• Агробизнес

    Европын мал аж ахуйн тэргүүлэх үзэсгэлэнгийн анхаарлын төв дэх монголчууд

    Уул уурхай, эдийн засгийн олон улсын нэр хүндтэй хурлууд байдаг. Тухайлбал, Давосын дэлхийн эдийн засгийн чуулган, Канадын уул уурхайн PDAC гэх мэт. Энэ хурлуудад салбарын хүмүүс Монгол Улсаас очиж оролцдог. Тэгвэл дэлхийд эрчээ авсан уул уурхай, эдийн засгийн дээрх хоёр хуралтай дүйх хэмжээний далайц, нэр хүндтэй мал аж ахуй-хөдөө аж ахуйн дээд хэмжээний чуулган бас байдаг аж. Мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарыг чухалчилдаг, өндөр хөгжилтэй орнууд түүнийг хэдийнэ хийж чаджээ. 31 дэх жилийн арга хэмжээнд нь Монгол Улс “Хүндэт зочин” орноор уригдан оролцлоо.

    Энэ нь Франц улсын Клермон Ферран хотод жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт болдог уламжлалтай Европ тивийн мал аж ахуйн олон улсын тэргүүлэх үзэсгэлэн “Sommet de l`elevage” нэртэй арга хэмжээ юм. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх зэрэг албаны болон эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, эрхлэх гэж сонирхож байгаа хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг энэ аравдугаар сарын 4-7-нд болсон Европын мал аж ахуйн үзэсгэлэнд амжилттай оролцоод ирлээ.

    31 дэх жилээ болж буй уг үзэсгэлэнг энэ жил Европын 80 орны 100 мянга гаруй хүн үзэж сонирхжээ. Анх 15 мянган хүн л тус үзэсгэлэнгийн талбайг зорьж очиж байсан бол Францын эрчимжсэн мал аж ахуй буюу өндөр ашиг шимтэй үхэр, хонь үржүүлэгчдийн холбоо, хөдөө аж ахуйн хоршоологчид, холбогдох төрийн бус байгууллага санаачлан зохион байгуулж, тасралтгүй хийсээр өдгөө 80 орны 100 мянга давсан үзэгч сонирхогчтой болгож чаджээ.

    Тухайн үзэсгэлэн болсон хотын даргаас авахуулаад холбогдох мужийн захирагч болон Хөдөө аж ахуйн яам зэрэг төрийн байгууллага нь хувийн хэвшлийн зохион байгуулдаг уг арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч оролцдог юм байна. Ялангуяа “Хүндэт зочин” орны урилга өгсөн Монгол Улсын ХХААХҮ-ийн сайд нь төр, хувийн хэвшлийн өргөн бүрэлдэхүүнтэй ирсэнд талархаж буйгаа дахин дахин илэрхийлж байв. Уг үзэсгэлэнд Азиас Монгол Улс анх удаа оролцсоныг ч тэд онцоллоо. Ингээд “Sommet de l`elevage гэдэг нь хэр өргөн цараатай үзэсгэлэн болох, үзэсгэлэгнгийн үеэр юу болдог, монголчууд тэндээс хэр олз омогтой ирсэн талаарх  мэдээллийг хуваалцъя.

    Улаанбаатар-Франкфурт, Франкфурт-Лионы чиглэлийн нислэгээр очсон монголчуудыг Франц улсад суугаа Монгол Улсын Элчин сайд У.Нямхүү болон Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан зөвлөх Д.Мөнхжаргал нар угтаж авахаас үдэх хүртэлх бүх үйл ажиллагаанд хамт байсныг дурдах хэрэгтэй болов уу. Дээрх  үзэсгэлэнд “Хүндэт зочин” орноор оролцох эрхийг авахад ч тэдний хичээл зүтгэл их байсан юм билээ. 

    МОНГОЛ, ФРАНЦ УЛС ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААНДАА ШИНЭ ЭХЛЭЛ ТАВИВ

    Үзэсгэлэнгийн талбай Францын Клермон Ферран хотоос 10 км-ын зайд тусгайлан зассан барилга байшинтай, 180 мянган ам.метр талбайд болдог аж. Үхэр, хонины үзэсгэлэнгийн байруудад гэхэд Европын Холбооны өнцөг булан бүрээс шилмэл малтайгаа ирсэн 1500 гаруй  аж ахуйн нэгж, фермер оролцож байх жишээтэй. Сайн  үүлдрийн мал бүрийн талбайд оролцогчид нь уулзалт, гэрээ хэлцэл хийх хэсэг засчээ. Гэхдээ малын эзэн, хариуцагч бүр толгой мэдэн амнаасаа үг унагахгүй. Үзэгч сонирхогч мэдээлэл авах бол заавал тухайн үүлдрийн малны холбоо, хоршооны нэгдсэн удирдлагатай уулзуулдаг юм билээ. Ингэснээр мэргэжлийн хүн нь малны худалдаа, экспорт, гадаад хамтын ажиллагаа, үржил селекцийн талаар бүрэн танилцуулга мэдээлэл өгдөг. Ялангуяа францчуудын хувьд хувь фермерүүд тус тусдаа ажиллах бус хоршоо, холбоо болон нэгдсэн удирдлагатайгаар үзэсгэлэнд ордог байна.

