• Агробизнес

    Газар зүйн заалттай бүтээгдэхүүний хөгжүүлэлт эхэн шатандаа явж байна

    “Газар зүйн заалтын ач холбогдол” чуулга уулзалт Улаанбаатар хотноо 2022 оны есдүгээр сарын 26-27-ны өдөр болж өнгөрлөө. Чуулга уулзалтыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Оюуны өмчийн газар, Европын холбооны Улаанбаатар дахь суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын ХХААБ хамтран зохион байгуулж, бизнес эрхлэгчдийн өргөн төлөөлөл оролцлоо. Энэхүү чуулга уулзалтаар газар зүйн заалттай бүтээгдэхүүний дотоодын эдийн засагт үзүүлэх үүрэг, нөлөө, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар болоод нэр хүндийг өргөхүйц маркетингийн боломжийг бүрдүүлэх, олон улсын жишигт нийцсэн газар зүйн заалттай бүтээгдэхүүний үндэсний тогтолцоог бүрдүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

    Газар зүйн заалттай бүтээгдэхүүний хөгжүүлэлт гэдэг ойлголт сүүлийн 10 гаруй жил дэлхий нийтэд дэлгэрч байна. Европын холбооны улсуудад түлхүү хөгжиж гарч ирсэн бол сүүлийн үед Азийн улс орнуудад ихээхэн хөгжиж байгааг НҮБ-ын ХХААБ-ын Ази, номхон далайн бүсийн олон улсын зөвлөх Стефани Пассэри хэллээ. Өнөөдрийн байдлаар Азийн улс орнуудад 3700 гаруй газар зүйн заалт бүхий бүтээгдэхүүн бүртгэгдээд байгаа ажээ.

    Газар зүйн заалт гэдэг нь тодорхой орон нутгийн үйлдвэрлэгчдийн мэдлэг, ноу-хауд тулгуурласан, тухайн газар нутгийн байгалийн болон хүний хүчин зүйлсийн нөлөөгөөр бий болсон өвөрмөц шинж чанар бүхий бүтээгдэхүүний нэрийг хамгаалах оюуны өмчийн эрх юм.

    Европын холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны хамтарсан санхүүжилтээр Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын ХХААБ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон ХХААХҮЯ хамтран Монгол Улсад хэрэгжүүлж байгаа СТРИЙМ төслийн хүрээнд газар зүйн заалттай шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлт, одоо байгаа газар зүйн заалттай бүтээгдэхүүний бүртгэлийн системийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх ажил хийгдэж байна.


    Өнөөдрийн байдлаар Оюуны өмчийн газарт газар зүйн заалттай 44 бүтээгдэхүүн бүртгэлтэй байгаагийн 5 нь гадаад улсын, бусад Монголын дотоодын бүтээгдхүүн байна. Дотоодын 39 бүтээгдэхүүнээс ганцхан нь гадаад оронд бүртгэгдсэн нь Увсын чацаргана бүтээгдэхүүн юм. Увсын чацарганыг Европын холбоонд газар зүйн заалттай бүтээгдэхүүнээр бүртгүүлэх ажил 2019 оноос хийгдэж энэ оны нэгдүгээр сард албан ёсоор бүртгүүлсэн. Энэ ажил саад бэрхшээл ихтэй байсны хэрээр олон зүйлд суралцаж, бусад бизнес эрхлэгчдэд туршлага болсныг “Увсын чацаргана үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн З.Цэцэгсувд ярилаа.

    Монгол орны нийт чацарганын 70 орчим хувь Увс аймагт ургадаг. Увс нуурын ай савд ургадаг байгалийн зэрлэг чацарганыг 1960-аад оноос тарималжуулжээ. Увс нуурын ай савд ургадаг чацаргана нь Монголын бусад газарт ургадаг чацарганаас илүү тослогтой байгаа нь энэ бүс нутгийн цаг уур, газар зүйн онцлогтой холбоотой эрдэмтэн, судлаачдын судалгаа, шинжилгээгээр тогтоосон нь Европын холбоонд газар зүйн заалттай бүтээгдэхүүнээр бүртгүүлэх гол үндэс болсныг З.Цэцэгсувд хэллээ.

