• Агробизнес

    Д.Есөн-Эрдэнэ: Улаан буудай аарцан болцын дунд үедээ байна

    Г.ГАНЧИМЭГ

              ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс ургац хураалтын бэлтгэл, цаг үеийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

              -Та саяхан газар тариалангийн бүс нутгаар хоёр ч удаа явж, цаг үеийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад ирсэн. Тариа буудай, төмс, хүнсний ногооны ургалт ямар шатандаа явна вэ. Ургац хэр хураах төлөвтэй байна вэ? 

              -Төв, Дархан-Уул аймгаар өмнө нь явсан. Сая Сэлэнгэ, Булган аймагт ажиллаад ирлээ. Хот, хөдөөгүй эрт ургацын төмс, хүнсний ногооны борлуулалтаа хийгээд эхэлчихсэн байгаа. Одоогийн байдлаар улаан буудайн хувьд аарцан болцын дунд үедээ явна. Ер нь цаг агаарын хувьд баруун болон зүүн аймгуудаар хур багатайг эс тооцвол тариалангийн төвийн бүс нутагтаа хур чийг сайтай байсан болохоор ургац боломжийн сайн авчихаар байна. Энэ сарын 20-ноос хойш ургац хураалтын урьдчилсан балансыг  тогтооно.

              -Энэ жилийн тариалалтыг таримлын төрлөөр нь авч үзвэл хэр хэмжээний тариалсан бэ?  

              - Нийт тариалалтын хэмжээг өнгөрсөн жилтэй харьцуулахад  30 орчим мянган га-гаар нэмэгдсэн. Улаан буудай 335 мянган га талбайд, төмс 18 мянган га-д, хүнсний ногоо 12.7 мянган га-д, тэжээлийн ургамал 80 гаруй мянга га-д, техникийн ургамал 120 мянга орчим га-д тус тус  тариалсан. Улаан буудайн ургацын хувьд төлөвлөсөн хэмжээндээ хангалттай ургац авчихаар байна. Төмсний тариалалт өнгөрсөн жилийнхээ хэмжээнд, хүнсний ногоо 1000 гаруй га-гаар нэмэгдсэн.

    -Сүүлийн жилүүдэд рапсын тариалалт улаан буудайн тариалалтыг нэлээд түрээд байна уу даа гэсэн яриа газар тариалангийн салбарт нэлээд сонсогдох боллоо. Ер нь цаашдаа рапсын тариалалтын дээд хязгаарыг заах ч юм уу зохицуулалт хийх үү?

      - Энэ жил техникийн ургамал 120 мянга орчим га талбайд тарьсан. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 10 орчим мянган га-гаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Тариалангийн талбай маань хэмжээ хязгаартай. Монгол орны нийт нутгийн 0.7 хувьд л газар тариалангийн салбар үйл ажиллагаа явуулдаг. Улсын нутаг дэвсгэрийн нэг хувьд ч хүрэхгүй хэмжээний талбайд үр тариа, улаан буудай, тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо тарьж байгаа гэсэн үг.

    Тосны ургамлын тариалалт нэмэгдээд байна гэдгийн тухайд энэ таримлын тариалангийн талбай ихэвчлэн зам дагуу байрлалтай байдаг. Рапс шар цэцэгтэй тул хүмүүст их содон харагдаж, сонирхлыг нь татаж, замд бууж суухдаа зураг хөргөө татуулж байгаа нь анзаарагддаг.

    Нийт талбайн 20 орчим хувьд рапсыг сэлгээний зориулалтаар технологийн дагуу тариалахад болохгүй зүйлгүй. Харин сэтгээгүй давтан тариалалт бол хөрсний үржил шимийг бууруулах хор уршигтай. Нөгөө талаас  стратегийн хүнс болох улаан буудайн тариалалт буурч болзошгүй байдаг. Тиймээс дээрх зөвлөмжийг өгч тариалуулдаг.

    -Энэ жилийн их бороо хур газар тариаланд хэр нөлөөлж байна вэ?

              -Уур амьсгалын өөрчлөлт газар тариалангийн салбарт хүчтэй нөлөөлж байна. Хавар их сэрүүхэн байсан учир тариалалт тодорхой хэмжээгээр оройтсон. Хур тунадас долдугаар сард төвийн аймгийн нутгуудаар хангалттай хэмжээнд байсан хэдий ч баруун болон зүүн аймгийн зарим сумдаар гантай байлаа. Энэ нь ургац алаг цоог авахад хүргэнэ. Гэтэл зарим газар үргэлжлэн орсон борооны улмаас голын ай сав дагуу дахь төмс, хүнсний ногооны талбай үерт өртсөн, зарим газарт тариа мөндөрт цохиулсан нь бий.

    -Энэ жилийн тариалалт болон үйлдвэрлэлд ямар шинэ технологи нэвтэрч байна вэ?  

    -“Хүнсний хангамжийн аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ жил анх удаа Засгийн газар арилжааны банкуудтай хамтран ажиллаж, хөдөө аж ахуйд хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн урт хугацаатай, хүү багатай зээл олгосноор үтрэмийн тоног төхөөрөмж авах, зоорь, агуулах, хүлэмж барих, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх зэрэг бүтээн байгуулалтын ажлууд нэлээд хийгдэж буйгаараа онцлогтой. Тариаланчид энэ жил ургацын чанараа дээшлүүлж, хөрсний үржил шимийг хамгаалах зорилгоор бордоог зохистой хэмжээнд хэрэглэж байна. Дээр нь ургамал хамгааллын бодис хэрхэн ашиглах, өвчин, хортноос урьдчилан сэргийлэх чиглэлийн ажил нэлээд хийгдэж байгаа. 

              -Үр шинэчлэхэд хэрхэн анхаарсан бэ?   

              -Энэ жил үрийн шинэчлэлд нэлээд анхаарсан. Үр шинэчлэлийн зориулалтаар 5600 тн элит үрийг хөнгөлөлттэй нөхцлөөр тариаланчдад олгож, үр шинэчлэхэд анхаарч ажиллалаа. Мөн Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан үр шинэчлэлт хийгдсэн. Нийт 12 мянган тн үрийг үр шинэчлэхэд зориулсан байна.  

               

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...