    Фермерүүдээс үзэсгэлэнгийн онцлог, ач холбогдлын талаар сонирхоход “Энд оролцсоноор нэгдүгээрт, зөвхөн Францын төдийгүй Европ тивийн болон бусад орны хүмүүст мал аж ахуйгаас ямар хүнс үйлдвэрлэж байна вэ гэдгийг бодитоор харуулах боломжтой. Хоёрдугаарт, малын шалгаруулалтад оролцох. Энд оролцсоноор заавал алт, мөнгөн медаль авах нь чухал биш. “Sommet de l`elevage” үзэсгэлэнгийн мал шалгаруулалтын талбайд гарах нь өөрөө нэр төрийн хэрэг байдаг. Ингэснээр тухайн малын худалдаа, экспорт нэмэгддэг давуу талтай. Гуравдугаарт, энд ирснээр Европын олон зуун жилийн түүхтэй фермерийн болон хөдөө аж ахуйн өв уламжлалыг үе залгамжлан авч яваа үйл хэргээрээ бахархдаг” хэмээн дуу нэгтэй хариулж байлаа. Бахархалтай байгаа биз.

    Үзэсгэлэнг сонирхогчдын дотор нялх хүүхдээ тэвэрсэн, бага насны болон сургуулийн насны хүүхдүүд аав ээжтэйгээ их ирсэн байв. Хөгшин хөвөөгүй тэд үзэсгэлэнгийн мал амьтныг чин сэтгэлээсээ малд хайртай нүдээр сонирхох аж. Хөдөө аж ахуйн хөгжилд суурилсан, өвлөгддөг бизнестэй учраас хүүхэд багачуудаа багаас нь мал аж ахуйд ойр өсгөж, танин мэдүүлж буй нь энэ юм. Гэтэл манай  Монгол Улс мал аж ахуйн орон гэх ч ялангуяа сүүлийн жилүүдэд бидний үр хүүхэд  малд дургүй болж, хөдөө аж ахуйгаасаа алсарч холдсоор байна. Үүнийг Францад үзэж харсан зүйлстэйгээ уяж бодоход бүр ч эмгэнэлтэй санагдсаныг нуух юун. 

    Sommet de l`elevage” үзэсгэлэнгийн төрөл бүрийн арга хэмжээний үеэр анзаарсан нэг зүйл нь Франц улсад хөдөө аж ахуйн салбарын хүмүүсээ, тэр дундаа фермерүүдээ иргэд нь “Бидний хүнс хоолыг бэлтгэж байгаа хүмүүс” гээд маш их хүндэтгэлтэй ханддаг юм билээ. Дарга, сайд нар нь ч ялгаагүй арга хэмжээний үеэр хэлж байгаа үгэндээ хөдөө аж ахуйн салбарын улсын эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг байнга онцолж, фермерүүдийн үйл ажиллагааг хэрхэн дэмжиж туслах талаараа маш тодорхой санал зөвлөмжүүд хэлж байв.

    “Бид мал аж ахуйгаасаа ямар хүнс үйлдвэрлэж байгаагаа харуулах нь чухал” гэж  фермерүүдийн хэлснийг батлах зүйлтэй үзэсгэлэнгийн үеэр олон таарсан. Үхэр,  хонь үзээд явж байхад “Манай хонины сүүгээр хийсэн бяслаг, манай үхрийн мах ийм амттай. Та амтал” гээд тавагтай бяслаг, мах өмнө барина.

    Мөн Францад ямар ч малын өвчин байдаггүйг баталж, зарим сайн чанарын малын махаа түүхийгээр нь иддэг ард түмэн юм. Бас фермерүүд махаа бэлтгээд, түүхий мах ийш тийш борлуулах гэж ачиж явдаггүй. Малчин өрх бүр үйлдвэрлэгч болж чаджээ. Малынхаа бэлтгэсэн махыг ангилж савлаж, боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хийж борлуулах юм. Тиймээс фермерүүдийн ихэнх нь үзэсгэлэнд зөвхөн малтай биш, хүнсний бүтээгдэхүүний худалдааны танхимд өөрсдийн үйлдвэрлэсэн төрөл бүрийн бяслаг, мах, махан бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, ашиг олдог. Үзэсгэлэнгээс ерөнхий онцлогийг цухас дурдахад ийм байна.

