• Агробизнес

    Царгас идсэн мал таргалж, тарьсан хүн баяждаг

    Хаврын тариалалт эхэлж байгаатай холбогдуулан Монгол улсын зөвлөх агрономич, царгас судлаач доктор Ш.Батсүхтэй ярилцлаа. Сүүлийн жилүүдэд тариаланчид болон газар тариалан сонирхсон иргэд, эрчимжсэн аж ахуй эрхлэгчид тэжээлийн таримал тариалах хүсэлтэй болж тэр дундаа царгасыг их сонирхох болсон. Тиймээс царгас судлалын амьд архив болсон нэгэн хүндтэй эрдэмтний үгийг тэжээлийн таримал сонирхогчдод хүргэх нь зөв болов уу. Ингээд нэрийнхээ өмнө “царгасын” гэж тодотгогдох болоод удаж буй Батсүх гуайн ярилцлагыг чухалчлан сонирхоно уу.


    -Та царгасын талаар байнга зөвлөгөө өгөх, сургалт хийх, тариалалт хийх гээд олон ажилтай байдаг байх. Царгасын тариалалттай холбоотой хамгийн сүүлд юу хийж байна вэ. Өнгөрсөн хугацаанд хэчнээн хүнд энэ талын мэдлэг мэдээлэл олгосон бэ? 

    Миний бие 1973 онд ХААДС-ийг төгссөнөөс хойш ХАА-н шинжлэх ухааны байгууллагад тасралтгүй ажиллаж, ажил, амьдралынхаа 40 гаруй жилийг царгас судлалд зориулсан. Хэдэн жилийн өмнө гавъяаныхаа амралтыг авсан ч гэсэн хүрээлэндээ /МААЭШХ/ зөвлөхөөр ажиллаж, царгасаа тариулсаар л явна. Энэ хугацаанд царгас судлалаар докторын зэрэг хамгаалж, царгасны нэг сортыг шинээр нутагшуулж, согооворын “Тамир” сортыг шинээр гаргаж үйлдвэрлэлд шилжүүлсэн. Түүнчлэн зөвхөн царгасны чиглэлээр 40 гаруй эрдэм шинжилгээний бүтээл нийтлүүлж, 20 гаруй заавар, зөвлөмж боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлэв. Мөн гадаад, дотоодын олон төслийн багийн бүрэлдэхүүнд оролцож Монгол орны ихэнхи аймаг, сумдын малчдын бүлэг, нөхөрлөлийн 1800 гаруй малчид, хөдөлмөрчдөд царгасны талаар сургалт, сурталчилгаа хийж, заавар зөвлөмж болон, нутагшсан сортын үрээр хангахын хамт, хүсвэл өөрийн биеээр очиж тариалах ажилд биечлэн туслах замаар нийт 400 гаруй га царгасны тариалантай болгож чадлаа. Сүүлийн жилүүдэд интернет, фэйсбүүкийн олон зуун (5000) найзтай болж түүгээрээ дамжуулан царгасын талаар байнга сурталчлан таниулж, заавар зөвлөлгөө өгч ажиллаж байна. Бараг утсаараа сургалт явуулдаг болоод байна шүү /инээв/. 

    -Утсаар их ярих ч хүнийг ядраадаг шүү. Танд төвөгтэй байдаг уу? 

    -Төвөгтэй биш харин ч сонирхолтой, олонд тус хүргэж, цагаа үр ашигтай өнгөрөөж, олон найз нөхөдтэй болж байгаа болохоор сайхан байдаг. 

    -Уургийн “хаан” гэгддэг царгасын бусад тэжээлийн таримлаас ялгарах онцлог, ач холбогдлын талаар хэлэхгүй юу? 

    Одоогоос дөрвөн жилийн өмнө миний бие “Үндэсний мэдээ” сонинд царгасны талаар нилээд дэлгэрэнгүй сайхан ярилцлага өгч билээ. Түүнийгээ би өөрийнхөө фэйсбүүкт тавьсан юм. Тэр ярилцлагыг уншсан олон хүн надтай холбоо барьж заавар зөвлөлгөө авч царгас тариалсан нь ч олон бий. Ер нь царгас тариалах сонирхолтой хүмүүс сүүлийн үед эрс нэмэгдсэн.

