Газар тариалангийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцлаа
Монгол улсын нийт
экспортын 90 гаруй хувийг уул уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлж, үлдсэн 10 хүрэхгүй
хувь нь уул уурхайн бус салбар эзэлж байна. Уул уурхайн бус салбарын экспортод
эзлэх жинг нэмэгдүүлэх бодлогыг Монгол Улсын Засгийн газар баримтлан ажиллаж байна.
Уул уурхайн бус салбарын бүтээгдэхүүнийг экспортын зонхилох хувь хөдөө аж ахуйн
салбарт ногдож байгаа юм.
Уул уурхайн бус
салбарын экспортыг дэмжих ажлын хүрээнд “Газар тариалангийн бүтээгдэхүүнийг
экспортлох үйл ажиллагаа, боломж, туршлага, шийдэл” сэдэвтэй хэлэлцүүлгийг 2022
оны есдүгээр сарын 6-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт бодлогын яам,
экспортыг дэмжих чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй олон улсын байгууллага,
экспорлогч аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцож санал бодлоо хуваалцлаа. Тухайлбал,
НҮБ-ын ХХААБ, Дэлхийн Банк, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлогч MCS, “Ивээл буудай”, ТЭСО, Махны холбоо зэрэг
байгууллагын төлөөлөл оролцлоо.
ХХААХҮЯ-ны
мэдээгээр 2017-2020 оны хооронд уул уурхайн бус 1500 орчим аж ахуйн нэгж их,
бага хэмжээгээр экспорт хийсэн бөгөөд нийт экспортын 70 орчим хувь нь 30 аж
ахуйн нэгжээс хамааралтай байгаа төдийгүй тэдний ердөө хоёр нь л бэлэн
бүтээгдэхүүн экспортолсон ажээ.
Сүүлийн хоёр жил
экспортын хэмжээ буурсан нь КОВИД-ын цар тахал, мөн тээвэр ложистикийн хүндрэлээс
шалтгаалжээ. Тухайлбал, 2021 онд 35 мянга орчим тонн рапс хураасан ч энэ ургац
бараг хоёр жил агуулахад байгаа ажээ. Цар тахлын улмаас гол экспортлогч Хятад өнгөрсөн
2021 онд импортоо түр зогсоосон ч энэ оны тавдугаар сард импортоо сэргээхээ мэдэгдсэн
ч Монголын талын тээврийн хүндрэлээс болж бүрэн экспортолж чадаагүй байна. Нэгэнт
хураасан ургацаа экспортлохын тулд аж ахуйн нэгжүүд ОХУ-аас вагон түрээсэлж өнгөрсөн
наймдугаар сард дөнгөж 3000 тонныг экспортолж чадсан байна. ОХУ-аас түрээсэлсэн
вагоны гурван сарын төлбөр 500-600 сая төгрөг болж байгаа нь экспортлогч аж
ахуйн нэгжид хүнд дарамт болж байгааг хэллээ. Өнгөрсөн оны рапсын ургацаа
ийнхүү экспортолж чадаагүй байхад энэ жилийн балансаар 100 орчим мянган тонн
рапс хураан авахаар байгаа ажээ. Өнгөрсөн оны болон энэ оны рапсын ургацыг 2020
оны ханшаар тооцоход 270 орчим тэрбум төгрөг болох бөгөөд энэ мөнгийг түгжээнээс
гаргах тал дээр шийдэл олох хэрэгтэй байгааг аж ахуйн нэгжийн төлөөллүүд
учирлалаа.
Газар
тариалангийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд газар зүйн заалттай
бүтээгдэхүүн хөгжүүлэх шаардлагатай хэмээн НҮБ-ын ХХААБ-ын төлөөлөгч А.Амгалан
илтгэлдээ дурдлаа. Ялангуяа хоёр хөрш орон маань газар тарианлангийн бүтээгдэхүүнээр
дэлхийд тэргүүлэгч улсууд байхад газар зүйн заалттай бүтээгдэхүүн хөгжүүлэх нь
Монголын онцлогт тохирно хэмээн хэллээ. Өнөөдрийн байдлаар Монголын нэг л
бүтээгдэхүүн газар зүйн заалттай бүтээгдэхүүнийг экспортод бүртгүүлээд байна.
Энэ нь “Увс хүнс” компанийн чацаргана бөгөөд энэ бүтээгдэхүүн Европын холбоонд
бүртгүүлээд байна. “Увс хүнс” компани 2019 оноос чацарганыг Европын холбоонд газар
зүйн заалттай бүтээгдэхүүнээр бүртгүүлэх ажлыг хөөцөлдөж тууштай явсаны дүнд
энэ 2022 оны нэгдүгээр сард бүртгүүлж, гуравдугаар сард гэрчилгээгээ авчээ.
Газар зүйн заалттай бүтээгдэхүүнээр тодорхойлуулах нь тухайн бүтээгдэхүүнд онцгойрол,
ялгарлыг нь газар зүйн байршилтай уялдуулан баталгаажуулж өгдөг учраас зах
зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг онцлогтой. Дэлхийн улс орнуудад энэ
төрлийн экспортыг амжилттай хэрэгжүүлж байгаа олон туршлага байдаг. Европын
холбооны зах зээлд газар зүйн заалттай бүтээгдэхүүний жилийн борлуулалт 75
тэрбум еврод эргэлдэж байгаа бөгөөд үүнийг 51%-ийг дарс, 35%-ийг ХАА-н гаралтай
бүтээгдэхүүн эзэлж байна.