    Одоо “Хүндэт зочин” орны урилгатайгаар үзэсгэлэнд оролцсон манай улсын хувьд ямар давуу тал байсан бэ гэдгийг товчхон бичье. Үзэсгэлэнг нээх өглөө Монголын ХХААХҮ-ийн сайд, Францын Бүрэн эрхт Хөдөө аж ахуй, хүнсний сайд нар хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулах ёслол болов. Манай хоёр орон хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны санамж бичгийг 2013 онд үзэглэжээ. Үүнээс хойш хоёр орны хамтын ажиллагаа хөдөө аж ахуйн салбарт эрчимтэй өргөжин хөгжсөн. Ялангуяа сүүлийн жилүүдэд хувийн хэвшил хооронд нэлээд тэлсээр байна. Тиймээс хоёр тал  хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах санамж бичгийг ийнхүү шинэчлэн байгуулсан юм.

    Уг санамж бичиг нь  маш өргөн хүрээг хамарсан бөгөөд хоёр  улс эрчимжсэн хөдөө аж ахуйн чиглэлд судалгаа хийх, салбарын мэргэжилтнүүдийг богино, дунд хугацааны сургалтад хамруулах, монгол малын генетик нөөцийг үнэлж тодорхойлоход дэмжлэг үзүүлэх, мал, амьтны гоц хадварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины шугамыг Монголд нэвтрүүлэх, мал эмнэлгийн хорио цээрийн тусгаарлах эрүүл бүс байгуулах, өвлийн хүлэмжийн аж ахуй, хүнсний ногооны агуулах байгуулах чиглэлд хамтран ажиллах саналыг тусгажээ. Францын Хөдөө аж ахуй, хүнсний сайд ч дээрх чиглэлд Монгол Улстай хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн  хоёр орны хамтын ажиллагаа цаашид газар зүйн заалт нэвтрүлэх чиглэлд нэлээд зүйл хийхээр байгааг онцлон тэмдэглэв. Тэрбээр газар зүйн заалтыг хэрэгжүүлэх чиглэлд Монгол Улсад суугаа Францын Элчин сайд, Европын холбоо, Франц дахь Монгол Улсын  Элчин сайдын яам ч идэвхтэй ажиллаж байгааг дурдсан юм.

    Энд нэг зүйлийг онцлоход, Франц улс нь цар тахал дэгдсэнээс хойш хөдөө аж ахуй, хүнсний салбартаа ихээхэн анхаарал тавьж, төсвийн болон бусад хөрөнгө оруулалтыг хэд дахин нэмэгдүүлж буй аж. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сараас эхлээд Хөдөө аж ахуй, хүнсний яамандаа “Бүрэн эрхт” гэдэг тодотголыг албан ёсоор өгчээ. Энэ нь хөдөө аж ахуй, хүнсний салбараа бүр л илүү чухалчилж буйн илэрхийлэл гэлтэй.


    2026 оныг НҮБ-аас Бэлчээр, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил болгон зарласныг дэмжсэн хамтарсан мэдэгдэл хийв

    Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хоёр орны хөдөө аж ахуйн сайд нар шилмэл мал шалгаруулалтын тусгайлан зассан индэрт гарч, НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил” болгон зарласантай холбогдуулан  мэдэгдэл хийлээ. Энэ үеэр Францын Хөдөө аж ахуй, хүнсний сайд “Монгол Улс уг санаачилгыг гаргаж, НҮБ-аар дэмжүүлсэнд баяртай байна. Бид ч гэсэн уг санаачилгыг дэмжин ажиллах болно” гэв. Францад эрчимжсэн мал аж ахуй өндөр хөгжсөн. Үүний зэрэгцээ бэлчээрийн мал аж ахуй ч тодорхой хэмжээнд бий аж. Ялангуяа Монголд импортолж, нутагшуулах боломжтой мал нь ихэнхдээ өндөр  уулын сэрүүн бүсдээ бэлчээрээр явах нь элбэг гэдгийг онцлов. Тэд бэлчээрийн мал аж ахуйг сонирхож, дээдэлж байгаа нь илт мэдрэгдэж байсныг энд тэмдэглэе. Тийм ч учраас Монгол Улсыг “Хүндэт зочин” орноор урьсан.

