бүтээгдэхүүнд ногдуулах квотын тарифын хөнгөлөлтийг 2023 онд үргэлжлүүлэн сунгах, хүнсний үйлдвэрийн зардлын ачааллыг бууруулах чиглэлээр төрөөс баримталж буй бодлогыг тайлбарлаж, бүтээгдэхүүний үнээ нэмэгдүүлэхгүй байхыг хүсээд буй юм. Тиймээс манай улсын холбогдох яамны зүгээс ч гэсэн хүнс үйлдвэрлэгчидтэйгээ уулзаж, үнийн өсөлтийг хэрхэн тогворжуулах талаар хамтын шийдэлд хүрэх нь буруудахгүй болов уу? 
    Дараах нь Хүнсний хангамжийн өнөөгийн байдал, улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй уялдуулан Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн. Тус хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилт нь тусгагдсанаараа давуу талтай бөгөөд хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, цаашид экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай нийт 1.7 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг Засгийн газрын бонд, баталгаа, зээлийн хүүгийн зөрүү,  олон улсын зээл тусламж, төсөл, хөтөлбөрт хамруулах зэрэг санхүүгийн боломжит хувилбарыг тодорхой болгож, 2022 онд нэн шаардлагатай байгаа 500.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчныг  бүрдүүлэхээр тогтоолын төсөлд тусгажээ. Тэгвэл өнгөрсөн онд төсөвлөгдсөн 500.0 тэрбумаас үйлдвэрлэгчдийн зардлын ачааллыг бууруулж, иргэдийн хэтэвчийг хамгаалсан багахан ч гэсэн үр дүн гарсан уу?
    Тиймээс үйлдвэрлэгчдийн үнээ нэмж буй гол асуудлыг сонсож, үнийн өсөлтийг хазаарлах боломжтой шийдлийг хамтдаа эрэлхийлэх нь чухал болов уу?

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...