    Монголын Оюуны өмчийн газарт бүртгэлтэй бүтээгдэхүүнээс хөгжүүлж, гадаад улс оронд бүртгүүлэх боломжтой бүтээгдэхүүнд Завханы улаан сармис, Галбын говийн торомны ноос, Жинстийн цагаан ямааны ноолуур, Шүдэн уулын жамц давс, Тамирын цагаан ааруул, сүүн хурууд, Ерөөгийн “Цэцэг” зөгийн бал, Голбын говийн ингэний сүү, Хурхын арвайн гурил, Ховдын тарвас, Хэнтийн мойлтой тос, Улаанбаатарын “Оргил” рашаан зэрэг бүтээгдэхүүнийг нэрлэж байна. Гэсэн ч эдгээр бүтээгдэхүүнийг гадаад улс оронд газар зүйн заалттай бүтээгдэхүүнээр бүртгүүлэхийн тулд шинжлэх ухааны нарийвчилсан судалгаа, лабораторийн шинжилгээгээр гаргасан техникийн үзүүлэлтүүд хэрэгтэй байгаатай чуулганд оролцогчид санал нэг байлаа. Мөн газар зүйн заалттай бүтээгдэхүүний хөгжүүлэлт, бүртгэл, хяналт, хамгаалалтын цогц тогтолцоог бий болгоход бүх талын оролцоо, тэрэн дундаа төрийн байгууллагуудын оролцоо нэн чухал байгааг оролцогчид хэлж байлаа.


    Газар зүйн заалттай бүтээгдэхүүнийг гадаад оронд бүртгүүлэх гурван арга зам байдаг. Нэгдүгээрт, тухайн улс орон шууд бүртгүүлэх. Шууд бүртгүүлэх бүтээгдэхүүн нь өөрийн улс оронд газар зүйн заалттай бүтээгдэхүүнээр бүртгүүлсэн байх шаардлагатай байдаг. Энэ арга цаг хугацаа шаарддаг сул талтай. Европын холбоонд бүртгүүлсэн Увсын чацаргана бүтээгдэхүүн энэ арга замаар бүртгүүлсэн юм. Хоёрдугаарт, газар зүйн заалтын эрх зүйг зохицуулсан олон улсын гэрээ, актад нэгдэх замаар, гуравдугаарт, улс хооронд газар зүйн заалттай бүтээгдэхүүний жагсаалт солилцох арга зам бий.

    Монгол Улсын хувьд Европын холбоотой газар зүйн заалттай бүтээгдхүүний жагсаалт солилцох хэлэлцээрийн хэлэлцээг ирэх долоо хоногоос эхлүүлэх гэж байгааг Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксель Никэйз чуулганы үеэр мэдэгдсэн.


    Газар зүйн заалтын талаар хэн, юу хэлэв

    Винод Ахужа /НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч/:

    Юуны өмнө Европын холбоо болон Монгол Усад түншилж ажиллаж байгаа байгууллагууддаа талархал илэрхийлье. Өнөөдөр зохион байгуулж байгаа газар зүйн заалтын чуулган сайхан болж байна. Газар зүйн заалтын ач холбогдол гэх юм бол нэг төрлийн оюуны өмчийн хамгаалалт юм. Энэ нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн газар нутагтай нь холбож өгсөн хамгаалалт байгаа. Тухайн газар нутагт амьдарч байгаа хүмүүс, газар нутгийн гарал үүсэл, бүтээгдэхүүн гурвыг холбож өгдөг.

    НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын зорилго бол өлсгөлөнг бууруулж, шим тэжээлийн дутагдлыг зогсоох юм. Үүнтэй газар зүйн заалт хэрхэн холбогдож байна вэ гэхээр газар зүйн заалт нь үндэсний үйлдвэрлэл, үндэсний хоол хүнсийг дэмждэг учраас энэ нь хүмүүсийн эрүүл мэнд, амьжиргаатай  шууд холбогддог. Олон улс өөрийн онцлогтой бүтээгдэхүүнүүдийг оюуны өмчөөр хамгаалж дэлхийн зах зээлд гаргаж байгаа.

    Газар зүйн заалт нь тухайн газар орны экосистемтэй холбогддогоороо онцлогтой.

    Тэгэхээр газар зүйн заалттай бүтээгдэхүүнийг хөгжүүлснээр тухайн оронн нутгийн байгаль орчинд эергээр нөлөөлөх, үндэсний уламжлалыг хадгалж үлдэх ач холбогдолтой. 

    Дэлхийн зах зээлд гарна гэдэг бол маш нарийн төвөгтэй процесс байдаг. Олон улсын бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх шаардлага гардаг. Ингэхэд бүтээгдэхүүний чанар, нэр хүнд, гарал үүслийг нь тодорхой байлгах маш чухал байдаг. Монгол Улс энэ чиглэлээр нэлээд ахиц дэвшил гаргаж яваа. Газар зүйн заалт нь Дэлхийн худалдааны байгууллагын гэрээнүүдэд тусгагдсан байдаг болохоор бас нэгэн хувь нэмэр оруулах боломжтой болж байгаа юм.