Өнөөдрийн
байдлаар Монголд газар зүйн заалттай импортын 45 бүтээгдэхүүн бүртгэгджээ.
Газар зүйн
заалт гэж юу вэ?
Монгол Улсын Барааны
тэмдэг, газар зүйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.4-т "Газар зүйн заалт
гэж тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, эсхүл тухайн газар нутгийн
хүмүүсийн дадал заншил зэрэг хүчин зүйлээр тодорхойлогдсон чанар, нэр хүнд,
бусад онцлог шинж чанар бүхий бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн улс, бүс,
газар нутгийн газар зүйн нэрийг хэлнэ” хэмээн заасан байдаг.
Газар зүйн
онцлог гарал үүсэлтэй болохынхоо хувьд өвөрмөц чанар, өндөр нэр хүнд олж авсан
бараанд хэрэглэдэг нэг ёсондоо тэмдэг юм . Тухайн бараа бүтээгдэхүүнийг таних
тэмдэг нь газар зүйн заалт мөн болох эсэх нь үндэсний холбогдох хууль тогтоомж,
дээр нь нийт хэрэглэгчдийн хэр зэрэг хүлээн авахаас шалтгаалдаг.
Үйлдвэрлэгдсэн
газрынхаа газар зүйн нөхцөлтэй шууд холбогдсон онцлог шинж бүхий бараанд
хэрэглэдэг газар зүйн заалтын онцгой төрөл нь үүсэл гарлын нэр юм. Гарал
үүслийн газрын нэр нь газар зүйн заалт гэсэн ойлголтод багтдаг. Олон улсад нэрд
гарсан бүтээгдэхүүн гэвэл Францын Бордо мужид үйлдвэрлэсэн “Бордо” дарс, Кубын
Гаванад ургуулсан “Абана” тамхи гэх зэрэг бүтээгдэхүүн бий.
Газар зүйн
заалтыг зөвхөн бүртгүүлсэн этгээд өөрийн үйлдвэрлэлдээ ашиглах эрхтэй бөгөөд
байнга оршин суугаа газар нь уг үйлдвэрлэл эрхлэх газар нутаг байна.
Бүртгэгдсэн газар зүйн заалтад хамаарах газар нутагт үйл ажиллагаа явуулдаг,
газар зүйн заалтыг бүртгүүлэхээс өмнө мэдүүлэгт дурьдсан барааг тогтмол
үйлдвэрлэж байсан этгээд уг газар зүйн заалтыг үргэлжлүүлэн ашиглах эрх эдэлнэ.
Газар зүйн заалтын бүртгэлийн хүчинтэй байх хугацаа нь гагцхүү тухайн барааны
онцлог шинж чанар нь тухайн газар зүйн нөхцөл, хүмүүсийн дадал заншилтай шууд
холбоогүй болсон тохиолдолд дуусгавар болно.
Монгол Улс хөдөө
аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох нөөц боломж байгаа ч импортлогч орны чанар,
стандартын шаардлагыг хангахгүй байх тохиолдол түгээмэл байна. Ялангуяа гол
экспортлогч орон болох БНХАУ-ын импортын бараа, бүтээгдэхүүндээ тавих
шаардлага, нөхцөл улам нарийсч байгааг хэлэлцүүлэгт онцоллоо. Энэ 2022 оны
нэгдүгээр сараас БНХАУ улс импортын бараа, бүтээгдэхүүнд тавих шаардлага,
шалгуурыг шинэчилсэн бөгөөд хамрах бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлж, чанар,
стандартын илүү нарийн шаардлагуудыг тавих болсныг Монголын экспортлогч компаниуд
нарийн судлах шаардлагатай байгааг хэлэлцлээ.
Экспортлогч аж
ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх, уул уурхайн салбараас хэт хамааралтай эдийн
засгийг солонгоруулах Засгийн газрын бодлогын хүрээнд Дэлхийн Банкнаас Түншлэлийн
хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж байна. Түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд
экспортын чиглэлтэй, тодорхой шалгуурыг хангасан аж ахуйн нэгжүүдэд 50 мянган
ам.доллар, кластерт 100 мянган ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлж байна.
Хөтөлбөрөөс дэмжлэг хүртэгч нь гэрээгээр зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг өөрийн эх
үүсвэрээс санхүүжүүлж, гүйцэтгэсний дараа уг үйл ажиллагааны зардлын 50 хувьтай
тэнцэх дүнгээр төслийн зүгээс нөхөн санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөр экспортын
чиглэл бүхий хөдөө аж ахуйд суурилсан боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал,
мэдээллийн технологи, соёлын бүтээлч үйлдвэрлэл гэсэн салбаруудыг онцгойлон
дэмжиж байгаа юм. Энэхүү хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд ирэх
2023 оны гуравдугаар сар хүртэл хүсэлтээ өгч болох юм.
Д.НАРАНТУЯА