    Царгас бол 3000 жилийн тэртээгээс тарималжсан, дэлхийн таван тивийн 90 гаруй улс оронд олон зуун сая га-д тариалж байгаа, олон наст буурцагт, өвслөг ургамал юм. Царгасанд их олон сайхан шинж чанар бий. Гоо сайхны, эм, эрүүл мэндийн, хүн, малын хүнс тэжээлийн, байгаль орчны гэх мэт. Би бол малын тэжээл, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг судалдаг. Царгас нь ургацаар арвин, протеин ба үл төлөөлөгдөх амин хүчил, нүүрс ус, эрдэс давс бусад бодисын зохистой харьцаа бүрдсэн малын тэжээлийн гойд сайн ач холбогдолтой ургамал. Царгасыг бусад тарималтай харьцуулахад хоёр гайхамшигтай шинж чанар бий. Нэгдүгээрт, царгас нь малын тэжээлийн ургамлын гойд сайн ургамалд тооцогддог.

    "Царгасны нэгж талбайгаас хураан авах ургац шимт чанараараа байгалийн хадлангаас 3-4 дахин, ногоон тэжээлээс 2-3 дахин илүү байдагт л учир нь байгаа юм"


    Царгасыг дэлхийн улс орнууд уургийн “хаан” гэж нэрлэдэг. Өндөр хөгжилтэй дэлхийн улс орнууд, ялангуяа АНУ, Канад, Герман, Франц, Хятад зэрэг улс царгасыг олон сая га талбайд тариалж малын тэжээлийнхээ хэрэгцээг бараг бүрэн хангахын хамт олон нэр төрлийн уурагт тэжээл үйлдвэрлэж, экспортолж байна. Яагаад царгасыг ийм ихээр тариалах болов гэвэл цэцэглэлтийн үе шатанд хадаж бэлтгэсэн царгасны нэг кг өвсний найрлаганд 18-20 хувийн протеин, 13-14 г кальц, 2-5 г фосфор, 8-9 г зэс байдаг нь үет олон наст өвснөөс бараг хоёр дахин их үзүүлэлт юм. Судалгаанаас үзэхэд нэгж талбайгаас хураан авах протеины хэмжээгээр таримал царгас бидний мэддэг шар буурцагнаас 3-5 дахин, улаан буудайнаас 6,3 дахин их байдаг. Царгасны нэгж талбайгаас хураан авах ургац шимт чанараараа байгалийн хадлангаас 3-4 дахин, ногоон тэжээлээс 2-3 дахин илүү байдагт учир нь байгаа юм. Хоёрдугаарт, хөрсний үржил шимийг нөхөн сэргээж байдаг онцлогтой. Аливаа таримал ургамал хөрснөөс шим тэжээлийн бодисыг авч хөрсийг ямагт ядууруулж байдаг бол царгас нь хөрсний үржил шимийг байнга нөхөн сэргээж байдаг онцлогтой таримал. Тухайлбал, царгаст талбайн га тутамд жилд 250-290 кг, усалгаатай нөхцөлд 500 кг хүртэл ургамалд хялбар шингэх азот хуримтлагддаг. Энэ нь нэг га талбайг жил бүр 4-5 центнер азотын бордоо буюу 30-50 тонн бууцаар бордсонтой тэнцэх хэмжээ юм. Царгасыг тариалаад 4-5 жил болоход хөрсний үржил шим бараг хоёр дахин, ерөнхий азот 5-7 дахин нэмэгдэж хөрсний бүтэц бүрэлдэхүүн эрс сайжирна. Түүнчлэн царгасыг нэг удаа үрээр тариалаад 5-8 жил хадаж ашигладаг. Усалгаатай нөхцөлд тариалсан нэг га талбайгаас хоёр дахь жилээс эхлэн жилд хоёр удаа хадаж 8-10 тонн өвс хурааж авдаг. Энэ нь байгалийн хадлангийн 30 гаруй тонн өвстэй тэнцдэг. Царгасны энэхүү шинж чанарыг ойлгож мэдсэний үндсэн дээр манай малчид, тариаланчид царгасын гайхамшгийг биширдэг, бас тариалахыг сонирхдог болжээ. Би малчдадаа доорхи хоёр хүснэгтийг тайлбарлаж ойлгуулах их дуртай. Энэ нь манай малчид, малчдын бүлэг, нөхөрлөлүүд таван га усалгаатай талбайд царгас тариалахад ойролцоогоор ямар хэмжээний зардал гардаг, тэндээс хэдий хэмжээний ургац хураан авч, хэдэн толгой малыг ямар хугацаанд тэжээх боломжтойг ойлгуулах зорилготой.

