Д.НАСАНЖАРГАЛ: БИД ЧАЦАРГАНЫН АЗИЙН БҮСИЙН ХУРЛЫГ МОНГОЛД ХИЙНЭ
Монгол оронд шинжлэх ухааны үндэслэлтэй жимс жимсгэнийн
салбар үүсэж хөгжсөний 70 жилийн ой энэ онд тохиож буй аж. Тэгвэл өдгөө бүтэн
нэгэн жаран илүү жилийн хугацааг илээсэн жимсний аж ахуйн хөгжлийн үр дүн
өнөөдөр ямар байна вэ. Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 7000 гаруй га-д
жимс жимсгэнийн тариалалт хийж, дотоодын хэрэгцээнийхээ дөнгөж гурван хувийг хангах хэмжээнд байна. Өөрөөр
хэлбэл, жимсний хэрэгцээнийхээ 97 хувийг импортолж, жилдээ 50-60 сая ам.доллар
гадагш урсгаж байгаа билээ. Тэгвэл энэ байдалд
хэзээ, хэрхэн өөрчлөлт авчрах вэ?
Ямартаа ч Монголын жимс жимгэний үндэсний холбооны зүгээс
энэ онд тохиох 70 жилийн ойгоо бүтээлч ажлуудаар угтахаар төлөвлөн ажиллаж
эхэлжээ. Энэ талаар Монголын жимс жимсгэний үндэсний холбооны тэргүүн
Д.Насанжаргалтай ярилцлаа.
-Өнөөдөр танай жимсний салбарынхан хот, хөдөөнөөс олуулаа цуглаж "Жимс жимсгэнийн тариаланд баримтлах Хөдөө аж ахуйн зохистой дадал" сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Энэ сургалт, хэлэлцүүлгийн онцлог, ач холбогдол юу байх вэ?
-Хот, хөдөөгийн
оролцогчдыг өргөн бүрэлдэхүүнтэй хангасан, идэвх оролцоо сайтай, цаг үеэ олсон хурал
болж байна. Орон нутгаас тариаланчид нэлээд ирсэн үү?
-Тийм, нэлээд өргөн болж байна. ХХААХҮЯ-ны зүгээс дэмжиж
орон нутгууд руу сургалт, хэлэлцүүлэгт хамрагдах талаар бичиг хүргүүлсэн болохоор манай орон
нутгийнхан нэлээд идэвхтэй хамрагдаж байна. Түүнчлэн зөвхөн тариаланчид биш эх
орны хөрсөнд ургуулсан жимс жимсгэнээр төрөл бүрийн бүтээгдэхүүн хийж, дотоод гадаадын зах зээлд
нийлүүлдэг боловсруулах үйлдвэрийнхнийг
хамруулсан. Дээр нь ХААЗД-ын үйлчилгээ, зөвлөгөө өгч, баталгаажуулалт хийдэг
компаниудын төлөөллийг бас урьж, зөвлөгөө өгүүлж байна. ХААЗД-ыг нэвтрүүлэхэд
агротехник, механикжуулалт талаасаа ургамал хамгааллын бодис, бордоог зохистой
хэрэглэх зэрэг сэдвээр ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн докторууд сургалт
хийлээ. Мөн Монголын жимс жимсгэнийн салбарт тариалж байгаа талбайн хэмжээ,
хийж бүтээж байгаа зүйлээрээ тэргүүн эгнээнд манлайлж буй “Хархорин” компани
ХААЗД-ыг түрүүлж нэвтрүүлсэн. Тус компанийн зүгээс ХААЗД-ын стандартыг
нэвтрүүлэхэд ямар хүндрэл бэрхшээл, давуу тал байсан тухай туршлагаа
хуваалцлаа. Мөн жимс жимсгэнээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудаар
“Еден” компанийн захирал санал, дүгнэлтээ бодит нөхцөл жишээн дээр ярив. Жимс жимсгэнийн өртгийн сүлжээ сэдвээр
бидэнтэй олон жил хамтран ажиллаж байгаа МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн
захирал Х.Цэвэлмаа доктор мэдээлэл хийлээ. Ингээд энэ сургалт, хэлэлцүүлгээс
оролцогчид цогц мэдлэг мэдээлэлтэй болоод гарна байх гэсэн хүлээлт байна.
Сургалтыг бид үүгээр зогсохгүй. Жимс жимсгэнийн технологийн үе шатны ажлуудтай
холбоотой тухайн цагт нь цахим болоод танхимын сургалтууд хийнэ. Тухайлбал,
ургамлын хортон шавж, өвчинтэй тэмцэх сургалтыг тавдугаар сарын сүүлчээр, суулгац
үржүүлэх сургалтыг зургадугаар сард, намар хураалтынхыг гэх зэргээр хийхээр
төлөвлөсөн.
