• Агробизнес

    ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД УСНЫ ХЭМНЭЛТ БИЙ БОЛГОХЫГ УРИАЛЛАА

    Аравдугаар сарын 16. Энэ бол “Дэлхийн хүнсний өдөр”. Эл өдрийг энэ жил дэлхий нийт  “Ус бол хүнс, Ус бол амьдрал” уриатайгаар тэмэдэглэж байна.

    Монгол дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн /ХХААБ/-ын зүгээс өнөөдөр/2023.10.16/ өглөө Байгалийн түүхийн музейд УИХ, Монгол Улсын Шадар сайд, Засгийн газар болон донор байгууллагын төлөөлөгчдийг урин дээрх тэмдэглэлт өдрийн нээлтийг хийлээ.

          Нээлтийн үеэр Монгол дахь НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа хэлсэн үгээ “Ус бол бидний мэдэж байгаачлан амьдралын эх үүсвэр. Усгүйгээр хүнсний баталгаат байдал, тогтвортой хөгжил гэж үгүй” хэмээн эхлүүлсэн юм.

     Дэлхийн гадаргын 71 хувь ус хэдий ч түүний зөвхөн 2.5 хувь нь л цэнгэг ус юм. Энэхүү цэнгэг усны 72 хувь хөдөө аж ахуй буюу бидний идэж, хэрэглэж буй хоол хүнсний үйлдвэрлэлд зарцуулагдаж байна. Тухайлбал, нэг зүсэм талх хийхэд 42 литр ус зарцуулдаг бол нэг лааз шар айраг үйлдвэрлэхэд 202 литр ус зарцуулагддаг аж. Энэ мэтчилэн хүн бүр өдөрт 2000-5000 литр ус ашиглаж үйлдвэрлэсэн хүнсийг хэрэглэдэг байна.

         Тиймээс НҮБ-ын ХХААБ-аас энэ талаарх олон нийтийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор энэ  сарын 16-20-нд Байгалийн түүхийн музейд “Ус бол хүнс” сэдэвт үзэсгэлэн гаргаж буй юм.

    НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужагийн “Дэлхийн хүнсний өдөр”-өөр яагаад усыг онцолж байгаа талаар ялангуяа хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ашиглаж байгаа устай холбоотой санаа зовоох болсон тоо баримт, асуудлыг олны анхааралд хүргэж хэлсэн үгэндээ дэвшүүлсэн хоёр гол санааг онцлон хүргэе.

     НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа:

    Усны хэмнэлтэд чиглэсэн инновацын судалгаа, хөгжүүлэлтийг дэмжих шаардлагатай байна

    Цэвэр усны 70 хувь нь хөдөө аж ахуйд зарцуулагддаг тул бид хүнсний системээ дорвитой өөрчилж, хүнс, даавуу болон бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх арга хэлбэрээ өөрчлөх шаардлагатай байна. Би одоо хүнсний тогтолцооны өөрчлөлтийн нарийн төвөгтэй байдлын талаар ярилгүй, харин үндсэн хоёр мессежийг танд үлдээхийг хүсэж байна.

          Нэгдүгээрт, хөдөө аж ахуйн усны хрэглээний хэмнэлтийг дээшлүүлэх. Сайн мэдээ гэвэл эрдэмтэн судлаачид ус хэмнэх гайхалтай олон төрлийн технологийн шийдлийг бүтээсэн байдаг. Хуучны системд усны 50 хувь нь хөрсний гадаргуугаас ууршиж, ургамалд очдоггүй байв. Харин орчин үеийн зарим системд бид усны 90 хувийг алдалгүйгээр ургамал руу хүргэх боломжтой. Энэ хүчин чармайлтыг “дусал бүрээс илүү ургац” гэж нэрлэдэг. Зөвхөн эрдэмтэд ч биш, говь зэрэг усны хомсдолтой бүс нутгийн олон тариаланч, малчид ус хэмнэх, ус хураах уламжлалт аргуудыг боловсронгуй болгох туршлагатай байх нь ч бий. Тиймээс бидэнд мэдлэг, мэдээлэл байна. Харин юу хэрэгтэй вэ гэхээр Засгийн газрын дэмжлэг, ялангуяа инновац, усанд чиглэсэн ногоон инновацын судалгаа, хөгжүүлэлтийг дэмжих шаардлагатай байна. Инновацлаг шийдлүүд нь ашиглалтыг оновчтой болгож, нөхөн сэргэлтийг нэмэгдүүлэх замаар усны нөөцийг хамгаалах боломжтой. Энэ нь хөдөө аж ахуйн бүтээмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ байгаль орчинд учруулах хор хөнөөлийг багасгаж, улмаар усанд хэмнэлттэй, эрсдэлд тэсвэртэй нийгмийг бий болгоно.

    Хүнсний хэрэглээ, сонголтоо нухацтай бодож, хүнсний хог хаягдлыг багасгах хэрэгтэй

    Хөдөө аж ахуйн салбарт усны хэмнэлтийг нэмэгдүүлэхээр маш их хичээл зүтгэл гаргасан ч усны тогтвортой байдалд хүрэхэд хэцүү байх болно. Иймээс би хоёр дахь санаагаа хэлмээр байна.

           Бид хүнсний хэрэглээ, сонголтоо нухацтай бодож, хүнсний хог хаягдлыг багасгах хэрэгтэй. Энэ нь хооллолтоо өөрчлөх гэсэн үг юм. Идэж буй хоол хүнс нь бидний жолооддог авто машинаас илүү байгаль орчинд нөлөөлдөг тул нүүрстөрөгчийн ул мөрөөс гадна усны ул мөрийн талаар бодолцох хэрэгтэй. Буурцаг, жимс жимсгэнэ, хүнсний ногоо түлхүү орсон хоолны дэглэмд шилжсэнээр усыг ихээхэн хэмнэж чадна. Үүнтэй уялдаад хүнсний хог хаягдлаа багасгах хэрэгтэй. Дараагийн удаа хоол хүнсээ хогийн саванд хийхдээ дахин нэг бодоорой. Сүүлийн үеийн судалгаагаар дэлхий даяар жил бүр хаягддаг 1.3 тэрбум тонн хүнсний бүтээгдэхүүн нь 170 их наяд литр усыг хаясантай тэнцдэг гэж тооцоолжээ. Энэ нь хөдөө аж ахуйд хэрэглэж буй нийт усны 24 хувийг эзэлж байгаа юм.

    Эцэст нь би Махатма Гандигийн хэлсэн үгээр өөрийн яриагаа өндөрлөмөөр байна. “Эх дэлхий, агаар, хөрс, ус нь бидний өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн зүйл биш, харин үр хойчоосоо түр зээлсэн зүйл. Тиймээс ядаж бид ирсэн шиг нь үлдээх ёстой” гэлээ.

    НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) 1945 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ба энэ өдрийг өдгөө 43 дахь  жилдээ тэмдэглэж байна.

    Түүнчлэн 77 жилийн түүхтэй НҮБ-ын ХХААБ-ын  Монгол Улстай хамтын ажиллагаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Учир нь 50 жилийн өмнө буюу 1973 оны арваннэгдүгээр сард Ром хотноо болсон тус байгууллагын XVII бага хурлаар Монгол Улс гишүүнээр элссэн нь ийнхүү хагас зуун жилийн үр дүнтэй, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг бий болгосон байна.

    Дээрх нээлтийн арга хэмжээний үеэр НҮБ-ын ХХААБ-ын 50 жилийн хамтын ажиллагааны ойн хүрээнд гаргасан маркыг мөн танилцуулсан юм.

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...