• Агробизнес

    Экспортыг тэлэх хамгийн боломжит салбар нь хөдөө аж ахуй

    “Монгол-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2022 оны зургадугаар сарын 21-ний өдөр Монголбанкны байранд боллоо. Энэхүү Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Монголбанк, МҮХАҮТ, ШУА, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран зохион байгуулж, хоёр  орны худалдаа, эдийн засгийн цаашдын хөгжлийн төлвийн талаар санал солилцлоо.

    Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд манай өмнөд хөрш БНХАУ маш том байр суурийг эзэлдэг. Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны хүрээг өргөтгөн хөгжүүлэх зорилгоор Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг 2008 онд батлан 5 жилийн хугацаанд хэрэгжүүлж, хоёр орны хөгжлийн шинэ үе шаттай уялдуулан эрх тэгш, харилцан ашигтай, хамтдаа хөгжих зарчмын дагуу 2014 онд шинэчилсэн бөгөөд энэ 2022 онд хоёр дахь удаагаа шинэчлэн байгуулахаар тохиролцоод байгаараа цаг үед энэ бага хурал болж байгаагаа онцлог юм.

    2014 онд шинэчилсэн хөтөлбөрт хамтын ажиллгааны зорилт 1, чиг хандлага 7, бараа худалдааны 7, үйлчилгээний 9, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 4, төсөл, хөтөлбөр 4, хөгжлийн албан ёсны тусламж 5, дэд бүтцийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагаа 11, эрдэс баялаг, эрчим хүчний 6, барилга, хот байгуулалтын 6, ХАА, хөнгөн үйлдвэр, хорио цээрийн хамтын ажиллагааны 13, байгаль орчин хамгаалах чиглэлийн 6, хилийн хамтын ажиллагааны 13, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны 6 нийт 90 гаруй арга хэмжээ тусгагдсаны дийлэнх нь амжилттай хэрэгжжээ.

    Энэ онд шинэчлэх хөтөлбөрт тусгагдах арга хэмжээ нь Монгол Улсын урт хугацааны “Алсын хараа 2050” бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга, “Даян дэлхийн нийтийн хөгжлийн санаачилга” зэрэг зорилтыг харилцан уялдуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялаг, эрчим хүч, харилцаа холбоо, дэд бүтцийн байгуулалт, цахим эдийн засаг болон ногоон хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдэнэ хэмээн ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан илтгэлдээ онцоллоо.

    Хоёр орны гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг 2021 онд /Ковид-19 цар тахлын үр дагавар 2020 онд нөлөөлсөн/ биелүүлж, худалдааны хэмжээ 10.1 тэрбум ам.долларт хүрчээ.

    Монгол Улс, БНХАУ-ын гадаад худалдааны эргэлт

                                    2014       2015       2016       2017       2018       2019       2020       2021

    Импорт               1,729     1,360     1,040     1,412     1,969     2,036     1,892     2,490

    Экспорт               5,070     3,897     3,883     5,269     6,505     6,772     5,489     7,630

    Нийт                      6,800     5,260     4,920     6,720     8,420     8,800     7,380     10,100

     Эх сурвалж: ГЕГ-ын статистик мэдээлэл

    Гэвч өсөлт тогтвортой биш, экспортын хэмжээ өсөх, буурах хэлбэлзэл нь Монгол орны экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болон нүүрс, зэсийн баяжмал зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн ханшаас ихээхэн шалтгаалж байна. БНХАУ-д экспортолж буй барааны нэр төрөл нэмэгдэж байгаа ч үнийн дүнгийн 90 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Өнгөрсөн 2021 онд Монгол Улс дэлхийн 64 оронд бараа экспортолсоноос БНХАУ-д 82.6 хувийг, 159 орноос гарал үүсэлтэй бараа импортолсоноос БНХАУ 36.4 хувийг эзэлж байна.

    Цаашид 2027 он гэхэд хоёр тал худалдааны хэмжээг жилд 10 хүртэл хувиар нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа юм.

    Монгол Улсын экспортын бүтцэд уул уурхайн бүтээгдэхүүн 90 гаруй хувийг эзэлж байгааг өөрчлөн солонгоруулах шаардлага байгааг хуралд оролцогчид онцлон тэмдэглэж байсан бөгөөд хамгийн боломжит салбар нь ХАА гэдэгтэй олон хүн санал нийлж байна. ХАА -н салбар бол харьцангуй нөөц ихтэй, салбарын суурь хөгжил тодорхой хэмжээнд тавигдсаныг онцолж байна. 

