Энэ 2022 онд 104.4 мянган тонн тэжээлийн ургамал хураан авна
Энэ жилийн
тэжээлийн таримлын ургац, нэр төрөл, үнэ ханш, үйлдвэрлэлийн талаар ХХААХҮЯ-ны
Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн
Б.Төгс-Эрдэнэтэй ярилцлаа.
-Энэ 2022 онд улсын хэмжээнд хэчнээн га-д, хэдэн нэр төрлийн тэжээлийн таримал тариалсан бэ?
Энэ жилийн тухайд улсын хэмжээнд нийт 67.9 мянган га талбайгаас 104.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авахаар урьдчилсан баланс гарсан. Ургамлын төрлөөр нь авч үзвэл буудай, овъёос, вандуй, царгас зэрэг таримал тариалсан байна. ХХААХҮЯ-наас 2019 онд таримал ногоон тэжээлд тавигдах ерөнхий шаардлагыг батлуулсан. Уг стандартад ногоон тэжээлийг дөрөв ангилсан байдаг. Нэгт, буурцагт ургамал давамгайлсан, хоёрт, буурцагт ба үет таримлын холимог, гуравт, үет ургамал давамгайлсан, дөрөвт, болц оройтсон үр тариа дагнасан гэж ангилсан. Мөн энэ чиглэлээр орон нутагт олон сургалтыг зохион байгуулсан. Иймд ногоон тэжээл тариалж буй иргэн, аж ахуйн нэгжүүд уг стандартыг баримтлан тариалалт хийхэд анхаарах хэрэгтэй.
-Ногоон тэжээлийн тариалалт огцом өсөлт, уналттай байдаг. Тухайлбал, энэ жилийн тухайд уг таримлыг хэр их тариалсан бэ. Үйлдвэрлэлийг тогтвортой байлгахын тулд юу хийх ёстой вэ?
Монгол Улсын тэжээлийн тариалалтын оргил үе 1987 онд нийт 160 гаруй мянган га талбайд тэжээлийн ургамал тариалж 600 гаруй мянган тонн тэжээлийн ургамал хураан авч байсан түүхтэй. Нийт тэжээлийн ихэнх хэсгийг ойт хээр, өндөр уул, ялангуяа газар тариалангийн бүсэд бэлтгэж байсан. Өнөөдөр манай улсад тэжээлийн ургамал тариалах талбай гурав дахин багассанаар ургац хураалт зургаа дахин буурсан үзүүлэлттэй байна.
Тэжээлийн ургамлын тариалалт нэмэгдэх, буурах нь цаг агаарын нөхцөл байдалтай шууд холбоотой. Монголын нийт тэжээлийн үйлдвэрлэлийн 80 орчим хувийг байгалийн хадлан эзэлдэг. Иймээс хадлангийн гарц муу жил ногоон тэжээлийн хэрэгцээ шаардлага нэмэгддэг бол хадлангийн гарц сайн жил борлуулалт багасдаг байна. Үүнээс шалтгаалан жил бүр тэжээлийн ургамлын тариалалт харилцан адилгүй байна. Тиймээс ямар ч гантай нөхцөлд усалгаатай тариалалтыг нэмэгдүүлэх шаардлага бий. Мөн цаг агаарын өөрчлөлтийг сайтар судлан тогтоож, аймаг, сум, баг, иргэдийг тодорхой мэдээллээр хангах хэрэгтэй.
-Сүүлийн үед ялангуяа өвс болон ногоон тэжээл дээр хүмүүс
фьючерс гэрээ хийх шаардлагатай байна гэж их ярьж байна. Яамны зүгээс үүнийг
хэрхэн үзэж байна вэ. Фьючерс шаардлагатай юу?
