• Агробизнес

    Т.БАТТУЛГА:"Agro Expo 2024”-ийг гурван чиглэлээр зохион байгуулна

    Монголын хөдөө аж ахуйн салбарт агро гэдэг утгаар нь дагнан, тогтмол зохион байгуулах болсон “Agro Expo 2024" олон улсын үзэсгэлэнг энэ оны зургаадугаар сарын 07-09-нд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан тус ЭКСПО-г  зохион байгуулагч “Экспо Монгол” компанийн ерөнхий захирал Т.Баттулгатай ярилцлаа


    - “Экспо Монгол” компани уул уурхай, барилга, хөдөө аж ахуй гээд төрөл бүрийн чиглэлээр хурал, үзэсгэлэнг олон улсын “амбийцтай” зохион байгуулдаг. Танай арга хэмжээнүүд олон нийтэд танигдсан. Он гарсаар хоёр ч үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа. Дараагийн үзэсгэлэнгийнхээ талаар ярихгүй юу?


    -“Экспо Монгол” ХХК нь Монгол улсын эдийн засгийн гол салбаруудад бизнесийн хамтын ажиллагааг дэмжих, технологийн дэвшил нэвтрүүлэх зорилготой худалдааны үзэсгэлэн, нетворкингийн арга хэмжээг бий болгон хөгжүүлж мэргэжлийн байгууллага. Бид жил бүр Mongolia Mining, Build Mongolia, Agro Expo, Beauty expo зэрэг салбар салбарын бизнесийг холбох гүүр болох зарчмаар арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж байна. Эдгээрээс олон улсын хөдөө аж ахуйн Agro Expo үзэсгэлэнг ирэх зургаадугаар 7-9-нд Улаанбаатар хотод “Буянт-Ухаа” спорт ордонд зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.


    -“Agro Expo 2024" үзэсгэлэнгийн энэ жилийн онцлог юу байх вэ. Ямар байгууллагууд оролцох боломжтой вэ?


    -“Agro Expo 2024" нь Монголын хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар дахь хамгийн чухал үзэсгэлэн. Бид анх 2019 онд Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор “Агро Экспо” үзэсгэлэнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран зохион байгуулсан. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, газар тариалангийн техник, тоног төхөөрөмж, дэлхийн шилдэг үр тарианы сортууд, мал амьтны үүлдэр угсаа зэргийг танилцуулдаг. Ингэснээр үйлдвэрлэгчийг хэрэглэгчтэй, техник технологи нийлүүлэгчийг үйлдвэрлэгчидтэй, импортлогчийг дотоодын зах зээлтэй, Монголын хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүнийг гадаад зах зээлтэй холбох хамтын ажиллагаа, маркетингийн чухал орчинг бий болгох зорилготой ажилладаг. 

    Монгол улс бол хөдөө аж ахуйн орон. Гэхдээ хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадвар дэлхийн хөгжилтэй харьцуулахад бүтээмжээр ч, технологиор ч ихээхэн хоцрогдолтой. Тиймээс бид “Agro Expo” үзэсгэлэнд  газар тариалангийн сүүлийн үеийн машин механизм, тоног төхөөрөмж, хүлэмжийн аж ахуйн технологи, ногоо, үр тарианы үр бордоо, мал аж ахуйн бүтээгдэхүүн, эрчимжсэн мал аж ахуйн тоног төхөөрөмж, малын тэжээл, органик хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулж, хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлэхийг зорьдог.

    Үзэсгэлэн хөдөө аж ахуйн үндсэн хоёр салбар болох газар тариалан, мал аж ахуйн салбарыг хамарч ирсэн бол өнөө жилээс гурав дахь салбар буюу Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлийн салбарыг нэмж оролцуулан зохион байгуулна. Тиймээс “Agro Expo 2024” үзэсгэлэн:

    1. Газар тариалан 

    2. Хөдөө аж ахуй

    3. Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. 

    Ойн аж ахуйн, цэцэрлэгжүүлэлтийн бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг үйлчилгээг танилцуулах, ойн аж ахуйн тоног төхөөрөмж, суулгац, цэцэрлэгжүүлэлт, зүлэг, цэцгийн үр нийлүүлэгчдийг бүтээгдэхүүнийг сурталчлах боломж олгоно. Тийм учраас мод тарьж ургуулах, байшин барилга, гэр орныхоо эргэн тойрныг цэцэрлэгжүүлэн тохижуулах гэсэн хүмүүсийн хувьд ч “Agro Expo” заавал очих ёстой арга хэмжээ боллоо гэсэн үг.


    -Олон улсын байгууллагуудын оролцоо хэр байна? 


    -Үзэсгэлэнд үндэсний хөдөө аж ахуйн хамгийн шилдэг компаниудаас гадна энэ жилээс Хятад, Солонгос, Герман, Орос, Малайз, Америк, Сингапур зэрэг орнуудын 100 орчим компани оролцож, Монголын хөдөө аж ахуйн салбарт бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөө танилцуулна.

    “Agro Expo 2024” үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр “Мөнх ногоон тал” ХХК, дэмжигч байгууллагаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын тариаланчдын үндэсний холбоо хамтран ажиллаж байгаа. Мэдээллийн түншээр Герман - Монголын Бизнес эрхлэгчдийн холбоо, “Шинэ өсөлт” сэтгүүл, agronews.mn вэб сайт дэмжин ажиллаж буйд талархаж байна.


    -Монголын хөдөө аж ахуйн салбарын олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг та  хэрхэн хардаг вэ. “Agro Expo” үзэсгэлэн үүнд ямар үүрэг гүйцэтгэх вэ?


    -Хөдөө аж ахуйн салбар бол Монгол улсын нээгдээгүй үүц. Монгол улс ирээдүйд дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж чухамхүү энэ салбарт байгаа. Газар байхад хүнс бий болдог. Бидэнд газар тариалан, мал аж ахуйг өндөр түвшинд хөгжүүлж, дэлхийн зах зээл дээр гаргах өргөн уудам газар нутаг байна. Хязгааргүй том зах зээл дэргэд байна. Гагцхүү технологи л хэрэгтэй. Энэ салбарт орчин үеийн технологи нэвтрүүлэх гэж л бид “Agro Expo” үзэсгэлэнг зохион байгуулдаг. 

     


    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...