    -Таван га чинь багагүй талбай шүү дээ. Энэ хэмжээний талбайд тариалахад хэдий хэмжээний зардал гарах уу? 

    -Анхны жил 20 гаруй сая төгрөгийн зардал гарна. Хоёр дахь жилээс эхлэн таван га талбайгаас хоёр удаа хадаж нийт 40 тонн царгасны өвс хурааж авах боломжтой. Энэхүү өвсөөр 50 бод, 450 бог нийт 750 хонин толгой малыг арванхоёрдугаар сарын 1-нээс дараа оны тавдугаар сарын 1 хүртэл 150 хоног /ногоо ургатал/ өдөр бүр бог болгонд 0.4 кг, бод болгонд 1.7 кг царгас өгөхөд хүрэлцээтэй. Энэ нь бараг зуны улиралд бод, бог малын бэлчээрээс идэх өвстэй тэнцэнэ. Ингэснээр малчдын мал өсөж, зудын тухай ойлголт бүрэн байхгүй болно. Гадаа метр зузаан цас орсон ч айх аюулгүйгээр мал нь намрынхаа тарга хүчийг алдахгүйгээр онд орох боломжтой. 20 сая төгрөг гэдэг чинь хатуухан хэлбэл бараг нэг жилийн зуданд үхүүлдэг малын үнэ шүү дээ. Дэлхийн цаг уурын дулааралтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд олон жил дараалан улс оронд ган, зуд нүүрлэж бэлчээрийн ургамлын ургац, ургамлын бүрэлдэхүүн буурах болов. Түүнчлэн малын тоо толгой өссөнтэй холбоотойгоор бэлчээрийн даац багтаамж ч хэтэрчээ. Энэ бүхний үндсэнд монгол орны бэлчээрийн 70 гаруй хувь нь их бага ямар нэг хэмжээгээр доройтсоныг эрдэмтэд тогтоогоод байна. Түүнчлэн газар тариалан уналтад орсноос атаршуулж орхисон талбай 700 гаруй мянган га, уул уурхайн чиглэлээр ашиглаад нөхөн сэргээлт хийгээгүй талбай олон зуун мянган га-д хүрээд байна. Байгаль цаг уурын өөрчлөлт, техник технологийн хоцрогдол, тариалан эрхлэгчдийн хөрөнгө санхүүгийн чадавхи, мөн тэдгээрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан Монгол орны газар тариалангийн хөрсний элэгдэл тариалангийн бүс нутгуудад гамшиг сүйрлийн шинжтэй болж байна. Судалгаагаар нийт тариалангийн талбайн 72 хувь буюу 470 орчим мянган га талбай үржил шимийн доройтолд орсон нь тогтоогдсон байна. Дээрхи талхлагдсан бэлчээр, атаршсан газар, үржил шим нь муудсан хөрсийг нөхөн сэргээхэд зөвхөн тэжээлийн олон наст ургамал, нэн ялангуяа царгасыг тариалж нөхөн сэргээх ёстой.

