• Кластер

    Н.Энхтөр: ЖДҮ-ийн зээлд 571 аж ахуйн нэгжийн 82,4 тэрбум төгрөгийн зээлийн төслийг хүлээн авсан

    Жижиг, дунд үйлдвэрийн 2022 оны зээлийн төслийн сонгон шалгаруулалтын явцын талаар ЖДҮГ-ын Зээл төслийн хэлтсийн дарга Н.Энхтөрөөс тодрууллаа.

    -Энэ жилийн жижиг, дундын зээлийн төслүүдийг наадмын өмнө хүлээн авсан. Материал хүлээн авах нэг сарын хугацаанд хэр их төсөл ирэв, ямар онцлогтой болж байна вэ?

    -2022 оны хувьд зургадугаар сарын 6-наас долдугаар сарын 6-ны хооронд 30 хоногийн хугацаанд ХХААХҮ-ийн сайдын баталсан ерөнхий нөхцөлийн дагуу төслүүдийг цахимаар хүлээн авсан. 2020 оноос зөвхөн Улаанбаатар хотоос хүсэлтүүдийг цахимаар авч байсан бол энэ жилээс орон нутгийн хүсэлтийг цахимаар хүлээж авч, нийтэд нь цахимаар хийж байгаараа онцлог байлаа.

    30 хоногийн хугацаанд тус цахим системд 867 аж ахуйн нэгж 105,4 тэрбум төгрөгийн хүсэлтийг анхан шатандаа ирүүлсэн. Үүнээс хүсэлт хүлээн авах хугацаа дуусах үед баталгаажуулалт хийхэд 571 аж ахуйн нэгжийн 82,4 тэрбум төгрөгийн зээлийн төслийг хүлээн авсан. Одоо эдгээр 571 аж ахуйн нэгжийн зээлийн материалыг шалгаж байна. Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу энэ шалгаруулалт хийгдэж байна. Тус журмын дагуу дөрвөн  үе шаттай хийгдэнэ

    -Дөрвөн шатанд ямархуу байдлаар шалгаруулалт хийгддэг вэ?

    -Нэгдүгээр шатанд баримт бичгийн иж бүрдэл буюу тухайн төсөлд шаардлагатай бүх баримт бичгийг ирүүлсэн эсэхийг хянана, хоёрдугаар шатанд төслийн үнэлгээ буюу цаасан хэлбэрийг үзэж үнэлгээ өгнө, гуравдугаар шатанд нарийвчилсан үнэлгээ хийгдэнэ, тухайн төслийг хэрэгжүүлж байгаа газарт нь  очиж үнэлнэ, дөрөвдүгээр шатанд ТББ-уудын оролцоо бүхий төслийн Үнэлгээний хороо хэлэлцэнэ. Тус  хороонд төсөл хэрэгжүүлэгч өөрөө төслөө танилцуулдаг.

    -Сонгон шалгаруулалт хэзээ эцэслэж дуусах  вэ?

    Өнөөдрийн байдлаар нэгдүгээр шатны ажил хийгдэж дууссан. Энэ шатанд олон ажил хийгддэг. Тухайлбал, төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд байгаа эсэхийг тулгаж шалгана. Төрийн өндөр албан тушаалтан 400 гаруй хүний гэр бүл хамаарал бүхий хүмүүс гээд үзэхээр бараг 700-800 гаруй компани болдог, эдгээртэй нэгбүрчлэн тулгана гэсэн үг.

    Өнөөдрийн байдлаар нийтдээ 23 орчим тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүхий 181 төсөл шигшигдэж үлдсэн байна. Урьдчилсан үнэлгээ хийж дуусаад, энэ  долоо хоногоос төслийн нарийвчилсан үнэлгээ хийхээр таван баг 21 аймаг руу явах гэж  байна.

    Дөрөвдүгээр шатыг есдүгээр сардаа багтаахаар төлөвлөж ажиллаж байна. Аравдугаар сардаа зээлийн гэрээ байгуулаад санхүүжилт олгохоор төлөвлөж байна.

    -ЖДҮ-ийн зээлийг ямар төсөл нь хаанаас санхүүжилтээ авахыг тодруулъя. Хүмүүсийн олонх нь мэдэж байгаа байх. Гэхдээ энэ зээлийг шинээр сонирхож байгаа хүмүүст хэрэгтэй. ЖДҮС-гаас шууд олгодог, орон нутгийн, банкаар дамжиж санхүүжилт хийгддэг гээд өөр өөр байгаа шүү дээ.