    ЭРҮҮЛ МАЛ, ЭКСПОРТ  

    Үзэсгэлэнгийн эхний өдөр “Монголын өдөр” арга хэмжээ хийсэн. Зохион байгуулагчдын зүгээс үзэсгэлэнгийн төв байршилд манайд сурталчилгаа хийх лангуу гаргаж өгсөн бөгөөд гадна талбайд нь монгол гэрээ барьж эх орноо сурталчилсан юм. Францад суугаа Монголын Элчин сайдын яамны зүгээс Францад нийтийн хоолны бизнес хийдэг монгол хүмүүсийг авчирж, энэ үеэр зочид, төлөөлөгчдийг монгол хоолоор дайлсан. Мөн Монголыг танилцуулах стэйнд дээр морин хуурын хамтлаг тоглож урлаг соёлоо сурталчилав. Хурлын танхимд нь Монголын хөдөө аж ахуйн боломж салбар хуралдаан болж, төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид илтгэл, мэдээлэл хийж амжсан. Энэ үеэр манай хөдөө аж ахуй, махны экспортыг сонирхох Францын бизнесмэн цөөнгүй байлаа. Зарим нь хэдийнэ монголчуудтай хамтарсан бизнес эхлүүлсэн талаараа танилцуулсан.

    Түүнчлэн бизнес эрхлэгчдийн хувьд нүүр тулсан уулзалт хийх боломжтой байсан тул хоёр орны хувийн хэвшлийн салбарт шинэ харилцаа нэлээд үүссэн гэдэгт эргэлзэхгүй байна. Тухайлбал, зохион байгуулагчдын зүгээс манай төлөөлөгчдөд  зориулж нэг удаагийн тусгайлсан фермийн аялал зохион байгуулсан. Манай хувийн хэвшлийн төлөөлөгчид хүсэлт гаргаж, үхэр, хонины гурван ч удаагийн фермийн аялалд явсан байх. Тэдний хувьд үзэсгэлэнгийн талбайд байгаа олон сайн үүлдрийн мал сонирхохын сацуу ферм дээр очиж туршлага судлах нь чухал байсан.

    Энд нэг зүйлийг онцлоход Францаас цэвэр үүлдрийн сүүний үхэр импортолж, Монголд сүүний үхрийн кластер фермийг хөгжүүлж буй “Нүүдэлчин агро ферм” ХХК хамтран ажилладаг Францын “Эважура” компанитай хүүгүй, урт хугацаатай зээлээр Монбеллиард үүлдрийн үхэр импортлох 1.2 сая еврогийн гэрээ хийсэн. Энэ бол Монголд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой зүйл болсныг хоёр талын холбогдох хүмүүс онцоллоо. Тус гэрээний хүрээнд эхний 64 үхэр энэ сарын 14-нд Франц улсаас Монгол руу тээвэрлэх юм.


    “Нүүдэлчин агро ферм” ХХК, Францын “Эважура” компанитай хүүгүй, урт хугацаатай зээлээр Монбеллиард үүлдрийн үхэр импортлох 1.2 сая еврогийн гэрээ хийлээ

    Үзэсгэлэнд оролцож байгаа шилмэл мал, тэдгээрийг өсгөн үржүүлэгч фермерүүдийн хувьд түргэн өсөлттэй, өндөр ашиг шимтэй малнуудын хоногийн нэмэгдэл жин нь хэд вэ гэдгээрээ өрсөлддөг аж. Учир нь, энд хонийг эхээс гарснаас хойш 3-4 сартайд нь маханд тушаадаг. Үхэр ч ялгаагүй. Ингэхийн тулд мэдээж фермер хүний малаа арчилж тордох байдал хамгаас чухал. Энэ тухай тусад нь бичнэ. 

    Ямартай ч Европын мал аж ахуйн тэргүүлэх үзэсгэлэнгийн анхаарлын төвд  монголчууд байж чадлаа.

    Sommet de l`elevage” мал аж ахуйн үзэсгэлэн бол бидний мэдэх зүгээр нэг малын үзэсгэлэн биш юм. Эндээс өндөр ашиг шимтэй малыг хэрхэн арчилж тордож, эрүүл хүнс үйлдвэрлэж, экспортолж, арвин орлого олж болдгийг бодитоор харлаа, монголчууд.

    Манай төлөөлөгчид эрүүл мал, экспорт гэдэг хоёр үг ямар чухал болохыг сэтгэлийн гүндээ тээж ирсэн гэдэгт итгэлтэй байна. Энэ бол бидний мал аж ахуйгаа эрчимжүүлэн хөгжүүлэх шинэ зам юм.





    И.ОТГОНЖАРГАЛ

     

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...