    "Хамгийн гол нь анхны жилийн тариалалтыг технологийн дагуу маш зөв хийх хэрэгтэй. Учир нь царгас бол олон наст ургамал. Үрээр нэг удаа тариад олон жил ашиглана"

    Монгол улс жилд дунджаар 1.7-2.5 сая/га талбайгаас 1-1.2 сая тонн хадлан бэлтгэдэг. Хадлангийн талбайн дундаж ургац 0.4 тн/га байна. Байгалийн хадлангийн дээрх хэмжээний өвсийг өнөөгийн нөхцөлд газар тариалангийн томоохон компаниудыг төр засгаас бодлогоор дэмжих замаар 40-45 мянган га усалгаатай талбайд царгас тариалснаар хураан авах боломжтой. Хураасан өвсийг Засгийн газар улсын нөөцөд авснаар байгалийн хадлан бэлтгэдэг хоёр сая гаруй га газар хадлангийн дарамтнаас чөлөөлөгдөж, царгас тариалсан компаниудын тариалангийн талбайн хөрсний үржил шим нь таван жилийн дараа бараг хоёр дахин нэмэгдэх бүрэн боломжтой.

    -Сүүлийн жилүүдэд царгасны ач тусыг ойлгоод маш олон хүн тариалах сонирхотой болжээ. Гэхдээ алдах нь их байна. Тухайлбал, өнгөрсөн жил миний нэг таньдаг хүн Улаанбаатарын ойролцоо 10-аад га атар газарт царгас тариалдаг мэргэжлийн, техник хэрэгсэлтэй, мэрэгжлийн үйлчилгээ үзүүлнэ гэсэн хүнээр тариулсан боловч юу ч ургаагүй, есөн сая төгрөгөөр хохирсон тухайгаа манай редакцид хандаж хэлсэн. Танд ч гэсэн энэ талын мэдээлэл сонсогддог байх. Яагаад зориулалтын техник, үрээр үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс нь алдаа гаргаад, мэдэхгүй нэгнийгээ хуураад явдаг юм бол. Та юу гэж бодож байна вэ? Тарьж байгаа, тариулж байгаа талууд юуг анхаарах ёстой вэ? 

    -Сонирхолтой бөгөөд маш чухал асуудал байна. Энэ тухай над руу нэг эмэгтэй ярьж байсан. Бас өөр хүмүүс ч ярьж байсан шүү. Хүмүүсийн царгас тариалах сонирхол ихэссэнийг далимдуулаад царгас ”судлаачид”, их мэдэгч нар олширсон шүү дээ. /инээв/. Царгасыг хэн дуртай нь хүссэн зоргоороо үр тариа шиг, төмс хүнсний ногоо шиг тарьж чадахгүй л дээ. Тэр ч бүү хэл манай үр тарианы агрономчид ч гэсэн тэр болгон тариалахад төвөгтэй болохыг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ тариалах технологийг зөв баримталбал тийм ч хэцүү биш. Хамгийн гол нь анхны жилийн тариалалтыг технологийн дагуу маш зөв хийх хэрэгтэй. Учир нь, царгас бол олон наст ургамал. Үрээр нэг удаа тариад олон жил ашиглана. Анхны жил зөв сайн тариалж чадаагүйгээс болоод царгас нь алаг цоог энд тэнд ургах юм бол маш хэцүү. Царгас ургаагүй газар нь шарилж мэтийн хог ургамал л ургана шүү дээ. Царгас нь маш жижиг үртэй. 1000 ширхэг үр нь 1.7-2.0 г. Нэг га-д 10-12 кг үр орно. Үүнд л хамаг учир байгаа юм. Царгасны үрийг 1-1.5 см-ийн гүнд суулгана. Үүнээс гүн суулгах юм бол соёо нь хөрсөн дээр гарч ирж чадахгүй. Иймд царгас тариалах хөрс нь маш сайн боловсруулсан, тэгш талбай байх ёстой. Мөн 10-12 кг үрийг нэг га талбайд жигд тарааж чадах зориулалтын үрлэгчтэй байх, үрийн норм, гүнийг маш сайн тохируулах хэрэгтэй.