-70 жилийн замналтай
жимс жимсгэнийн салбарт тулгамдаад буй ямар асуудал байна. Яагаад бид 97 хувийн
импортыг бууруулж болохгүй байна вэ?
-Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчинд
анхаарах шаардлага байна. Өнөөдөр бид 7000 гару га талбайд жимс тариалаад
байгаа мөртлөө энэ нь таримал ойтой адилхан үнэлэгддэг эрх зүйн орчин байхгүй.
Дараагийн асуудал, Монголын газар тариалангийн салбарт үр тариа, хүнсний
ногоонд борлуулалтын тонн тутамд урамшуулал өгдөг болсон. Тариалангийн салбарт
ганцхан жимсний тариалан урамшуулалгүй үлдсэн байгаа.
Түүнчлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчид зориулалтын техник тоног төхөөрөмж худалдан авахад төсвөөс үнийн дүнгийн 50 хувийг нь буцаан олгодог болсон. Энэ журамд мөн жимс жимсгэнэ хамаарагдахгүй байна. Ядаж жимс тариалагчдын боловсруулах үйлдвэр болон сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлсэн жимсэнд зохих хэмжээний урамшуулал олгодог болмоор байгаа юм.
-“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний
хөдөлгөөний хүрээнд газар тариалангийн бүх л салбарт хөнгөлөлттэй зээлийн
хэмжээ тавьсан байсан. Танай салбарынхан тэр зээлээс аваагүй гэсэн үг үү?
-Хүнсний хангамж, аюулгүй байдал хөдөлгөөний хүрээнд
ногоо, жимсний тариаланд гээд зээлийн дүн тавьсан. Нөгөө талаасаа жимсний
тариалалт шинэ тутам болохоор аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн үзүүлэлт
арилжааны банкны шалгуур хангах хэмжээнд очих хараахан болоогүй байна.
Жимсний тариалан ногоотой адилхан жилдээ орлого олдоггүй.
Суулгац үржүүлгээс авахуулаад жимсээ бүрэн өгөх хүртэл жишээ нь үхрийн нүд дөрөв,
чацаргана тав, алим, лийр, тоор, чавга гэх мэт үрт болон яст жимс бүр 5-6
жилийн дараа өгөөжөө өгч, цаашдаа ургац
нь жигдэрдэг. Тиймээс жимсний тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн
хөрөнгө, хугацаа шаарддаг тул урт
хугацаатай, хөнгөлөлттэй санхүүгийн дэмжлэг чухал. Манай орны байгаль цаг уурын
эрс тэс нөхцөлд аливаа таримал ургамал түүний дотор жимс жимсгэнийн хувьд
сортын сонголт, эх орны бүс нутгуудын онцлог нөхцөлд зохицсон сортуудын
нутагшуулалт болон шинээр бүтээх замаар суулгацын үржүүлгийн хангамж хүрэлцээг
дотооддоо шийдвэрлэх асуудал нэн чухал.
-Жимсийг ойрын
хугацаанд хэр хэмжээнд тариалбал дотоодын үйлдвэрлэлийн хэмжээнд ахиц гарахуйц
нэмэгдүүлж болох вэ?
- ХХААХҮЯ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд 20 мянган га-д хүргэх зорилт
тавьсан. Гэсэн хэдий ч олигтой нэмэгдэхгүй байна. Том үйлдвэрлэлээс илүүтэй
өрхийн болоод эдлэнгийн, зохистой хэмжээтэй төрөлжсөн жимст цэцэрлэгийн тариалан
ахиу хөгжих юм бол жимс жимсгэнийн дотоодын үйлдвэрлэлд ахиц гарна. Эдлэнгийн
гэдэг нь иргэд зуслангийнхаа хашаанд, өрх бүр хэрэгцээний жимсээ тарьдаг болох
хэрэгтэй. Магадгүй малчид ч тариалж болно.
-Ой угтсан ажлын
талаар асууя. Олон бүтээлч ажил хийхээр байгаа гэсэн. Ямар ажлууд хийх вэ?
-Ой угтсан ажлаа өнөөдрийн сургалт, хэлэлцүүлгээр эхэлж
байгаа тухай дээр хэлсэн. “Намрын ногоон өдрүүд”-ээр жимс жимсгэнийн тодорхой
өдөрлөг зохион байгуулж, хөдөлмөр хөнгөвчлөх техник тоног төхөөрөмж, суулгацын
үзэсгэлэн гаргана. Салбарынхныхаа тус арга хэмжээний идэвх оролцоог нь ч үнэлж
дүгнэнэ.