    Адриен Мөрг: /Хамтын ажиллагааны багийн ахлагч, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар/:

    Газар зүйн заалт бол тухайн газар орны онцлог, тухайн газар нутагт амьдарч байгаа хүмүүсийн соёл уламжлал, ноу хау дээр тулгуурлаад тодорхой бүтээгдэхүүнийг оюуны өмчөөр хамгаалж, бүртгэх асуудлыг хэлж байгаа юм.

    Бидний хувьд Монгол Улсад “Стрийм” төслөөрөө дамжуулаад газар зүйн заалтыг хөгжүүлэх талаар энэ удаагийн уулзалтыг хийж байна.

    Монгол Улсын хувьд “Увсын чацаргана” 2022 оны нэгдүгээр сараас эхэлж Европын холбооны газар зүйн заалтаар хамгаалагдан бүртгэгдсэн байгаа.

    2020 оны судалгаагаар Европын холбоонд газар зүйн заалтад бүртгэгдсэн нийт бүтээгдэхүүний зах зээл нь 75 тэрбум евро байна гэж тооцсон байдаг. Газар зүйн заалтад бүртгэгдсэн бүтээгдэхүүний үнэ нь хоёр дахин нэмэгддэг ч гэдэг юм уу давуу тал үүсдэг. Энэ утгаараа Монголын хөдөө аж ахуйн олон бүтээгдэхүүнийг, тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг газар зүйн заалтад хамруулахыг зорьж байна.

    Т.Жамбалцэрэн /ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга/:

    Газар зүйн заалттай бүтээгдэхүүнийг Монгол Улсад хөгжүүлэх үндэсний чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа Европын холбоо, НҮБ-ын ХХААБ-д талархлаа илэрхийлье. Энэ бол цаг үеэ олсон чухал асуудал. Газар зүйн заалт нь  зөвхөн бүтээгдэхүүний хөгжил төдийгүй салбар хоорондын хамтын ажиллагаа уялдааг бий болгож, нэмэгдүүлэхийг шаарддаг.

    ХХААХҮЯ-ны хувьд хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнүүд тэр дотроо онцлогтой бүтээгдэхүүнүүдийг газар зүйн заалтад бүртгүүлэх, бүс нутгийн хэмжээнд өргөжүүлэх ажлуудыг хийх шаардлагатай байгаа.

    Манай улсын хувьд одоогийн байдлаар Европын холбоонд бүртгэлтэй, олон улсын газар зүйн заалттай ганцхан бүтээгдэхүүн байна. Тэр нь “Увсын чацаргана”. Цаашдаа бид нэг бус бүтээгдэхүүнийг газар зүйн заалтад бүртгүүлэхээр ажиллаж байна.

    Ялангуяа манай хүнсний салбарт тулгамдаж байгаа нэг зүйл бол Хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлэх асуудал. Дээр нь малын эмийн үлдэгдлийн хяналтыг сайжруулах асуудлыг эхний ээлжинд хийх шаардлагатай байгаа. Ингэснээр олон улсад бүртгэлтэй газар зүйн заалтыг авах бүтээгдэхүүн нэмэгдэнэ.

    Б.Солонго /ХЗДХ-ийн дэд сайд/:

    Газар зүйн заалтыг илүү сурталчилснаар орон нутагт жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой.

    Өнөөдрийн чуулга уулзалтын үеэр газар зүйн заалттай бүтээгдэхүүний үзэсгэлэн гарсан байна. Манай улсад гадаадын болон дотоодын 40 гаруй газар зүйн заалт бүртгэлтэй  байдаг. Газар зүйн заалт нь Булганы Сайханы айраг, Сэлэнгийн  Ерөөгийн зөгийн бал гэх мэтчилэн тухайн орон нутгийн онцлог, ард иргэдийн уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүнүүдийг хамтын оюуны өмчийн эрхтэй болгож байна гэсэн үг л дээ. Оюуны өмчийг хамгаалах асуудал нь 2010 онд батлагдсан Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулдаг. Цаашдаа газар зүйн заалтын онцлог ач холбогдлыг илүү сурталчилан таниулах нь чухал байна.

    Д.Насанжаргал /Монголын жимс жимсгэнийн үндэсний холбоо/:

    Газар зүйн заалтыг хамгийн олноор нь авах боломжтой салбар Монголын хөдөө аж ахуй, байгаль орчны салбар юм. Мал аж ахуй, газар тариалан, байгалийн нөөц ашиглалттай холбоотой бүтээгдэхүүнүүдийг газар зүйн заалтад оруулж, дотоодын зах зээлийн экспортод гаргах бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх боломжтой.