     -Үрийн чанар, сонголт бас их чухал нөлөөтэй байх тийм үү? 

    -Нөлөөтэйгээр барах уу, маш чухал. Тарих үрийн гарал үүсэл, үрийн чанар. Олон наст ургамлын нэг онцлог бол тарьсан жилдээ хөгжлийн тодорхой үе шатыг дамжаад, үндсэндээ өвөлжих нахиа болон зохих хэмжээний шим тэжээлийн бодисыг хуримтлуулаад өвөлжилтөд шилжих ёстой. Тэр нахиа нь Монголын хатуу ширүүн өвлийг дааж өвөлжөөд дараа жилийн хавар сэргэн ургах учиртай. Халуун дулаан орны гаралтай сортууд Монгол орны нөхцөлд өвөлжиж чадахгүй үхэж үрэгддэг. Өвөлжсөн ч маш их сийрэгждэг. Иймд өвөлжих чадвартай, нутагшсан сортын үрээр тариалах ёстой. Үүнийг мэдэхгүйгээр үнийн хямдыг бодож, үгэнд нь итгэж гарал үүсэл нь тодорхой бус үр авснаас болж маш их “шатаж” байна. “Ятгах тусам нягтал” гэдэг үгийг ямагт санаж байх. 

    -Царгасны үрийн чанар дээр баталгааны асуудал хүнд юм шиг ээ. Жишээ нь, Бургалтай сортыг л хүмүүс их тариалж байна. "Би Бургалтай сортын автор" гэж худлаа үнэн ярих хүмүүс мэр сэр байгаа дуулдах юм. Үнэнийг танаас л асууж мэдмээр санагдаад ирсэн. Гэвч тэр Бургалтай сорт одоо яг байна уу? 

    Үрийн чанарын асуудал дээр хэлэх зүйл бий. Царгасаар гавьяат болсон Ширчинжав 2001 онд газар зохион байгуулалтын хүрээлэнгээс заралсан атаршсан газрыг нөхөн сэргээх тендерт орж ялалт байгуулан өөрийнхээ компанийн тариалангийн багагүй талбайд миний Увсын Хархираад үйлвэрлэж Баруунхараагийн үрийн нөөцөд нийлүүлсэн “Бургалтай” сортын үрийг тариалж нөхөн сэргээлт хийсэн нь үнэн. Түүнээс хурааж авсан үрээ олигтой сайн цэвэрлэхгүй, халааж харлуулсан, хөгзөрсөн хог ургамлын хольц ихтэй, соёололт муутай үрээ аманд багтсан үнээр борлуулж байгаа нь ч үнэн. Уул нь “Бургалтай” сорт нь манай хүрээлэнгийн эрдэмтэдийн бүтээл байгаа юм. 1981 онд “Бургалтай” сортын автор надад 19 кг үр өгснийг би Увсын Хархираад үржүүлсээр байж 1991онд нийт энэ сортын 54,6 тонн үр үйлвэрлэж тэр үеийн царгасны үрийн хэрэгцээг хангаж байсан ч үнэн. Одоо тэр “Бургалтай” сорт байхгүй болсон. Уг сорт нь аль 1970-аад онд шилэн сонголтын аргаар гаргаж авсан учир анхны жилдээ ургац өгдөггүй дутагдалтай. Сүүлийн үед селекцийн аргаар гаргасан эхний жилдээ ургац өгдөг, өвөлжилт сайтай, өндөр ургацтай, олон удаа хадаж ашиглах боломжтой эрчимтэй сортууд энд тэнд гарсан байна. Үүнийг өөрийн орны нөхцөлд нутагшуулж, сонгон тариалах нь ашигтай. Олон наст ургамлын нэн ялангуяа царгасны сортын үр үйлдвэрлэнэ гэдэг маш нарийн арга зүй, аргачлалтай ажил байгаа юм. Яагаад гэвэл царгас нь шавьжаар тоос хүртдэг учир өөр сортын болоод нэг сортын янз бүрийн насны үрээр тариалсан талбайг зайн тусгаарлалт хийх гээд маш олон нарийн арга ажиллагаа бий. Түүнчлэн “Бургалтай” сортын үр мөн гэдгийг жил бүрийн намар ХААХҮЯ-наас томилогдсон мэргэжлийн комисс очиж газар дээр нь хянан баталгаа хийж акт тогтоож баталгаажуулдаг. Ийм ч юм байхгүйгээр тэр сортын үр гэж хэлэх нь үндэслэлгүй. Би нэг зүйлийг байнга зөвлөдөг. Бага хэмжээний /10 хүртэл га/ талбайд царгас тариалах гэж байгаа хүмүүс заавал хөрс боловсруулах, үрлэх машин техниктэй байх шаардлагагүй. Ийм хүмүүст үйлчилдэг мэргэжлийн алба байх нь зөв гэж үздэг. Учир нь царгасыг жил болгон тарихгүй шүү дээ. Тэр үйлчлэх албаны хүмүүстэй маш хатуу гэрээ байгуулах хэрэгтэй. Ургахгүй бол яахав, ургасан ч өвөлжихгүй бол яахав гэх мэт үйл ажиллагааг хатуу тохирсны дараа үнэ хөлсөө өгч авалцах хэрэгтэй. Одоо Царгас тариалах сонирхолтой хүмүүс их байгаа боловч зохиулалтын үрлэгчтэй аймаг ч бараг байхгүй байна. Үүнийг анхаарах хэрэгтэй. 

