• Агробизнес

    Рапсын тосон дахь Е амин дэмийг хадгалах аргыг Канадад туршиж байна

    Рапсыг боловсруулах явцад Е амин дэмийг 10 дахин өндөр хадгалах аргыг Канадын эрдэмтэд гаргасан байна. Рапсын үрийг нүүрсхүчлийн хий, ус хоёрыг ашиглан өмнө гаргаж байснаас 10 дахин өндөр Е амин дэмийн агуулгатай тос гаргаж авсан тухай www.producer.com портал мэдээлжээ.

    Рапсын тосны дэлхийн зах зээл өнөөдөр хэдэг тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Рапсын үрэнд ашиг шимтэй олон бодис, эмин дэм агуулагдаж байдгийн нэг нь Е амин дэм юм. Канадын Хөдөө аж ахуйн яам болон Канадын Манитобын Их сургуулийн эрдэмтэд хамтран боловсруулсан рапсын тос шахах аргаар гаргаж авсан тос нь үрэнд агуулагдаж байгаа байгалийн Е амин дэмийн 90 хүртэл хувь хадгалж байгааг мэдээнд онцолсон байна.

    “Е амин дэмийн агуулгыг 90 хүртэл хувиар хадгалж, бараг химийн хаягдал гаргахгүй байгаа учраас энэ аргыг технологийн ногоон арга гэж хэлж болно” хэмээн Канадын Хөдөө аж ахуйн яамны боловсруулалтын шинжээч Жон Ши хэлжээ.

    Е амин дэмийн өндөр агуулгатай бүтээгдэхүүн нь хүний тархины үйл ажиллагаа, нүдний хараа, арьсанд сайнаар нөлөөлөхөөс гадна цусны эргэлтийг сайжруулна. Мөн Е амин дэм нь эсийг чөлөөт радикалаас хамгаалдаг хүчтэй антиоксидант юм.

    Органик уусгагч хэрэглэн тос шахах уламжлалт аргын явцад тосон дахь Е амин дэмийн ихэнх нь алдагддаг. Өндөр хэмд боловсруулах аргын үед ч мөн Е амин дэм ихээр алдагддаг байна.

    “Ялангуяа өндөр хэмд боловсруулах технологи нь зардал өндөртэйн дээр ихээхэн цаг зарцуулдаг. Харин нүүрсхүчлийн хий, ус хэрэглэж байгаа бидний боловсруулсан арга нь бага хэмд, бага даралтаар боловсруулж байгаа учраас зардлыг ихээхэн бууруулж байгаа. Энэхүү ногоон арга нь хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх боломжийг олгоно” хэмээн Жон Ши мөн ярьжээ.

    Гэхдээ одоогийн байдлаар бага хэмжээний бүтээгдэхүүн дээр туршилт явагдаж байгааг тэрбээр онцлоод удахгүй бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэн туршихаар зэхэж байгаа ажээ. Энэ туршилт үр дүнгээ өгч амжилттай дуусвал зөвхөн хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрээс гадна бусад бүтээгдэхүүний зах зээлд ч нөлөөлнө гэж Канадын эрдэмтэд үзэж байна. Учир нь, өнөөдрийн байдлаар Е амин дэмийн нэмэгдлийг гол төлөв синтетик аргаар нефтийн бүтээгдэхүүнээс гарган авч байгаа юм.

    А.ЧАНДМАНЬ

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...