    -2019 онд батлагдсан ЖДҮ-ийг дэмжих тухай хуулиар ангиллыг тодорхой болгож, ангилалд тохирсон санхүүжилтийг олгодог болсон. Энэ хуулиар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зөвхөн бичил ангилалд хамаарах аж ахуйн нэгжийг санхүүжүүлнэ. Энэ ангиллын зээлийн дээд хэмжээ 300 сая төгрөг. Жижиг, дунд ангилалд ороод ирвэл зээлийг заавал арилжааны банкаар дамжуулж авна. Энэ жилийн хувьд арилжааны банкаар дамжуулан авах 6,8 тэрбум төгрөгийн 17 төслийн хүсэлт ирсэн. Эдгээр төслийг ЖАЙКА-гийн санхүүжилттэй Байгаль орчныг хамгаалах, ЖДҮ-ийг дэмжих төслийн зээлд хамруулахаар төслийн нэгж рүү бүх мэдээллийг хүргүүлээд, арилжааны банк руу дамжуулахаар ажил хийгдэж байна.

    Үүнээс гадна орон нутаг өөрсдөө санхүүжилт гаргаад зээл олгож болдог. Үүний нэг нь Өмнөговь аймаг байна. Өмнөговь аймгийн хувьд 5.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг манайд өгөөд сан холбогдох журмын дагуу шалгаруулалтыг нь  хийгээд санхжүүжүүлдэг. Энэ дагуу 32 төсөлд 3,8 тэрбум төгрөгийн санхжүүжилт олгохоор шийдвэрлээд байна. Сангаас олгох шууд зээлийн хүү гурван хувь, арилжааны банкаар дамжуулж олгох зээлийн хүү зургаан хувьтай байдаг.

    -Зээл хүссэн  аж ахуйн нэгжүүдийг харахад энэ жил аль салбарт зээл их хүссэн байна вэ?

    -Сайдын баталсан журмын дагуу зээл хүлээж авах есөн салбар байгаа. Үүнээс хамгийн их хүсэлт орж байгаа нь хүлэмжийн аж ахуй, дараа нь хүнсний зориулалттай зоорь, агуулах барих төслүүд, гуравдугаарт, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр, дөрөвдүгээр, оёдлын үйлдвэрийн төсөл хамгийн их ирж байна. Нийт төслийн 70 орчим хувийг дээр дурдсан чиглэл эзэлж байх жишээтэй.

    -Зээл олгохоос гадна ЖДҮ-лэгчдийг хөгжүүлэх чиглэлд ямар ажил хийж байна вэ?

    -Зээл олгохоос гадна зээл төлөлтийг сайжруулах чиглэлд ажилладаг. АНУ-ын Хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж байгаа “Best” гээд төсөл байгаа. Манайхаас санхүүжилт авч чадаагүй ч бусад санхүүгийн байгууллагуудаас зээл авахад зуучлал хийж байна. Мөн зээл авсан компаниудын зээл төлөлтийг сайжруулахаар компанийн засаглал, хүний нөөцийн менежмэнтийн сургалтуудыг энэ хөтөлбөртэй хамтраад хийж байна. 2021 онд өмнө олгосон бүх зээлийн хэрэгжилтийг тойрч шалгасан. Зээл авсан компаниуд нийлээд клуб байгуулан ажиллаж байна. Өөр өөрсдийн туршлагаа хуваалцан, ажлаа сайжруулж байна.

    -ЖДҮ-үүдэд улсын төсөвт хөрөнгө суулгахгүй зөвхөн зээлийн эргэн төлөлтөөрөө санхүүжилт хийж байгаа. Зээлийн эргэн төлөлт хэр байна вэ?

    -Манайх энэ жил 15,4 тэрбум төгрөгийг Засгийн газрын бондын төлбөрт төлнө. 2011 онд ноос, ноолуурын үйлдвэрийг дэмжих чиглэлээр бондоос 290 тэрбум төгрөгийн зээл  олгосон. Үүний төлбөр хийгдээд одоо бараг дуусч байна. Үлдсэн 20 тэрбум төгрөгийг 2022 оны төслийн  санхүүжилтэд гаргахаар ажиллаж байна. Үүний 10,5 тэрбумыг нь 21 аймагт тус бүр 500 саяар, үлдсэнийг Улаанбаатар хотын аж ахуйн нэгжийн санхүүжилтэд олгоно.  

    -Эдийн засгийн нөхцөл байдлаас хамаараад энэ жил банкны зээл муу байгаа шүү дээ. Тэгвэл танайх ЖДҮ-ийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлд олон улсын байгууллагуудтай  хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

    -Санхүүжилтийг аль болох уялдаа холбоотой байлгах тал дээр анхаарч байна. Тухайлбал, арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн хүрэлцээ муу байгаа учраас ЖАЙКА-гийн Байгаль орчныг хамгаалах, ЖДҮ-г дэмжих төслийн санхүүжилтийг ашиглаж байна. Мөн энэ жилийн хувьд Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийг хамтран хэрэгжүүлж байна.  

     И.ОТГОНЖАРГАЛ

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...