• Бусад

    “Мал аж ахуйн салбар 80 жилд” онол практикийн бага хурал боллоо

    Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн 80 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү түүхт ойг тохиолдуулан “Мал аж ахуйн салбар 80 жилд” онол үйлдвэрлэлийн бага хурлыг зохион байгууллаа.

    Тус хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцож, “Мал аж ахуйн үйлдвэрлэлд гарсан ололт амжилт бүхэн энэ салбарт ажиллаж буй малчид, мал зүйч, малын эмч, тэжээл бэлчээр судлаач, бусад мэргэжилтэн, эрдэмтдийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, мэргэжлийн өндөр ур чадвартай салшгүй холбоотой. Мал аж ахуй биотехнологийн сургуульд бэлтгэгдсэн боловсон хүчнүүд төрөөс мал аж ахуйн талаар баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлснээр тус салбар тогтвортой хөгжсөөр байна” хэмээн нээлтийн үгэндээ хэлсэн юм.

    Онол үйлдвэрлэлийн бага хурлаар “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлага”, “Монголын мал аж ахуйн ирээдүй”, “Монгол орны бэлчээр тэжээлийн нөөц хангамж”, “Мал аж ахуйн салбарын сургалт судалгааны хүрсэн түвшин”, “Нийслэлийн хүн амын хүнсний хангамж, өнөөгийн байдал”, "Animal Welfare"-ийн зарчим болон шалгуур үзүүлэлтэд суурилсан нэгдмэл (holistic) судалгааг мал аж ахуйн салбарт хөгжүүлэх нь”, “НҮБ-аас зарласан бэлчээрийн жилд бидний оролцоо” сэдэвт илтгэлүүд танилцуулж, салбарын бодлогод дунд хугацааны стратегийн үзэл баримтлал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, “Ээлтэй мал аж ахуй-ирээдүйн баталгаа”, “Бэлчээр, тэжээл судлал”, “Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал” зэрэг салбар хуралдаан боллоо.

    Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Мал аж ахуйн технологийн тэнхим өнгөрсөн хугацаанд 5100 гаруй үндэсний мэргэжилтэн бэлтгэжээ. Эдгээр мэргэжилтэн хонины 24, ямааны 13, адууны 6, үхрийн 4, тэмээний 5 нийт 52 үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омог, хэвшлийн мал илрүүлэн баталгаажуулж, мал аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлснээс гадна гадаадын арвин ашиг шимт мал, амьтныг дэвшилтэд технологи ашиглан үржүүлэх, нутагшуулах талаар дорвитой ажил хийсэн байна. Мөн тус тэнхимийн багш нар олон арван ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний өгүүлэл туурвиснаас гадна үндэсний болон олон улсын төсөл хөтөлбөр, шинжлэх ухаан, технологийн инновацийн төсөл, цөм технологи, онолын суурь судалгааны төсөл хэрэгжүүлж үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.

    Эх сурвалж: ХХААХҮЯ

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...