• Агробизнес

    ҮР ТАРИА, ТОС, ТЭЖЭЭЛИЙН УРГАМЛЫН ХУРААЛТ 5-7 ХУВЬТАЙ БАЙНА

    ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс  ургац хураалтын талаар тодрууллаа.

    -Ургац хураалт өнөөдрийн байдлаар ямархуу явцтай байна вэ?

    -Энэ жилийн ургац хураалт улсын хэмжээгээр есдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үр тариа зургаа хувь, төмс, хүнсний ногооных 40 орчим хувь, тос, тэжээлийн тарималынх 5-7 хувьтай явагдаж байна. Үүнийг өнгөрсөн жилийнхтэй  харьцуулахад үр тарианы ургац хураалт бага, төмс, хүнсний ногооных ижил хэмжээнд байна. Энэ сарын дундуур ихэнх нутгаар их хэмжээний усархаг бороо орсон нь ургац хураалтын ажил саатахад хүргэлээ. Улмаар ургац хураалт хойшлох, үтрэмд  нойтон тариа буух, хураалтын зардлууд нэмэгдэх зэрэг нөхцөл байдал үүсэж байна.

    -Цаг агаарын таагүй байдал ургацаа технологийн хугацаанд авахад хэр нөлөө үзүүлэх бол

    -Ургац хураалт технологийн хугацаатай. Харин уг хугацаанд хурааж дуусахын тулд зөвхөн газар тариалангийн салбарынхнаас гадна бусад салбар байгуууллагуудын хамтын хүч зайлшгүй хэрэгтэй болж байна. Тийм ч болохоор тариаланчдын зүгээс ургац хураалтад ажиллаж байгаа оюутан залуус, цэргүүдийн ажиллах хугацааг нь сунгаж өгөх, эрчим хүч, шатахуун, түлшний ханган нийлүүлэлтийг тогтвортой байлгах хүсэлтүүд ирүүлсэн. Үүний дагуу ХХААХҮЯ-нд  ажиллаж байгаа Ургац хураалтын штаб дээр тодорхой мэдээллүүдийг аваад холбогдох яам, төрийн байгууллагуудад хүргүүлж ажиллаж байна.

    -Ургац хураалтын асуудалд дорвитой анхаарахгүй бол хүндрэл үүсэж болзошгүй байна. Засгийн газрын хуралдаанаас ямар  шийдвэрүүд гарсан бэ?

    -Засгийн газрын хуралдаанаас дээр дурьдсан ургац хураалтад ажиллаж байгаа хүмүүсийн ажиллах хугацааг нь тодорхой хэмжээгээр сунгах, ханган нийлүүлэлтүүдийг тогтвортой байлгах зэрэг даалгаврыг холбогдох яамдуудад өгсөн.

    Мөн бороо, цас орж, эрс хүйтэрч байгаатай холбоотойгоор ургац хураалтын ажил саатаж байгаа тул малчид талбайд мал оруулахгүй байх тал дээр онцгой анхаарч, хариуцлагатай байх хэрэгтэй. Аймаг, сум, орон нутгийн Засаг үахиргааны удирдлага, ажилтан, албан тушаалтнууд ч гэсэн анхаарч ажиллах шаардлага бий. Ургацаа болж өгвөл бүрэн хурааж авах, хөлдөж хайрагдахаас урьдчилан сэргийлэх ажлуудыг ч мөн зохион байгуулаад явж байна.

    -Цаг үеийн нөхцөл байдалтай холоотойгоор “Хөдөө аж ахуйн корпорац”-ын зүгээс тариаланчдад дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа гэж сонссон. Ямар дэмжлэгүүд байгаа вэ?

    -ХХААХҮЯ-ны харьяа Хөдөө аж ахуйн корпорац төрийн өмчит компанийн зүгээс ургац хураалтад дэмжлэг үзүүлэх хүрээнд улаан буудайн худалдан авалтаа хийгээд эхэлсэн байгаа. Мөн цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбоотойгоор газар тариалан эрхлэгч нараас 100 километр доторх буудайн тээврийн зардлыг авахгүй байх шийдвэрийг ч тус компанийн зүгээс гаргасан. Хүйтэн бороо, нойтон цас орсны улмаас улаан буудайн иш налах тохиолдол гардаг. Тиймээс налсан буудайн иш өргөгч төхөөрмжийг хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр худалдан авах боломжийг ч тариалан эрхлэгчдэд олгож байна. Сүүлийн  өдрүүдэд их хэмжээний бороо орсон. Үүний улмаас хатаалга хийх зайлшгүй шаардлага үүссэн. Тиймээс  Хөдөө аж ахуйн корпорацийн харьяа орон нутгийн дөрвөн салбарт буудайг хатааж өгөх үйлчилгээг үзүүлээд эхэлсэн.

    -Энэ жил улс улаан буудайн үнийг хэдэн төгрөгөөр тогтоосон бэ?

    -Хөдөө аж ахуйн корпорац” төрийн өмчит  компанийн хувьд улаан буудайг ангиллаас нь хамаарч 920.000-1.100.000 төгрөгийн хооронд худалдан авч байна. Нэмээд дээр хэлсэн 100 километр доторх тээврийн зардлыг нь  хариуцах шийдвэр гаргасан.

    -Энэ жил ургац хураалтын ажилд хэчнээн оюутан залуус оролцож байгаа вэ?

    -Энэ жилийн хураалтад оюутнууд идэвхтэй сайн оролцож байна. Одоогийн байдлаар нийтдээ 3300 орчим оюутан ургац хураалтад оролцож байгаа. Мөн цаг агаарын байдлаас болоод  ургац хураалт саатаж байгаатай холбоотойгоор технологит ажлууд нь үлдчихээд байна. Тиймээс оюутан залуусын амжиллах  хугацааг нь сунгаж өгөх саналыг их, дээд сургуулиуд болон БСШЯ-нд тавиад яриа хэлцэл хийж байна.

     

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...