Аравдугаар сарын сүүлчээр ойгоо тэмдэглэх юм. Тэр үеэр “Азийн бүсийн
чацаргана болон бусад жимсний таримал, зах зээлийн хөгжил” сэдэвт олон улсын
эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөж байна. Олон улсын
чацарганын холбоо БНХАУ-д төвтэй үйл ажиллагаа явуулдаг. Уг холбоо Хятадын Усны
аж ахуйн яамны бүрэлдэхүүнд шахуу байдаг. Манайхаас бусад улсад төрөөс ТББ-ыг дэмжээд явдаг л даа. Манай зүгээс тус холбоонд Азийн хурлыг Монголд хамтран зохион байгуулах хүсэлт, холбогдох мэдээллээ өгсөн. Чацаргана болон бусад жимс
жимсгэнийн чиглэлээр судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, зах зээл маркетинг гээд
тулгамдаж байгаа бүхий л чиглэлээр хэлэлцэх өргөн хүрээтэй онол-үйлдвэрлэлийн
хурал болно.
Түүнчлэн бид “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд моод болгож
яриад байгаа Агро ойн аж ахуй, дутуу дулимаг хийгээд буй хамгаалалтын ойн
зурвас эсвэл төрөлжсөн жимст цэцэрлэг үржүүлгийн газруудыг бүс нутгуудад
хөгжүүлэх чиглэлээр санаачилга гаргаад ажиллаж эхэлсэн. Түүнийгээ төр засаг,
төсөл хөтөлбөр, уул уурхайн компаниудаар дэмжүүлэх асуудалд ч анхаарна. “Тэрбум
мод”-ны хүрээнд мод тарихдаа олон талын
ач холбогдолтой буюу ажлын байр бий болгодог, өрх болоод аж ахуйн нэгжийн орлогын
эх үүсвэр нэмэгддэг дээр нь хүнсээ хангаж, байгалиа хамгаалж, импортыг орлох
цаашдаа экспортыг нэмэгдүүлэх зүйл хийх нь чухал байгаа. Бидний зүгээс энэ
асуудлыг холбогдох газруудад хэлж ярьж яваа.
-Жимст цэцэрлэгүүд
байгуулах гэдэг тун сонирхолтой, бүтээлч санаачилга байна. Бүс нутгуудаар гэхээр хаана хаана хийх
вэ?
-Дөрвөн газарт хийхээр товлосон. Улаанбаатарт Үндэсний
цэцэрлэгт хүрээлэнд хот суурин газрын хүүхэд, залууст зориулсан танин мэдэхүйн
жимс жимсгэнэ, гоёл чимэглэлийн ургамлаас бүрдсэн цэцэрлэг байгуулна.
Дараагийнхыг нь Төв аймгийн Жаргалант
суманд хийнэ. Төлөвлөгөөт эдийн засгийн үед тус сум томоохон алимны аж
ахуйтай байсан. Энэ аж ахуйг сэргээн
хөгжүүлье гээд сум, орон нутгийн удирдлагууд, Байгаль орчныг хамгаалах холбоо,
ХААИС-тай хамтраад нэлээд эрчимтэй ажиллаж байна. Мөн социализмын үеийн Сэлэнгийн Шаамарын жимсний аж ахуйгаас одоо
ганц төмөр хаалга л үлдсэн. Тэр бүс нутагт газар сонгоод жимсний тариалалтад
тулгуурласан агро ойн аж ахуй байгуулна. Дөрөв дэх нь Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд байх юм.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 180 сая мод тарих ТЭЗҮ-ийг ХААИС болоод хоёр
ТББ хамтарч хийж өгсөн. Тэр хүрээндээ говийн бүс нутагт жимс үржүүлгийн агро
ойн аж ахуй байгуулахаар төлөвлөсөн байгаа.
Мөн хэвлэл мэдээллээр жимсний салбарын хөгждийн 70
жилийн үүх түүхээ сурталчилан таниулна. Салбарын тэргүүний эрдэмтэн, судлаач,
үйлдвэрлэгч, тариалагчид, ахмадынхаа туршлагыг сурталчилна. Түүнчлэн жимс
жимсгэнийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудаар хэлэлцүүлэг хийнэ. Хэлэлцэгдэж
байгаа хууль эрх зүйн төслүүдэд оролцоогоо сайн ханган ажиллана. Жишээлбэл, Ойн
тухай хуулийн шинэчилсэн найруулгад бид таримал ойн асуудлыг нэмж оруулахаар санал
солилцож байгаа. Иймэрхүү байдлаар ой
угтсан ажлууд хийхээр ажиллаж байна. Аливаа ойг зүгээр нэг тэмдэглээд өнгөрөх
биш, хүмүүстээ урам өгсөн, аж ахуйн нэгж,
үйлдвэрлэгчдээ алдаршуулсан үйл ажиллагааг орхигдуулахгүйг бодож олон зүйл
төлөвлөн ажиллаж байна.