    -Та анх Увсын Хархираагийн тэжээлийн аж ахуйд Монгол Улсыг хангах хэмжээний царгасын үр үржүүлж байсан түүхтэй. Одоо Увсад болон улсын хэмжээнд энэ үр үржүүлгийн ажил хэр явагддаг бол. Явагддаггүй бол яагаад?

    Тиймээ, миний бие 1981 оноос эхлэн тэр үедээ үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлын нэг болох Царгасны үр үйлдвэрлэх иж бүрэн технологи боловсруулах ажлыг өөрөө сонирхон, сонгон авч ажилласан юм. Үүний үр дүнд 1993 онд “Монгол улсын Их нууруудын хотгорын усалгаатай нөхцөлд Царгасыг үрэнд тариалах агротехник “сэдвээр докторын зэрэг хамгаалав. Агротехникийн олон хувилбартай туршлага тавихын зэрэгцээ, судалгаагаар урьдчилан гаргасан үр дүнгээ шууд үйлдвэрлэлд нэвтрүүлж 1985 онд царгасны дээд ангийн үр үйлдвэрлэх зорилго бүхий 85 га усалгаатай талбайтай “Царгасны үрийн бригад”-ыг Хархираагийн тэжээлийн аж ахуйд, МААЭШХ-ийн харьяанд байгуулж өөрөө үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулж ирсэн юм. Тус үрийн бригад нь 1985-1990 онд 54.6 тонн Царгасны элит үр үйлдвэрлэж, үүнээс улсын нөөцөд 20 тонн царгасны дээд ангийн үр нийлүүлж байв. Үүний үр дүнд Царгасны үрийн улсын хэрэгцээг бүрэн хангаж царгасны тариалан 3000 гаруй га-д хүрч байлаа. Манай Царгасны үрийн бригад 1988 онд 60 га талбайгаас 15.0 тонн Царгасны элит үр хурааж, нэг га-гийн үрийн ургацыг 2.5 центнерт хүргэсэн амжилтаар Монгол улсын ургацын аврага бригадаар шалгарч диплом, мөнгөн шагналаар шагнуулж байлаа. 

    -Манай мал сүрэг жилээс жилд өсөөд 70 гаруй саяд хүрсэн. Гэтэл өнөө болтол тэжээлийн үйлдвэрлэлд төдийлэн ач холбогдол өгөхгүй. Тэжээлийн олонг анст ургамлын үрийн аж ахуй огт байхгүй байгаа нь юутай холбоотой вэ? 