    БНХАУ руу хийж байгаа Монгол Улсын экспортын 60 орчим хувь нь ӨМӨЗО-д ногдож байна. Үлдсэн 40 хувь нь Ганьсу болон Шинжаан-Уйгурын Өөртөө засах оронд ногдож байна. ӨМӨЗО-ны нийт импортод Монголын экспортын эзлэх дүн 45 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд ӨМӨЗО нь БНХАУ-ын 31 мужаас 23 дахь том импортлогч, экспортлогч юм. Монголын Хятад руу хийж байгаа экспортын гол гурван муж болох ӨМӨЗО, Ганьсу, Шинжаан-Уйгурын ӨЗО-ы нийт импорт 17.9 тэрбум ам.доллар, нийт экспорт нь 24.1 тэрбум ам.доллар буюу манай орны импорт, экспортоос 2.33 болон 3.17 дахин их байна. Энэ том зах зээлийг ашиглан экспортын хэмжээг нэмэгдүүлэх бүрэн боломж байгаа бөгөөд гол үйлдвэрлэлийн бааз, экспортын дамжин өнгөрөлтийн цэг нь хилийн аймаг, сумууд болж байгааг ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн Эдийн засгийн аюулгүй байдлын төвийн шинжээч, докторант Э.Энхтайван хэлж байна.

    “БНХАУ нь гадаад худалдааны хөгжлийг шат дараатай, прагматик тогтвортой бодлогоор хангаж, тухайн бодлогын үр ашигтай байдал буурах үед өөрчлөлт, шинэчлэлийг цаг алдалгүй хийсээр байна. 1978 оноос эхэлсэн “шинэтгэл, нээлттэй бодлого”-ын эхний үеийн голлох стратеги нь аж үйлдвэрийг хөгжүүлж, экспортод чиглэх, олон улсын интеграцид аль болох нэгдэх байсан. Харин сүүлийн үеийн стратеги нь олон улсад нээлттэй байдлын шинэ хэв маягийг бий болгох, үүнд экспортоос гадна импортыг тэлж, дотоодын аж үйлдвэрийн шинэчлэлийг тэтгэх, цахим болон үйлчилгээний худалдааг хөгжүүлэх, инновацаар технологийн болон институцийн чадавхаа бэхжүүлэх, улмаар олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд “дүрэм дагагч бус, дүрэм тогтоогч болох” болон өөрчлөгдөж байна. Цаашид Монгол орны аж үйлдвэр, худалдааны хөгжилд Хятад төвтэй нэмүү өртгийн сүлжээ томоохон нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Тиймээс тус улсын худалдаа, аж үйлдвэрийн бодлого, хөгжлийн стратегийг нарийвчлан судалх, дунд болон урт хугацааны хөгжлийн бодлоготой зохицуулах, илүү үр ашигтай хувилбарыг олох шаардлагатай байгаа”-г ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн хятад судлалын салбарын ЭША, доктор (Ph.D.) М.Эрдэнэбаяр илтгэлдээ дүгнэлээ.

    2021 оны байдлаар Монгол Улсад БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 7,543 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс худалдаа, нийтийн хоолны салбарт 72,1% буву 5,438 аж ахуйн нэгж байна.

    БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо

    Салбар                                                                         Тоо

    Эрчим хүч                                                                   16

    Эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээ                      12

    Цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэл                     12

    Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл                       98

    Худалдаа, нийтийн хоол                                         5438

    Хөнгөн үйлдвэр                                                        100

    ХАА, газар тариалан, МАА                                      93

    Үнэт зүйлс, бэлэг дурсгал                                        2

    Тээвэр                                                                         136

    Соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан             20

    Нийтийн ахуйн үйлчилгээ                                     13

    Мэдээлэл, холбооны технологи                            29

    Мебель, модон эдлэл                                              51

    МАА-н гаралтай түүхий эд                                     128

    Инженерийн барилга, байгууламж                     271

    Гэр ахуйн хэрэгслийн үйлдвэрлэл                       13

    Геологи, уул уурхайн эрэл хайгуул                     167

    Гадаад худалдаа, нийтийн хоол                           0

    Бусад                                                                          797

    Банк, санхүүгийн үйл ажиллагаа                        12

    Аялал жуулчлал                                                       134

    Эх сурвалж: Гаалийн мэдээллийн статистикийн сан /e-customs.mn/

    Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 6 багц асуудлыг шийдвэрлэхээр тусгаснаас хэд хэдэн том төслийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Эдгээр нь Эрдэнэбүрэнгийн УЦС барих төсөл, харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төсөл, Хилийн боомтын дэд бүтэц төсөл юм.

    Д.НАРАНТУЯА

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...