• Эдийн засаг

    Генийн өөрчлөлттэй эрдэнэ шиш болон буурцгийг тариалахыг Хятад зөвшөөрөв

    БНХАУ-ын ХАА-н үрийн сорт баталгаажуулах үндэсний хороо энэ 2022 оны зургадугаар сарын дундуур нэгэн шийдвэр гаргасан нь хүнсчдийн анхаарлыг татаж байна. Тус хорооны шийдвэрээр генийн өөрчлөлтөөр гаргаж авсан эрдэнэ шиш болон шар буурцагны үрийн стандартыг баталж, үйлдвэрлэлд ашиглахыг зөвшөөрсөн байна.

    Хятад улсын хууль журмын дагуу аливаа төрлийн ургамлыг худалдаалах зорилгоор тариалахын тулд хоёр төрлийн зөвшөөрөл байх ёстой. Үүнд, нэгд, аюулгүй байдлын гэрчилгээ, хоёрт, ургамлын тухайн сортыг тариалахыг зөвшөөрсөн гэрчилгээ юм. Эрдэнэ шишийн болон шар буурцагны генийн өөрчлөлтөөр гаргаж авсан хэд хэдэн сорт 2019 онд Аюулгүй байдлын гэрчилгээгээ авсан байсан боловч сортыг тариалах зөвшөөрөл олгогдоогүй байсан юм. ХАА-н үрийн сорт баталгаажуулах үндэсний хорооны зургадугаар сарын хурлын шийдвэрээр сортыг тариалах зөвшөөрөл олгогдож байгаа юм.

    Үүнээс өмнө генийн өөрчлөлтөөр гаргаж авсан үрээр тариалсан эрдэнэ шиш, шар буурцгийг Хятад улс импортоор авч дотооддоо тариалахыг зөвшөөрөөгүй байсан. Энэ шийдвэрийн талаар мэдээлэл бараг цацагдаагүй бөгөөд “Хятад улс генийн өөрчлөлтөөр гаргаж авсан эрдэнэ шиш, шар буурцагны үрийн тариалалтыг бүх талаар дэмжинэ” гэж ХАА-н үрийн сорт баталгаажуулах хороо шийдвэрээ тайлбарлажээ.

    Энэ шийдвэр Хятад улсын хүнсний хангамжид том өөрчлөлт авчирна гэж дэлхийн хүнсчид үзэж байна. Хятад үр тарианы ургамал, тосны ургамлын тариалалтаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах том зорилтоо хэрэгжүүлэхэд энэ шийдвэр чухал түлхэц болохыг онцолж байна. Генийн өөрчлөлтөөр гарган авсан үрээр тарьсан эрдэнэ шиш, шар буурцгийг Хятадад импортолж байсан улсуудад юун түрүүн энэ шийдвэр нөлөөлөхөөр байна. Цаашдаа Хятад улс эрдэнэ шиш, шар буурцагны экспорт хийж эхэлвэл дэлхийн зах зээлийн үнэд нөлөөлнө гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар эрдэнэ шишийн экспортоор Өмнө Африк тэргүүлдэг. Өмнө Африкийн эрдэнэ шишийн гол худалдан авагчид нь Азийн улсууд, тухайлбал, Өмнөд Солонгос, Япон, Тайвань, Вьетнам юм. Хятадын тариалалтын хэмжээ нэмэгдэж экспортолж эхлэхэд Азийн эдгээр улс Хятадаас импортлох магадлал өндөр юм.

    Генийн өөрчлөлтөөр гарган авсан эрдэнэ шишийн тариалалтаар Өмнөд Африк, АНУ, Аргентин, Бразил өнөөдөр толгой цохиж яваа. Генийн өөрчлөлтөөр гарган авсан үрийг тариалах нь ургацыг нэмэгдүүлэхээс гадна инсектицидийн хэрэглээг багасгаж, хөрсний боловсруулалтыг экологид хор хөнөөл багатай аргаар хийх зэрэг эдийн засгийн ач холбогдолтой байдаг.

    2021 оны байдлаар Хятад улс дэлхийн эрдэнэ шишийн импортын 13%, шар буурцагны импортын 60%-ийг дангаар эзэлсэн байна.

    Ойрын хоёр жилдээ Хятад улс генийн өөрчлөлттэй эрдэнэ шиш, шар буурцагны экспорт хийх хэмжээнд хүрэхгүй байх гэсэн таамгыг хүнсчид хийж байгаа боловч Хятад улс ургамлын үрийн генийн сайжруулалтыг удаан хугацаанд хийж ирсэн.

    Генийн өөрчлөлтөөр гарган авсан үрийг тариалалтад хэрэглэх эсэхэд улс орнууд өөр өөр хандаж ирсэн. Харин Өмнөд Африк БНУ энэ чиглэлд өөр бодлого барьсан бөгөөд анхнаасаа тариалалтыг чөлөөтэй явуулсан. Олон улсын Үрийн зөвлөлийн мэдээгээр Өмнөд Африк 2001 оноос харьцангуй бага буюу 2,5 сая гектар талбайд генийн өөрчлөлтөөр гарган авсан эрдэнэ шиш тариалж эхэлжээ. Үүнээс өмнө нэг гектараас 2,4 тонн эрдэнэ шиш хурааж байсан бол 2020-2021 оны тариалалтын жилд энэ үзүүлэлт 5,6 тонн байгаа юм.

    А.ЧАНДМАНЬ

    Эх сурвалж: https://www.oilworld.ru/news/331022

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...