    1980-аад оны дундуур манай оронд тэжээлийн нэг, олон наст ургамлын үрийн аж ахуйн нэгдсэн систем бүрэлдэн тогтсон байв. Харамсалтай нь улс орон зах зээлд шилжсэнээр дээрх систем бүрэн нуран унаж. Хэн дуртай нь хаанаас ч хамаагүй чанартай, чанаргүй үр оруулан ирдэг болсон. Түүнчлэн тэжээлийн олон наст ургамлын үрийг дотооддоо үйлдвэрлэж байгаа нэг ч аж ахуйн нэгж одоо алга байна. Энэ нь төрийн бодлого байхгүй, хөрөнгө мөнгөний дутагдалтай холбоотой. Манай Увс аймаг бол Царгас тариалахад ялангуяа царгасны үр үйлвэрлэхэд хамгийн тохиромжтой нутаг. Хархираагийн болон Баруунтурууны хоёр услалтын систем нь өөрийн даралтаар ажилладаг, гайхамшигтай систем байлаа. Өмнөх тогтолцооны үед Царгас болон бусад олон наст ургамал тариалж жилд хоёр удаа ургац хурааж баруун 3-4 аймгийн тэжээлийн хэрэгцээг бүрэн хангаж байлаа. Зах зээлтэй цуг нуран унаж төмрийн хогонд ачигдсан. Харин одоо Баруунтурууны услалтын системийг “Түмэн шувуут”-ын Л.Эрхэмбаяр сэргээж олон зуун га-д хамгийн сүүлийн үеийн нэг төвтэй бороожуулагч суурилуулж царгас тариалж эхлээд байна. Энэ бол туйлын сайшаалтай, ухаантай арга хэмжээ болсон.

    "Царгас тариалах гэж байгаа хүмүүст зөвлөхөд Монгол орны хаана ч тарьсан услах боломжтой газартай байх хэрэгтэй"

    -“Царгас тариалах агро зөвлөмж” гээд таны ном байдаг тухай сонссон. Таны номыг хаанаас авах вэ, хүссэн хүн бүр авч болохоор хүрэлцээтэй юү? Ярилцлагын төгсгөлд та манай сэтгүүлээр дамжуулаад царгас тариалагчдад үнэтэй зөвлөгөө өгнө үү? 

    -Тиймээ, эрдэмтэд өөрийн хийсэн судалгааны үр дүнд тулгуурлан заавар зөвлөмж боловсруулж, тухайн ургамлыг тариалах сонирхолтой хүмүүст өгч тусалдаг. Миний хамгийн сүүлд боловсруулсан “Царгас тариалах агро зөвлөмж” нэртэй, өнгөт зурагтай, маш нарийн аргачилсан гарын авлага байгаа. Надтай 99748154 утсаар холбоо бариад авч болно. Мөн шаардлагатай бол найдвартай нутагшсан сортын үрээр хангаж, зориултын үрлэгчээр үрийг нь суулгаж өгөх зэргээр хамтарч ажиллаж болно. Царгас тариалах гэж байгаа хүмүүст зөвлөхөд Монгол орны хаана ч тарьсан услах боломжтой газартай байх хэрэгтэй. Усалгааны эх үүсвэр сайтай, услах систем найдвартай байх. Хашаа хамгаалттай байх, Царгас тариалах зохих мэдлэгтэй байх, Тарих үрийн сонголтыг зөв хийх, Царгас тариалах технологийг нарийн чанд мөрдөж, Хөрс боловсруулалтыг маш сайн хийх, Үрийн нормыг зөв тохируулах, Үр суулгах гүн, усалгааны норм зэргийг маш сайн баримтлах хэрэгтэй. Эцэст нь манай нутгийн нэг эрдэмтэн ахын хэлсэн билэгтэй сайхан үгээр ярилцлагаа төгсгөе гэж бодлоо. “Царгас идсэн мал таргалж, тарьсан хүн баяждаг” гэж миний нэг бүтээлийг нэрлэсэн байсан. Надад их таалагдсан үг л дээ.

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...