• Агробизнес

    Өргөн дэлгэр үргэлжлэх “Намрын ногоон өдрүүд”

    17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2022” үзэсгэлэн худалдаа энэ 2022 оны есдүгээр сарын 18-наас 25-ны өдөр хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна.

    Уг үзэсгэлэнд нийслэл хот, орон нутгаас 400 гаруй төлөөлөгч 2000 гаруй бүтээгдэхүүнээ 350 цэг, лангуугаар борлуулж байгаа бөгөөд ХХААХҮЯ, НЗАА, НҮБ-ын ХХААБ, Дэлхийн Банк, АХБ хамтран зохион байгуулж байна.

    Үзэсгэлэнгээр эх орны хөрсөнд ургасан монгол ургацын дээж, хүнс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, орон нутгийн зан заншил онцлогийг харуулсан брэнд бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэгчдийн ур ухаан шингэсэн бүтээлүүдийг үйлдвэрлэгчдээс хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой юм.

     

    Мөнгөн урамшууллын талаар ногоочид мэдээлэл муутай байна

     

    Намрын улирал айлчлан ирж тариаланч, ногоочид ургацаа тарьж ургуулсны үр шимийг хүртэх цаг болжээ. Саяхан л хүнсний ногоо, нарийн ногоо үнэд орж байсан үе ард хоцров.

    Үзэсгэлэнд өнгө алагласан хүнсний ногоо, нарийн ногоо төрөл бүрээрээ өрөөтэй харагдана. Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн ногоочид ногоогоо борлуулж байна.

    Үнийн хувьд төмс нэг килограмм нь 1200-2000, сонгино 1500-2500, лууван 1500-2500, шар манжин 1500-2000, байцаа 1500-2000, ногоон сонгино 2000, өргөст хэмх 6000, чинжүү 6000, брокли 6000, улаан лооль 6000-10000, сармис 15000-25000, хулуу 1500-3000, тарвас 3000 төгрөгийн ханштай байлаа.

    Өмнөговь аймгийн Булган сумаас оролцож буй ногоочин Х.Дөлгөөн “Борлуулалт харьцангуй сайн байгаа. Өдөртөө 300-400 мянган төгрөгийн орлоготой байна. Манай худалдаалж буй хүнсний ногоо хоёр хоног тутамд сумаас нэгдсэн журмаар хот руу оруулж ирдэг болохоор хадгалалтын тал дээр асуудалгүй байгаа. Үзэсгэлэнгийн тухайд бол маш сайн зохион байгуулалттай, дэг журамтай байгаа болохоор их сэтгэл хангалуун байна” гэв.

    Ихэнхи худалдаачид хувьдаа ногооны зоорьтой болохоор ургацын шинэ байдлыг хадгалахад амар байгаагаа дурдав. Мөн нэгэн худалдаачин Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёрхон хаалгыг нээлттэй байгаа учраас хүмүүс орж ирэх нь бага байна хэмээн учирлав.

    Түүнчлэн ХХААХҮ-ийн болон Сангийн сайд нарын хамтарсан тушаалаар хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, тариаланчдаа дэмжих зорилгоор 10 нэр төрлийн хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг энэ жилээс олгож байгаа. Энэхүү шийдвэр нь тариаланчдын амьдрал дээр хэр бууж байгааг ногоочдоос тодруулахад тун бага мэдээлэлтэй байгаагаа хэлэв. Газрын гэрчилгээ болон бүрдүүлэх бичиг баримтаа хэрхэн хөөцөлдөх тал дээр мэдээлэл байхгүй гэв.


    Хүнсний ногоон худалдан авч буй иргэдийн сэтгэгдлийг сонсов. “Монголын хөрсөнд ургасан оригинал бүтээгдэхүүн энд байна. Тариаланчдын хөлсөө урсган байж тарьж ургуулсан шинэхэн ургацыг авч байгаадаа баяртай байна. Манай монголчууд ажил хийхгүй биш хийж байгаа юм байна, газартайгаа харьцаж байгаа юм байна” хэмээв. Мөн хүнсний ногоогоо байнга дардаг иргэн “Энэ жил хүнсний ногоо үнэхээр элбэг байна. Бусад томоохон зах, супермаркетаас хамаагүй хямдхан байна. Жил бүр зохиогддог үзэсгэлэнгээс ногоо худалдан авч хөлдөөж, хатааж өвлийн улиралд хэрэглэдэг” гэв.

    Энэхүү үзэсгэлэнгээс эх орны хөрсөнд ургуулсан ногоог худалдан авч, эх орондоо хөрөнгө оруулалт хийхийг уриалж байна.

    Бүгдийг нэг дороос худалдан авах боломжтой

    Хөвсгөл аймгаас оролцож буй жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгч Н.Тосонгийн асраар зочиллоо. Түүний дэлгэсэн бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүд содон сонирхолтой. Тухайлбал, байгалийн жамаараа гээгдсэн бугын эврээр хийсэн хутга үзэг балны савыг эгнүүлжээ. Мөн хар модны ураар байгалийнх нь хэлбэрээр хийсэн таваг тун чамин. Бүтэн сийлбэр орсон буюу гар ажиллагаа ихтэй учраас 250-450 мянган төгрөг, модны ураар сийлж хийсэн үхрийн толгой 200 мянган төгрөгийн үнэтэй байв.


    Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумаас оролцож буй жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгч Д.Өлзийбаясахын гараар урлаж хийсэн үслэг тэмээ худалдан авалт ихтэй харагдана. Энэхүү чихмэл тоглоом нь 15-20 сантиметрийн өндөртэй, бор, цагаан гэсэн хоёр өнгийн сонголттойгоор 20-40 мянган төгрөгөөр үнэтэй. Худалдан авалт хийж байгаа хүмүүс өхөөрдмийг нь “гайхан” худалдана авцгаана.


    Мөн үзэсгэлэн худалдаанд үндэсний гэсэн тодотголтой, салбар салбартаа манлайлагч үйлдвэрлэгч нар оролцож, шинэ шинэ бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулж байлаа. Тухайлбал, “Талх чихэр” ХК “Delice pastry” брэнд гэх шинэ бүтээгдэхүүний танилцуулга, амталгааг явуулж байлаа. Уг брэнд нь давхраат болон хөөмөл төрлийн  20 гаруй төрлийг үйлдвэрлэдэг бөгөөд шаржигнуур гадаргуутай, шанзтай бүтээгдэхүүнийг гэр бүлийн хэрэгцээнд зориулжээ.

    А.АРИУНЖАРГАЛ

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...