ХХААХЯ орон нутгийн удирдлага, иргэд малчидтай өвс, тэжээлийн нэгдсэн гэрээ байгуулах талаар олон жил хамтран ажиллаж байна. Тухайлбал, өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөлтэй зарим аймагт өвс, тэжээлийн үнийн тодорхой хувийг бууруулах зохицуулалт, аль аж ахуйн нэгжээс тэжээл авах, өвс, тэжээлийн экспортыг хязгаарлах, гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар зэргээс чөлөөлөх олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлдэг.
Энэ жилийн тухайд ч гэсэн аймаг, сум, дүүрэг, малчид иргэд хадлан, тэжээлээ бэлтгэн өвлийг өнтэй давах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Яам, аймаг, сум, баг гээд бүх түвшинд ажлыг хамтран зохион байгуулах арга хэмжээ авч байна.
Фьючерс гэрээ буюу хоёр
талаас тодорхой хөрөнгийг ирээдүйд тодорхой үнээр тодорхой хугацааны дотор
худалдах ба худалдан авах гэрээ нь мал аж ахуйн үйлдвэрлэлд өргөн хүрээтэй
ашиглагдаж байгаа гэрээний нэг төрөл гэдгийг хэлмээр байна. Малчид бэлтгэсэн
өвсөө малчдын бүлэг, хоршоондоо энэ гэрээгээр
худалдах, худалдан авах ажиллагаа байнга л хийгдэж байдаг. Гагцхүү
цаасан дээр буулгаж баримтжуулж байгаа
нь цөөн байдаг, хэл ам гардаг. Энэ
тохиолдолд бараа, бүтээгдэхүүний стандарт, гэрээний баталгаажуулалт зэргийг
сайтар мөрдөх тал дээр анхаарах нь зүйтэй.
Өнөөдрийн байдлаар
фьючерс гэрээг зарим аж ахуйн нэгж бэлэн мөнгөөр болон бусад хэлбэрээр
тариалалтад шаардлагатай үр, бордоо, ургамал хамгаалах бодис, шатахуун зэргийг
урьдчилгаа хэлбэрээр олгож тохиролцон хэрэгжүүлж, дараа нь улаан буудай, рапс
зэргийг авах замаар нэвтрүүлээд байна.
Цаашид Хөдөө аж ахуйн
биржээр дамжуулан олон улсын жишигт нийцүүлэн хураан авах бүтээгдэхүүний үр
ашгийн тооцоонд үндэслэн тариаланчид урьдчилан үр ашгаа хүртэх боломжуудийг
үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
-Малын
тэжээлийн асуудал дээр яамны бодлого, энэ чиглэлд сүүлийн үед авч хэрэгжүүлж
байгаа ямар ажил байна вэ?
ХХААХҮЯ-наас
бэлчээр, тэжээл, усан хангамжийг зохистой ашиглах, хамгаалах менежментийн
нэгдсэн системийг бий болгож, мал аж ахуйг уур амьсгал, байгаль, экологийн
өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадавхитай болгох, мал аж ахуйн
уламжлалт өв соёлыг хадгалсан бэлчээрийн аж ахуйг зонхилон, дэвшилтэт
технологи, техник бүхий эрчимжсэн аж ахуйг хот суурингийн орчимд бүсчилэн
хөгжүүлэх, нөөцийг тогтвортой, зохистой ашиглах, ногоон эдийн засгийн чиг
баримжааг дэмжих чиглэлээр бодлого дэвшүүлэн ажиллаж байна.
Сүүлийн
жилүүдэд тэжээлийн ургамал тариалах болон тэжээл үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн
нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг үзүүлж байна. Цаашид
уг арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр тэжээлийн
үйлдвэрлэлийг түүхий эдийн болон үйлдвэрийн шатанд нь бүрэн дэмжих боломжийг
бүрдүүлэх юм.
Мөн
тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор төвийн болон баруун бүсэд
тэжээлийн үйлдвэр байгуулах чиглэлээр Дэлхийн Банкны “Мал аж ахуйн эдийг
засгийн эргэлтийг нэмэгдүүлэх нь” төсөлтэй хамтран ажиллаж байна.