    Дараагийн хэлэх зүйл бол газар зүйн заалт авах бүтээгдэхүүнүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй зөв томьёолж тодорхойлж, судалж тогтоож чадах юм аваас газар зүйн заалттай бүтээгдэхүүний шошгоны мэдээлэл бүрэн харагдах юм. Ингэх юм бол дотоод, гадаадын хэрэглэгчид илүү таньж, цаашаа өргөжин тэлж, борлуулалтын хэмжээ нэмэгдэнэ.

    Энэ нь улсын хэмжээнд төдийгүй бизнес эрхлэгчид, малчид, тариаланчдын ашиг орлогыг нэмэгдүүлэхэд эдийн засгийн ач холбогдолтой.

    Түүнчлэн газар зүйн заалтыг заавал гадагшаа чиглэсэн баримжаатай биш, эх орныхоо өнцөг булан бүрт байгаа сум, аймгуудын дотооддоо үндэстэн ястан, газар нутгийн онцлогт тохирсон бүтээгдэхүүнүүдэд дотоодын газар зүйн заалт олгох ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй.

    Эцэст нь хэлэхэд, бид газар зүйн заалт авахын тулд лабораторийн болон бусад судалгааны ажил нэлээд нарийвчилж хийгдэнэ. Энэ нь бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд тустай. Одоо жишээ нь чацарганын тос, шүүс төдийхөн гардаг байсан бол цаашаа нарийсаад эрүүл мэнд, гоо сайхных гээд хөгжүүлэх боломжтой. Тэгээд ганцхан чацарганын бүтээгдэхүүн дангаараа биш, чацааргана гэхэд хүнсний бусад бүтээгдэхүүнтэй хавсарсан байдлаар бүтээгдэгдэхүүн хөгжүүлэлтийг нэмэгдүүлж, нэр төрөл, хэрэглээг олшруулах байдлаар борлуулалтыг сайжруулах үр дүн бий болно гэж бодож байна.

    А.Амгалан /НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “Стрийм” төслийн менежер/:

    Газар зүйн заалтыг бусад оронд бүртгүүлэхээсээ өмнө заавал өөрийн орондоо эхэлж бүртгүүлэх ёстой байдаг. Тэр утгаараа өнөөдрийн энэ хурлын үеэр тавигдсан байгаа ихэнх бүтээгдэхүүнүүд Монголын Оюуны өмчийн газар бүртгэлтэй гэсэн үг. Монголд бүртгүүлсэний дараа өөр оронд бүртгүүлэх боломжтой болдог. Эдгээр бүтээгдэхүүнээс ганц нэг нь Европын холбоонд бүртгүүлэх боломжтой байгаа. Хурхын арвайн гурил, Хэнтийн мойлтой тос гэх мэт бүтээгдэхүүн ирээдүйд бүртгүүлэх боломжтой гэсэн үг.

     Бараа тэмдэгт, газар зүйн заалтын тухай хуульд 2021 онд шинэчлэл хийсэн. Энэ хуулийн дагуу өмнө нь бүртгэгдсэн бүтээгдэхүүний газар зүйн заалтыг засаж сайжруулах хэрэгтэй байгаа.

    НҮБ-ын ХХААБ, Европын холбоо, Хууль зүй дотоод хэргийн яам, Оюуны өмчийн газар хамтраад “Газар зүйн заалтын ач холбогдол” гэсэн өнөөдрийн хурлыг зохон байгуулж байна. Газар зүйн заалт гэж юу болох, ялангуяа орон нутаг бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн ямар ач холбогдолтой байх, зах зээлд гарахад ямар ач холбогдолтой гэх мэт чиглэлээр бүх талын оролцогчдод хэлэлцэх, мэдлэг мэдээлэл өгөх зорилготой юм.

    Хуралд Хятад, Бельги, Тайланд зэрэг улсаас мэргэжилтнүүд ирсэн. Энэ мэргэжилтнүүд газар зүйн заалт дэлхийн болон Ази, Номхон далайн, бүс нутгийн хэмжээнд ямар ач холбогдолтой, ямар түвшинд байгааг ярина. Цаашдаа хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн зураглалаа гаргах юм.

    Газар зүйн заалттай бүтээгдэхүүн хэзээ ч нэг компанийн юм уу, нэг хувь хүний өмч байх боломжгүй. Орон нутгийн хамтын байгууллагын бүтээгдэхүүн байх ёстой болдог.

     И.ОТГОНЖАРГАЛ 

    Д.НАРАНТУЯА

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...