Монголын тариаланчдын үндэсний холбоо: Нэг га талбайн бодит өртөг 1-1.2 сая төгрөг байна
Улсын Ургацын комисс 2022 оны наймдугаар сарын 23-нд хуралдаж, энэ намар ХААДС-нд хүлээн авах улаан буудайн үнийг тогтоосон. Улаан буудайн үнийг
1-р ангилал, 1 тонн-1.000,000 төгрөг
2-р ангилал, 1 тонн-970,000 төгрөг
3-р ангилал, 1 тонн-940,000 төгрөг
4-р ангилал, 1 тонн-880,000 төгрөг байхаар тогтоосон.
Өнгөрсөн 2021 онд 1-р ангиллын улаан буудайг нэг тонныг нь 800,000 төгрөгөөр худалдан авч байжээ. Үнэ ийнхүү өсөх болсныг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Хөрш орнуудад үүссэн дайны нөхцөл байдал, ковидын цар тахлаас шалтгаалж газар тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай бүх орцын үнэ 30-35 хувь өссөн”-тэй холбоотой хэмээн тайлбарласан.
ХХААХҮЯ улаан буудайн үнийг Монголын тариаланчдын үндэсний холбоотой хамтран хэлэлцэж, үйлдвэрлэлийн бодит үнэ өртөг болон дэлхийн зах зээл дээрх үнэ ханш зэрэг хүчин зүйлсийг харгалзан тогтоосноо онцолсон. Монголын тариаланчдын үндэсний холбооноос наймдугаар сарын 24-ний өдөр хэвлэлийн бага хурал зарлан улаан буудайн үнийг өсгөхөөс өөр аргагүй байсан талаар мэдээллээ.
“Энэ жилийн цаг уурын байдал газар тариаланд таатай сайхан жил тохиож байна. Одоо буудайн ургац хураалт, ангилан хадалт эхэлж байна. Өнгөрсөн хавар 380-400 мянган га талбайд буудай тариалах зорилт дэвшүүлсэнээс 330 мянган орчим га талбайд хүнсний улаан буудай тариалсан. Энэ жил ойролцоогоор 50 мянга орчим га талбайгаар дутуу тариалалт хийгдсэн. Үүнд олон шалтгаан нөлөөлсөн. Тухайлбал, газар тариалангийн үйлдвэрлэлд хэрэглэдэг туслах материалуудаас эхлээд бодис, бордооны үнэ өссөн. Хаврын тариалалтаас хойш газар тариалангийн бараа бүтээгдэхүүний үнэ 30-40 хувь нэмэгдээд байна.
Ургац хураалтын энэ үед тариаланчдад санхүүгийн мөнгөн хөрөнгийн урсгал их шаардагддаг. Ажилчдадаа өгөх цалин, шатах тослох материалуудаа худалдаж авах, хураалтын техникийн сэлбэг авах зэрэг олон зардал хэрэгтэй болдог. Гэтэл тариаланчид эдгээр хэрэгтэй зүйлсээ авч чадахгүй хүнд нөхцөл байдалд энэ намрын ургац хураалт эхлэх гэж байна.
Нэгдүгээрт, банкнууд зээлээ хумисан, хавар өгсөн бага хувийн хүүтэй зээлүүдээр 60-70 хувийн биелэлттэй эргэлтийн хөрөнгөд зарцуулсан. Тиймээс ургац хураалтад тариаланчид банкнаас зээл авч чадахгүй хэмжээнд байна. Банкууд зээл гаргахгүй байгаагаас санхүүгийн бусад байгууллагаас өндөр хүүтэй зээл авах шаардлага гарсан. Энэ бүхний ард үйлдвэрлэлийн зардал өсөх суурь нөхцөл бүрдсэн.
ХХААХҮЯ энэ намар ХААДС-нд худалдан авах буудайн үнээ зарласан. Төрийн худалдан авалт нь тухайн жилийн хүнсний буудайн худалдан авалтын жишиг үнэ болдог. Төрөөс санал болгосон үнэ маш бага байгаа юм. Бидний тооцсон өртгөөр нэг га талбайн зардал 1.080,000-1.280,000 төгрөгийн хооронд гарсан. Хэрэв нэг сая төгрөгөөс доош үнээр зарвал тариаланчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн өртгөөсөө доош үнэлэгдэнэ. Алдагдал хүлээнэ гэсэн үг.
ХХААХҮЯ буудайн үнийг дөрөв ангилж зарласан байсан. Цаашдаа хүнсний буудайг олон ангилдаг стандартыг өөрчлөхийн төлөө манай холбоо ажиллана. Буудайг олон ангилснаар бүтээгдэхүүнийг үнэ цэнгүй болгох, хямд үнээр тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг үнэгүйдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.
ХХААХҮЯ энэ жилийн бодит ургацын хэмжээг 400 мянга гаруй тонн буудай хураана гэж зарласан байсан. Нийт хураасан буудай цэвэрлэгээний дараа зургаа орчим хувийн хорогдолтой гардаг. Энэ дүнгээр тооцвол 380 мянга орчин тонн буудай хурааж магадгүй гэсэн урьдчилсан төлөв гарсан. Улаан буудайны үрийг дараа жилийн ургац хураалтад хадгалах, спиртийн болон бусад үйлдвэр худалдаж авна гэж тооцвол цэвэр гурил үйлдвэрлэлд 220-230 мянган тонн борлуулагдана гэж тооцоолсон. Өмнө жилийн үлдэгдэл нөөцтэй нийлээд дотоодын хэрэгцээг чадан ядан хангах хэмжээний ургац хурааж авна гэсэн урьдчилсан дүн гарсан” хэмээн Монголын тариаланчдын үндэсний холбооноос мэдээллээ.
ХХААХҮЯ-наас мэдээлснээр 2022 оны ургацын урьдчилсан балансаар 470 мянган тонн үр тариа, үүнээс 441 мянган тонн улаанбуудай, 234 мянган тонн төмс, 126 мянган тонн хүнсний ногоо, 56 мянган тонн тосны ургамал, 104 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарсныг ХХААХҮЯ мэдээлж байна. Энэ балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 орчим хувийг дотоодын ургацаас хангах боломжтой юм.
А.ЧАНДМАНЬ