• Агробизнес

    ЗҮҮНХАРААД ФРАНЦЫН ПАССИВ ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖИВ

    И.Отгон

        Ногооны аж ахуй төдийлэн ашигтай байдаггүй Монголын  ногоочид хүнд бэрхээс нь халгахгүй их, бага хэмжээгээр ард түмнийг өөрийн хөдөлмөрөөр ургуулсан эрүүл чанартай хүнсээр хангаж байгаадаа сэтгэл нь дүүрч хийсээр л байдаг. Ил талбайд төмс, хүнсний ногоо тарих үндсэндээ хөрс, ус байхад тариалагч нь технологио мөрдөөд, арчилж тордоод байхад арвин ургац авчихна. Гэхдээ арвин ургац авлаа гээд намар шинэ ургац хахчихдаг учраас борлуулалт тааруу, хөлс хүчээ шавхан ургуулсан ногоогоо өөрийн өртгөөс нь доогуур шахуу үнээр борлуулахаас аргагүй болдог. Хэрвээ зоорь агуулахтайсан бол ногоочин хүн намар ургацаа үнэгүйдүүлэх шаардлагагүй л дээ. Хадгалж байгаад л ногоо үнэд орох үед зах зээлд борлуулж болно. Гэвч ихэнх ногоочин тийм биш. Хураагаад л шууд зарахаас аргагүй байдалд ордог. 

    Тэгвэл хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн дунд “Жэрэс” олон улсын төрийн бус байгууллага/ОУТББ/ Францын Элчин сайдын яамны санхүүжилттэй FSPI буюу "ХАА салбар дахь пассив инновацийн санхүүгийн систем" төслийг өнгөрсөн оноос Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж байна. Уг төслийн  хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын хоёр хоршоог сонгон шалгаруулж нарны эрчим хүчээр ажилладаг пассив хүлэмжийн (нарны эрчим хүчийг ханандаа хадгалдаг) аж ахуйтай болоход нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

    Төслийн зорилго нь хөдөө аж ахуйн хоршоодын ногооны аж ахуйг илүү энгийн, үр ашигтай байлгах эко шийдлийн санхүүгийн хөрөнгө оруулалтын загварыг хөгжүүлж байгаа юм. 

    Францын Европ, гадаад харилцааны яамны Инновацийн төслүүдийн эв санааны нэгдлийн сангаас санхүүжилттэй уг төсөл нь хоёр үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд ирэх наймдугаар сард дуусах аж. Төслийн үйл ажиллагааны эхний  хэсэг нь  Сэлэнгэ аймгийн 30 хоршоотой холбоо харилцаа тогтоож, хүлэмжийн аж ахуй эрхлэхэд гардаг үйл ажиллагааны зардал хэд байдаг, хүлэмжээ барихад хэр зардал ордог, хүнсний ногооныхоо борлуулалтаас хэр ашиг олдог зэрэг тал бүрийн мэдээллийг нь авч,  тооцоолол хийгээд яавал илүү үр ашигтай байх боломжтой талаар зөвлөгөө өгсөн байна. Дараагийн шатанд дээрх 30 хоршооноосоо пассив хүлэмжтэй болох хоёр хоршоог сонгон шалгаруулж бизнесийн загварыг хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтад тэнцсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Зүүнхараа баялаг”, “Мандал органик фүүдс” хоршоод нь хүлэмжээ барьж дуусаад, тариалалтаа хийжээ. 

    “Зүүнхараа баялаг” хоршоо нь барилгын компаниар хүлэмжээ бариулсан бол “Мандал органик” хоршоо гишүүдийнхээ тусламжтайгаар хүлэмжээ өөрсдөө барьжээ. 

    Нарны эрчим хүчээр ажилладаг энэхүү хүлэмж нь өдрийн турш хана болон хөрсөндөө дулааныг хуримтлуулж шөнийн цагаар болон наргүй бүрхэг өдөр хуримтлагдсан дулаан нь гадагшилж хүлэмж дулаанаар хангагддаг байна. Ингэснээр энгийн хүлэмжээс харьцангуй дулаан байж шөнийн цагаар болон хүйтний улиралд(гуравдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл) ажиллах боломжтой гурван улирлын хүлэмж юм. Хамгийн гол ашиг тус нь юу вэ гэхээр хоршоод тарилтаа арай илүү эрт эхэлж, жилдээ гурван удаа ургац авах боломжтой аж. Хавар богино ургацтай навчит ногоо тариалах явцдаа давхар үрсэлгээ хийж, ургамал ургалтын үед гол таримлаа тариад, дахиад ургац хураасны дараа 30-40 хоногийн навчит ногоо тарих байдлаар явах юм бол 120 ам метр талбайг 360 ам метр хэмжээнд хүргэж ашиглах боломжтой юм.  

    Мөн уг төслийг хэрэгжүүлэгч “Жэрэс” олон улсын ТББ-ын хувьд анх төсөл эхлүүлэхэд мэдээлэл солилцож  хамтран ажилласан 30 хоршооныхны хүлээлтэд үндэслэсэн хүлэмжийн аж ахуйд санхүүжилт босгох бизнес загварыг өнгөрсөн хугацаанд хийсэн бөгөөд одоо түүнийгээ гарын авлага болгон хамтран ажиллаж байгаа хоршоодод өгч, тэдний үйл ажиллагаанд туршиж үзэж аж. Улмаар дээрх хүлэмжийн аж ахуйн илүү энгийн, үр ашигтай байх бизнес загварын гарын авлагыг  “Жэрэс ОУТББ” -ын цахим хуудаст хүссэн ногоочин сонирхож болохоор нээлттэй тавих аж. 

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...